horoscope
horoscope
horoscope
userАДМИН

Д.Энхтүвшин: Шинэчилсэн тарифаар айл өрхийн сарын эхний 150 кВт.ц хүртэлх хэрэглээг 175 төгрөгөөр тооцно

post-img

Эрчим хүчний зохицуулах хорооны мэргэжилтэн Д.Энхтүвшингээс цахилгаан эрчим хүчний үнэ тарифын шинэчлэлийн талаар тодрууллаа.

-Хэрэглэгчийн цахилгаан, дулааны тарифыг шинэчлэхдээ айл өрхүүдэд хүнд тусахгүй байхаар ямар зохицуулалт хийсэн бэ?

-Цахилгааны шинэ тарифыг 2024 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрөөс, дулааны тарифыг 2025 оны тавдугаар сарын 16ны өдрөөс мөрдүүлэхээр болсон. Энэ хүрээнд цахилгааны дундаж тариф 1 кВт.ц тутамд 216 төгрөг байгааг 280 төгрөг болгож байна. Цахилгааны тарифын шинэчлэлийн хүрээнд айл өрхүүдэд эрчим хүчний хэрэглээгээ хянах, хэмнэх сонирхол төрүүлэхийн зэрэгцээ өрхөд очих төлбөрийн ачааллыг аль болох бага байлгахаар өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.

-Хэрэглээнээс хамаарсан гурван шатлалтай тариф нэвтрүүлжээ. Энэ хүрээнд айл өрхийн хэрэглээг хэрхэн тооцох вэ?

-Иргэд эрчим хүчийг хэмнэлттэй, хэрэглээндээ тохируулж хэрэглэвэл бага үнээр тооцогдож, бага төлбөр төлнө. Ингэснээр айл өрхийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 1 кВт.ц тутамд 35-131 төгрөгийн өөрчлөлт орох юм.

Айл өрхийн дундаж тариф өмнө нь 140 төгрөг байсан бол шинэчилсэн тарифаар тухайн сарын эхний 150 кВт.ц хүртэлх хэрэглээг 175 төгрөгөөр, дараагийн 150-300 кВт.ц-ийн хооронд байгаа хэрэглээг 256 төгрөгөөр, 300 кВт.ц-аас илүү гарсан хэрэглээг 285 төгрөгөөр тус тус тооцно.

-Монгол Улсад хэчнээн ахуйн хэрэглэгч хэдэн кВт. цаг цахилгаан хэрэглэдэг вэ?

-Манай улсын 788 мянган ахуйн хэрэглэгчийн 45 хувь нь 150 кВт.ц хүртэл, 40 хувь нь 150-300 кВт.ц, 15 хувь нь 300 кВт.ц-аас дээш цахилгааныг тус тус хэрэглэдэг. Одоо мөрдөгдөж байгаа цахилгааны өдөр ба шөнийн цагийн тариф дээр оройн “оргил ачааллын цагийн тариф”-ыг шинээр нэвтрүүлж байна.

-Хэрэглэгч айл өрх энэхүү цагийн ялгаварт гурван тарифыг сонголоо гэхэд төлбөрт өөрчлөлт орох уу?

-Гурван тарифыг сонгосон тохиолдолд шөнийн цагийн тарифт өөрчлөлт оруулахгүй хэвээр мөрдөнө. Өөрөөр хэлбэл, гэр хорооллын айл өрхийн халаалтын улирлын цахилгааны шөнийн хөнгөлөлт хэвээрээ үргэлжилж байна.

Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн тарифт өөрчлөлт оруулахгүй хэвээр мөрдөх юм. Аж ахуйн нэгж, байгууллагын цахилгааны тарифыг дунджаар 30 хувиар өөрчилсөн.

-Айл өрхийн цахилгааны сарын дундаж хэрэглээ хэдээс хэдэн төгрөг болж өөрчлөгдсөн бэ?

-Айл өрхийн сарын дундаж хэрэглээ 220 кВт.ц байдаг ба нэг сарын цахилгааны төлбөр 36.220 төгрөг байсан нь 15.887 төгрөгийн өөрчлөлт орж 52.107 төгрөг болж байна. Айл өрхийн цахилгаан, дулааны тарифт 2019 оноос хойш таван жилийн хугацаанд өөрчлөлт ороогүй тогтвортой мөрдөж ирсэн. Үнэ, тарифт шинэчлэл хийж, зах зээлийн зарчимд нийцүүлж эхэлснээр эрчим хүчний салбарын санхүү, эдийн засгийн бие даасан байдал хангагдах юм.

Д.Эрдэнэ

29
0/1000