horoscope
horoscope
horoscope
userАДМИН

А.Баярмаа: 1937 оны хэлмэгдүүлэлт энэ цаг үед үргэлжилж байна

post-img

Сэтгүүлч А.Баярмаа Шадар сайд С.Амарсайханы гомдлоор эрүүгийн хэргээр шалгагдаж байгаа. Тэрээр ажлаа хийх боломжгүйн улмаас ашиг орлогогүй болж өмгөөлөгчийн зардлаа олох зорилгоор олон нийтээс хандив хүсээд байгаа юм. Түүнд холбогдсон хэргийн талаар сэтгүүлч А.Баярмаатай ярилцлаа.

-Таны хувьд өөрийгөө өмгөөлүүлэх болон зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр өмгөөлөгч хөлсөлж, зардлыг нь олох зорилгоор хандив хүсч буйгаа зарласан. Энэ үйл явц хэрхэн өрнөж байна вэ?

-Том улстөрчтэй маргаан үүсгэсэн болохоор өмгөөлөх өмгөөлөгч олдохгүй хугацаа алдсан. Ажлаа хийх боломжгүй байсан учраас ашиг, орлого олох боломжгүй болж хандивыг нээлттэй зарласан. Одоогийн байдлаар хоёр сая гаруй төгрөг цуглаад байна. Надад шаардлагатай байгаа мөнгөн дүн нь 30 сая төгрөг байгаа. Гэхдээ өөрийнхөө машин тэргээ зараад, хандиваас цугласан мөнгөн дээрээ нэмээд өмгөөлөгчийн зардлаа гаргая гэсэн бодолтой байгаа. Өмгөөлөгч яагаад ийм үнэтэй байна гээд хүмүүс бодож магадгүй. Хэлмэгдсэн хэргийг маань шалгах гээд намайг эрүүдэн шүүсэн. Энэ хэрэг дээр миний хувийн нууцыг задалж, сошиал орчинд маш их гүтгэлэг явсан. Эдгээрээс гадна миний хувьд дөрвөн гомдол гаргасан.

Эрүүгийн хэргийн 13.14.1 буюу худал мэдээлэл тараах гэсэн заалт нь Үндсэн хуулийг зөрчиж байна гэдэг үндэслэлээр Үндсэн хуулийн Цэцэд маргаан үүсээд явж байгаа. Гурван өмгөөлөгч маань зургаан хэрэг дээр ажиллаж байгаа учраас өндөр үнэлгээ биш, харьцангуй зах зээлийн ханшаас бага байгаа.

-Хилс хэргээс гадна таны хувьд ямар гомдлууд гаргасан бэ?

-Анх 2024 оны нэгдүгээр сард миний амьдарч байгаа гэр болон, машинд нэгжлэг хийж, эрүү шүүлт тулгасан. Өглөө гэрт долоон цагт орж ирээд нэгжлэг хийсэн. Нэгжлэг нь есөн цагт дуусаад надаас 16 цагт мөрдөн байцаах алба дээр тайлбар авсан. Энэ хооронд надаас тайлбар мэдүүлэг авахгүйгээр “хэргээ хүлээ, прокурортой хамтарч ажилла” гээд эрүүдэн шүүгээд байсан. Хүний гэм буруутайг шүүх тогтоодог байтал тэр мөрдөн байцаагч өөрөө аль хэзээний тогтоочихсон юм шиг эрүүдэн шүүгээд байсан. Миний эрүүл мэндийн амин үзүүлэлт эрсдэлд орчихсон, түргэн дуудаад өгөөч гээд үзүүлтэл дөрвөн амин үзүүлэлтийн хоёр нь хэлбийчихсэн байхад намайг дагуулж яваад нөгөө л нэг эрүүдэн шүүлтээ үргэлжлүүлээд байсан. Гэтэл өнөөдөр тэр хэрэгтэй нь танилцаад үзэхэд А.Баярмаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн баримт байхгүй. Гэрчийн мэдүүлэг л байдаг. Хүнийг буруутгаж байгаа бол гэрчийн мэдүүлгийг нотлох эх сурвалж, баримт байх ёстой. Гэтэл ямар ч нотлох баримт байхгүй. 1937 оны хэлмэгдүүлэлт энэ цаг үед үргэлжилж байна.

-Ажлаа хийх боломжгүйгээс үүдэн сэтгэл санаа, эдийн засгийн хувьд олон асуудал тулгарч байгаа байх?

-Би сэжигтэн ч биш, яллагдагч ч биш байхад олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гүтгэсэн, доромжилсон, харлуулсан яргаллууд явагдсан. Прокурорын байгууллага эрүүдэн шүүсэн гээд АТГ-т хандахад ганцхан надаас мэдүүлэг авсан өрөөнийх нь дүрс бичигдсэн, дуу нь бичигдээгүй гэж байгаа юм. Яагаад. Тэр өрөө нь стандартын шаардлага хангасан өрөө байгаа юм. Хэрвээ дуу нь бичигдсэн бол намайг эрүүдэн шүүсэн нь нотлогдчих гээд байгаа юм. Тэгээд А.Баярмааг эрүүдэн шүүсэн нь нотлогдохгүй байна гээд хууль сахиулагчид хууль бус үйлдлийг нуун дарагдуулсан байж болзошгүй үйлдлүүд гаргаад байна.

Өнөөдөр ямар ч иргэнийг шалгаж болно. Угаасаа хуулийн байгууллагын хууль ёсны үйл ажиллагаа нь ийм. Гэхдээ хууль ёсны дагуу шалгах ёстой болохоос биш иргэн А.Баярмааг хэрэгт холбогдуулан шалгачихаад мөрдөгч эрүүдэн шүүгээд байгаа ийм нөхцөл байдал үүсээд байна. Үүнээс болоод иргэн А.Баярмаа өнөөдөр ажлаа хийх боломжгүй, эрүүл мэнд, сэтгэл зүй, эдийн засаг нь асар их доройтсон ийм л байдалтай байна.

-Цахим орчноос хэр их дарамт ирж байна?

-Цахим орчинд 7-14 хоногийн хугацаанд нэг гүтгэлэг гарсаар байгаа. Тэр дотор нь миний хувийн нууц задарч байгаа юм. Салбарын болон салбарын бус хүмүүсийн зүгээс маш их дарамтууд ирж байгаа. Амьдарч байгаа байр маань зээлтэй учраас санхүү, сэтгэл зүйн хувьд маш их дарамттай байна. Энэ бол цаг зуурын үзэгдэл ч даваад гарна гэж найдаж байна. Ядаж л өмгөөлөгч нарынхаа зардлыг олон нийтээс хандив гуйж авч байна.

-Эрүүгийн хуулийн 13.14.1 дэх заалт сэтгүүлчдийн ажлаа хийх боломжийг хязгаарлаж байна. Цааашид яах ёстой вэ?

-Улстөрч, хуульчид л бидний эрх зүйн орчныг хаалттай болгож байгаа. Дотор нь ажиллаж буй бид өөрсдөө гарц гаргалгаа хайх ёстой юм байна гэж бодож байгаа. Өмнө нь нууц материал задаллаа гэхэд зөвхөн нууцын ажилтан л хариуцлага хүлээдэг байсан. Гэтэл одоо сэтгүүлчид баримттай бичихийн тулд нууц материалыг олсон, хадгалсныхаа төлөө ял хүлээх заалттай болчихлоо. Эрүүгийн хуулийн 13.14.1 нь Үндсэн хуулийн “үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх” гэдэгтэй зөрчилдөж байна. Энэ мэтчилэн хууль эрх зүйн орчин маш их хязгаарлагдаж байна. Чадлынхаа хэмжээнд Үндсэн хуулийн Цэцэд маргаан үүсгэсэн байгаа. Үндсэн хуулийн Цэцээс энэ маргааныг хэлэлцэх тов нь гарсан. Эрүүгийн хуулиас 13.14.1 дэх заалт нь хасагдаад сэтгүүлчдийн хууль эрх зүйн орчин бага ч болов нээгдэх байх гэж бодож байна.

Цаашид “Глоб Интернэшнл”, “Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл”-тэй хамтраад хууль эрх зүйн орчныг сайжруулахад анхаарч ажиллана гэж бодож байна. Тэгэхгүй бол шинэ, залуу сэтгүүлчид нуруугаа авахуулах нь байна. Бид өөрсдөө хүртэл ажиллах урам зориггүй болох гээд байна. Нийгмийг түүчээлэх хүмүүс нь өөрсдөө шантарчихвал нийгэм ямар болох билээ. Тийм учраас эрх зүйн орчноо сайжруулах замаар салбарынхаа төлөө гээд хэдэн сэтгүүлчид нь зүтгээд л байна.

-Энэ бүхний дараа шантарч, цөхөрч байна уу?

-Эхэндээ бол шантарсан. Гэхдээ шантарлаа гээд юу ч өөрчлөгдөхгүй юм чинь даваад гарахаас өөр ямар ч сонголт байхгүй. Хэвээр би шантарвал миний гэр бүл шантарна. Цаашлаад Монголын сэтгүүлчид шантарна.

Бидний өнөөдөр нэг нэгээр нь түүж байна. Надаас өөр олон сэтгүүлчийн хэрэг шүүх дээр явж байгаа. Өмнө нь “Эрүүгийн хууль” дээр гүтгэх, доромжлох нь хоёр тусдаа заалт байсан. Гэтэл одоо “илт худал мэдээлэл” гэдэг заалтаар ороод ирсэн. Хэт ерөнхий учраас цагдаа, прокурор, өмгөөлөгч хэн дуртай нь 13.14.1-ийг өөр өөрөөр тайлбарлаад сэтгүүлчийг ялтан болгож байна. Тэр утгаараа Үндсэн хуулийн Цэцэд хандаад байгаа. Энэ заалтаас болоод сэтгүүлчид ажлаа хийж чадахаа больчихлоо. Өөр нэг хэрэг дээр сэтгүүлчийг яллангуутаа давхар энэ зүйл ангийг нэмээд, энэ хоёрын аль нэгээр нь заавал ял оноолгох нөхцөл үүсээд байна. Үгүй бол өнөөдөр Монголд эрэн сурвалжлах сэтгүүл зүй хөгжих ямар ч боломжгүй боллоо. Баримт олоод авдаг. Тэрийг нь нууцын тухай хуулиар сэтгүүлчийг яллачих гээд, баримтгүй байхаар худал мэдээлэл тараасан гээд буруутгачихна. Судалж бичих ямар ч боломж бололцоо олгохгүй, алхам тутамд нь гав дөнгө зүүчих гээд байна.

Г.Балгармаа

88
0/1000