horoscope
horoscope
horoscope
userХ. Болормаа

Олон Улсын Эрүүгийн Шүүхийн 2 шүүгчээс Монгол Улс татгалзжээ

post-img

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин 2024 оны 9 дүгээр сарын 2-3-ны хооронд Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн. Энэ үед нь түүнийг баривчлаагүй хэмээн буруутгаж, Монгол Улсыг Олон Улсын Эрүүгийн Шүүх дуудаад байна. Ингэхдээ Ромын дүрмийн 87 дугаар зүйлийн 7 дахь заалтыг Монгол Улс дагаж мөрдөөгүй гэж буруутгасан байна.

В.В.Путиныг баривчилж, хүлээлгэн өгөх талаар хамтран ажиллахыг тус шүүх манай улсаас хүсжээ. Уг хүсэлтийг Монгол Улс биелүүлэх боломжтой байсан эсэх талаар тус шүүх дүгнэлт гаргаж, Оролцогч орнуудын ассемблейд мэдээлэх юм. Үүний дараа тус ассамблей зохих арга хэмжээ авах ажээ. Оролцогч орнуудын ассемблей бол энэ шүүхийн хяналтын дээд байгууллага юм. Ассамблей 12 дугаар сард Гаага хотод хуралдана. Энэ үедээ Монгол Улсад хариуцлага тооцох эсэх, тооцох бол ямар арга хэмжээ авахаар хэлэлцэх нь.

Тус шүүх энэ хэргийг нягтлан шалгуулахаар 3 шүүгч томилсон байна. Тэдгээр шүүгчийн 2-ыг нь солиулахаар манай улсын Засгийн газар 10 дугаар сарын 31-нд Олон Улсын Эрүүгийн Шүүхэд хүсэлт явуулсан аж. Гэсэн ч тус шүүх 11 дүгээр сарын 15-нд нийт шүүгчийн нэгдсэн хуралдаан хийж, манай Засгийн газрын хүсэлтийг хэлэлцээд, санал нэгтэйгээр хүлээж авсангүй.

ОУЭШ-ээс Томоко Акане, Розарио Сальваторе Айтала, Жерардо Угалде нарыг Монгол Улсын эс үйлдлийг шалгуулахаар томилсон байна. Харин манай улс Розарио Сальваторе Айтала, Жерардо Угалде нараас татгалзаж байгаа аж.

В.Путинг Монголд айлчлахыг У.Хүрэлсүх 2023 оны 10 дугаар сарын 17-нд урьсан. БНХАУ-ын Бээжин хотод болсон “Бүс ба Зам” дээд түвшний чуулга уулзалтын үеэр түүнтэй уулзаж, Халх голын байлдаанд ялсны 85 жилийн ойд оролцохыг урьж буйгаа өөрийн биеэр дахин нотолсон юм. Энэ үед Орос, Украин хоёр дайтаж байлаа. Олон улсын эрүүгийн шүүх В.Путинг цэргийн гэмт хэрэгт холбогдуулан баривчлах шийдвэр гаргаад, 7 сар болж байв.

Дэлхийн II дайны дараа улс орнууд дайнгүй, энх тайвнаар зэрэгцэн оршихын тулд НҮБ-ыг байгуулсан. Гэвч энэ байгууллагын тулгын чулууг тавилцсан Зөвлөлт Холбоот Улсын дараах ОХУ өнөөдөр дайн өдөөсөн. Үүнээс болоод НҮБ хүндхэн сорилттой тулгарч байгаа.

ОУЭШ Нидерланд улсын Гааг хотод төвтэй. Энэ шүүх 2023 оны 3 дугаар сард Путиныг Украины нутаг дэвсгэрээс олон хүүхдийг хууль бусаар албадан гаргасан дайны гэмт хэрэгт буруутган баривчлах шийдвэр гаргасан юм. Уг шийдвэрийг ОУЭШ-ийн гишүүн 124 улс биелүүлэх үүрэгтэй. Ингэхдээ түүнийг өөрийнх нь улсын нутаг дэвсгэрт хөл тавьсан нөхцөлд баричлан, ОУЭШ-д хүлээлгэн өгөх үүрэг хүлээжээ. Үүний дагуу В.Путинг баривчлахыг Украины Гадаад хэргийн яам Монгол Улсаас шаардаж байв. ОУЭШ дээрх шийдвэрийг гаргаснаас хойш В.Путин Ромын дүрмийг соёрхон баталсан улсуудаас хамгийн түрүүнд Монголд айлчилсан юм. Түүнээс хойш өөр улсад одоогоор айлчлаагүй байна.

0/1000