horoscope
horoscope
horoscope
userС. Энхжин

УИХ-ын гишүүн болсноо сана

post-img

УИХ анх удаа 126 гишүүнтэй ажиллаж байна. Тэдний олонх нь анх удаа сонгогдсон, шинэ гишүүн. Тэр тусмаа улс төрөөс хол, төрийн ажил хийж байсан туршлагагүй, шат дамжлагаар нь яваагүй залуус цөөнгүй орж ирсэн. Ялангуяа МАН-ынхан сонгуулийн үеэр нэр цэвэр, гадаадад боловсрол эзэмшсэн хэмээн жагсаалтад оруулсан хүмүүсээрээ пиар хийж байлаа. Шинэ парламент бүрдээд дөрвөн сар өнгөрч байна. Анхдугаар хуралдаанаар тангаргаа өргөөд л завсарласан тул шинэ гишүүд учраа олж амжаагүй байх. Харин үүний дараа ээлжит бус, одоо намрын чуулган хуралдаж байна. УИХ-ын дэгийн тухай хуулиа уншиж судлах хангалттай хугацаа өнгөрсөн гэсэн үг. УИХ-ын түвшинд аливаа асуудлын хэлэлцүүлэг хэрхэн өрнөдөг, ямар шат дамжлага дамждаг, гишүүд саналаа хэзээ нь хэлж, үзэл бодлоо хэрхэн илэрхийлэх гээд дэг журам бий. Учир нь тэд одоо жирийн иргэн биш, УИХ-ын гишүүн болсон. Үзэл бодлоо илэрхийлж, буруу булхайг илчлэх нь зүйн хэрэг. Гэвч тэр нь попорч улс төр хийх биш, үнэн дүр төрхтэй байвал сайхан.

УИХ-аар ирэх оны улсын төсвийг батлаад удаагүй байна. Дэгийн тухай хуулийн дагуу төсвийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгээс хойш гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргах боломжгүй болсон юм билээ. Үүнийг зарим шинэ гишүүн мэдээгүй, эсвэл мэдсэн ч тоогоогүй бололтой. Засгийн газраас 35.8 их наяд төгрөгийн зардалтай төсвийн төсөл оруулж ирснийг УИХ олонхоороо баталсан. Хэлэлцүүлгийн явцад гишүүн Ж.Баярмаа, Г.Тэмүүлэн, Д.Энхтүвшин тэргүүтэн уг төслөөс “но”-г нь илрүүлэн олон нийтэд зарлаж, хасаж танахыг уриалж байв. Гишүүн Ж.Баярмаа, Г.Тэмүүлэн нар хууль дүрмийнхээ дагуу зарчмын зөрүүтэй саналаа ажлын хэсэг, байнгын хорооны түвшинд гарган хураалгаад, дэмжлэг аваагүй. Харин гишүүн Д.Энхтүвшин хоёрдугаар хэлэлцүүлэг дууссаны дараа гэнэт л хэвлэлийн бага хурал хийж, олон нийтийн эрх ашгийн эсрэг үргүй зардлууд тусгаж, бүлэглэн хуйвалдсан төсөв оруулж ирснийг зарласан. Төсвийн төслийг ажил хэрэгчээр уншиж судлан, асуудлаа гарган тавьж байсан цөөхөн гишүүн дээр тэр хүч нэмж орж ирсэн нь сайн хэрэг болов. Дөрвөн гишүүн хамтраад төсвийн төслөөс үргүй зардал болох 3.6 их наяд төгрөгийг хасах шаардлагыг ч хүргүүлсэн. Гэхдээ энэ үйлдэл нь харьцангуй оройтсон байж. Учир нь хоёрдугаар хэлэлцүүлэг дуусчихсан, шинэ санал нэмж, хасах боломжгүй болжээ. Гэвч үргүй олон зардлыг төсвийн төсөлд тусгасан нь олон нийтийн анхааралд хүрсэн учраас  ондоо багтаан тодотгол хийж, үргүй зардлыг танах үүргийг Засгийн газар хүлээсэн. Ийнхүү олны анхааралд асуудлыг хандуулж, бүлэглэн хуйвалдаж, олонхоороо хүч түрч буйг илчилсэн нь авууштай. Намын бодлогыг үг дуугүй дагаж, товчлуур дарахын оронд нийт иргэний эрх ашгийн төлөө дуугарч буйд нь ч иргэд түүнд талархаж байна. Тэгвэл нөгөө талд нь түүнийг бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалан, хэсэг хүний гар хөл болж, улс төр хийж байна гэсэн шүүмжлэл гарах болов. Дараагийн ээлжид “хоолонд орох” хүсэлтэй, өөр бас нэг эрх ашиг бий учраас л ийнхүү төсвийн хэлэлцүүлгийн талаас илүү нь өнгөрсөн үед гэнэт дуугарлаа гэж хардсан. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ч чуулганы нэгдсэн хуралдаанд энэ байр сууриа шулуухан илэрхийлсэн юм.  “УИХ-аар асуудлыг яаж хэлэлцэж, шийддэг талаар гишүүд, ялангуяа Д.Энхтүвшин та зөв ойлголттой болох ёстой. Дэгийн тухай болон бусад хууль дүрэмтэйгээ сайн танилцаж байж асуудалд олон ургальч үзлээр хандаж байгаарай. Та төсвийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлэгт ирээгүй, байнгын хорооны хуралд оролцоогүй. Тэгчихээд дараа нь улс төр хийж байна. УИХ-ын гишүүн ажлын хэсэг, байнгын хороонд саналаа хэлж, хураалгадаг. Тэгээгүй байж нэг нь цагаан, бусад 125 нь хар мэт ойлголтыг та нийгэмд өгч байна. Хөндсөн асуудлыг байнгын хороо, ажлын хэсэг дээр яриад олонхоор шийдсэн бол УИХ-ын шийдвэр болоод явдаг. Гэтэл дэмжиж санал өгсөн гишүүд буруутай мэт болгоод байвал парламентын үйл ажиллагаанд асуудал үүснэ” гэжээ. Яагаад зарчмын зөрүүтэй саналаа гаргаж болох гол хэлэлцүүлгийн шатуудад эрхэм гишүүн хуралдаандаа оролцоогүй вэ. Үүндээ тэр тайлбар хийгээгүй. Төсвийн төслөөс үрэлгэн зардлуудыг хасах талаар түүнийг дуугарч эхлэхэд Иргэдийн оролцооны нэгдэл намын дарга Ц.Оюунгэрэл “УИХ-ын гишүүний эрхээ эдлээд, зарчмын зөрүүтэй санал хураалгаад яв л даа” хэмээн бичиж байв. Гишүүн Ч.Лодойсамбуу ч мөн түүнийг “гэнэт” гарч ирээд попорч байна гэсэн юм. Тэгвэл Ч.Лодойсамбуу гишүүн ч өөрөө иймэрхүү шүүмжлэлд өртөх болов. УИХ дахь АН-ын бүлгийн өнгөрсөн даваа гаргийн хуралдаанаар түүнийг дэд даргаараа томилсон. Мөн тэд бүлгийнхээ хурлаар агаарын бохирдол, нийтийн тээвэртэй холбоотой асуудлаар хотын дарга Х.Нямбаатараас мэдээлэл сонсох гээд “олоогүй” тухайгаа ярьжээ. Тиймээс гишүүн энэ талаарх саналаа цахим хуудсандаа нийтэлж буй. “Нийтийн тээврээ хөгжүүлж, хүртээмжтэй, тохьтой болгох, дугуй унах нөхцөлийг бүрдүүлэх, хотын төвд үнэгүй зогсоол байдаггүй болгох” гэх мэтээр саналаа эрэмбэлжээ. УИХ дахь АН-ын бүлэгт мэдээлэл өгөх болохоор олддоггүй хотын дарга нь нийгмийн сүлжээнд түүний бичсэнийг хэдийн олоод харчихсан, хариу “хэрэлдэж” суугаа юм. Тэгвэл Бат инженер хэмээх нэрээрээ танигдсан жиргээч гишүүнд хандан “Энэ санаагаа хууль болгон батлуулаад, биелэлтийг нь шаард. Сонгогч над шиг иргэн бол жиргээд байхад болно. Хууль тогтоогч болсон хүн эхлээд өөрөөсөө хамаарах ажлаа хий” хэмээн сануулжээ.

Энэ бол үнэн шаардлага. Гоё ярьж, хэлэх нь олон нийтэд таалагдана. Тухайн гишүүн танигдана, нэр хүнд нь өснө. Гэвч тэд одоо энгийн иргэн биш, УИХ-ын гишүүн. Хууль санаачлах бүрэн эрхтэй, аливаа асуудлын хэлэлцүүлэгт оролцож, саналаа гарган, нэмж хасуулах боломжтой. Тэр эрх, үүргээ эхлээд биелүүл, хуулийн дагуу ажилла, яв. Тэрний дараа олон нийтэд үгээ хэлбэл попорсон биш, үнэхээр ажил хийж буй, олон нийтийн эрх ашгийг хамгаалж байна гэж харагдана. Эдгээр гишүүний илчилсэн, ухуулсан санааг дэмжиж байна, зөв. Гэвч ямар эрх мэдэл, үүрэг, боломж эдэлдэг албан тушаалд очсоноо санаж, хуулийн дагуу тэр бүх боломжоо тултал эдэл, үгээ үйлдэл болго гэж уриалж буй юм. Үгээ давуу эрхтэй олдсон эрх, боломжтойгоо хослуулан үйлдэл болгодог байвал жинхэнэ шударга, зөв гишүүд болно.

26
0/1000