Францын нэрт дуучин Эдит Пиафын дуулж, мөнхжүүлсэн алдарт “Non, Je Ne Regrette Rien” дууны зохиолч Шарль Дюмон 95 насандаа таалал төгсжээ.
Шарль Дюмон энэхүү алдарт уран бүтээлийг 1956 онд 27 настай байхдаа бичиж байсан ч хүмүүсийн зөвлөснөөр 1960 онд дуучин Эдит Пиафт санал болгон сонсгож, дуучинд үнэхээр их таалагдан зөвшөөрч байсан түүхтэй ажээ.
“Non, Je Ne Regrette Rien” буюу “Би юунд ч харамсахгүй” хэмээх энэхүү дуунд туулж өнгөрүүлсэн өнгөрсөн амьдралдаа харамсалгүй, тэр чигээр нь хүлээн авч, шинээр амьдарч эхлэх тухай өгүүлдэг байна.
Дуучин Эдит Пиафын хамгийн алдартай, олонд танигдсан энэхүү дуу тухайн үедээ Франц, Бельги, Нидерланд, Канадын шилдэг дууны жагсаалтыг тэргүүлж байсан юм.
Дуу зохиогч, дуучин Шарль Дюмон 1963 онд таалал төгссөн Эдит Пиафт 30 гаруй дуу зохиож өгч байжээ. Мөн тэрээр Жак Брель, Жюльет Греко, Барбара Стрейзанд зэрэг олон одуудад дуу зохиож өгч байсан авьяаслаг уран бүтээлч байсан юм.