Орон нутгийн жижиг Тавантолгой гэгддэг “Тавантолгой” ХК-ийн г үйцэтгэх захирал Ч.Гүнждагва шүүхийн шийдвэрийг үл тоож хуулийг уландаа гишгэж байна. Энэ түүх хэзээнээс яаж эхэлснийг хамтдаа сонирхъё. “Тавантолгой” ХК өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхээр тендер зарлаж л дээ. Дөрвөн багц тендерт 11 компани оролцсон байна. Хоёр багц тендер нь ямар нэгэн маргаангүй болжээ. Харин үлдсэн хоёр тендерийн хувьд шүүх дээр маргаан үүссэн аж.
Хоёрдугаар багц тендерт “Макс гүүр транс” компанийг шалгаруулсан ч өрсөлдөгч нь болох нэг компани шүүхэд маргаан үүсгээд хоёр шатны шүүхээр ялаад байна. Өөрөөр хэлбэл тендерийн шударга бус шалгаруулалтын эсрэг тэмцсэн гэсэн үг. “Тавантолгой” ХК тендерээ хэр хуудуутай явуулдгийг энэ кейсээс харчихаж болно.
Маргаантай гэгдэж буй нөгөө тендер нь 4 дүгээр багц тендер. Уг тендерт гурван компани өрсөлдөж “Дархан эрхэт майнинг” компани ялжээ.
Гэвч өрсөлдөөн шударга бус явагдсан гэж нэг компани нь үзсэн учраас шүүхэд гомдол гаргасан байна. өрсөлдөгч компанийг гомдол гаргасны дараа шүүхээс “Дархан эрхэт майнинг” компанийн жижиг Тавантолгойн уурхайн талбай дээр үйл ажиллагаа явуулах эрхийг түр түдгэлзүүлэх шийдвэр гаргачихаж.
Бүр тодруулж хэлбэл шүүхийн маргаан эцэслэн шийдэгдтэл “Дархан эрхэт майнинг” ХХК нь Тавантолгой ХК-ийн олборлолтын талбайд ямар нэгэн үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн үг. Бүр тодруулж хэлбэл өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж өнгөрсөн долдугаар сарын 18-ны өдөр гарсан байна.
Уг захирамжид “Шүүх нэхэмжлэгчээс ирүүлсэн “маргаан бүхий захиргааны актын биелэлтийг энэ захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлэх” хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзэв. Учир нь шүүхийн эрхэм зорилго бол хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдөхөөс сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох явдал юм” гэсэн өгүүлбэрүүд хар дээр цагаанаар дурайж байна.
Ч.Гүнждагва болон “Дархан эрхт майнинг” компани захирамжийг нь биелүүлэхгүй том толгойлоод байхаар нь шүүхээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд бичиг явуулжээ. Гэвч тэд мөн л тоогоогүй аж. Эцэст нь өмнөговь аймгийн Ханбогд сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийнхэн аргаа бараад Цогтцэций сумын Цагдаагийн хэлтэст албан бичиг илгээсэн байх юм. Тэр бичигт “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хариуцагч Тавантолгой ХК-д гэрээний хэрэгжилтийг түдгэлзүүлэх тухай мэдэгдлийг гаргуулж, захирамжийн биелэлтийг хангах тухай мэдэгдсэн. Гуравдагч этгээд Дархан эрхт майнинг ХХК нь ажил үйлчилгээгээ зогсоосон дүр үзүүлэн шүүгчийн захирамжийг үл биелүүлж байна” гэж тодотгожээ. Улсынхаа хуулийг үл тоосон хурган даргын өмнө хүч мөхөсдөхдөө хийсэн аргаа барсан үйлдэл гэж харахаас аргагүй баримт байгаа биз.
Шүүхийг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг, Цагдаагийн газрын шаардлагыг жишим ч тоохгүй өнөөг хүрсэн Таван толгой ХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Гүнждагвыг эцэст нь АТГаар шалгуулахаар хандаад байгаа юм билээ.
Энэ кейсээс харахад хуулиас гадуур мөнгө эрх ашгаараа нэгдсэн иймэрхүү систем Монголд нэгэнт үүсчихэж. Мөнгө, эрх ашгаараа нэгдсэн тэр бүлэглэлүүдийг шүүх, цагдаагийн байгууллага хүчрэхгүй байгааг өөр олон кейсээр нотолж болно. Саяхан ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Төрийн болон орон нутгийн компаниудад зайлшгүй реформ хийх шаардлага ирчихэж. Ийм компаниудад зайлшгүй арга хэмжээ авах хэрэгтэй. Бидний анхаарч буй гурван өнцгийн нэг бол ил тод нээлттэй байдал” гэж ирээд хатуухан мэдэгдэл хийсэн. Таван толгой ХК бол орон нутгийн өмчит компани. орон нутгийн өмчит компанид авлига, танил тал харсан мөнгө эрх ашгийн сүлжээ хууль, шүүх, цагдааг үл тоотлоо томорч буйн нэгээхэн жишээг сая дурдлаа. Жижиг “Таван толгой”-н Ч.Гүнждагвын шүүхийг уландаа гишгэсэн энэ үйлдэл орон нутгийн өмчтэй компаниуд хэрхэн оодорсныг харуулж байна, Н.Учрал дарга аа.
Бас хувьцаагаа олон нийтэд гаргасан энэ компани бүх л үйл ажиллагаагаа ард түмэнд нээлттэй ил тод мэдээлэх учиртай. Гэвч “Таван толгой” ХК хууль, шүүхийг уландаа гишгэсэн энэ үйлдлээ өнөө хэр хав дарсаар байна.
Э.Гал