Төрсний гэрчилгээний хавтас 2012 онд шинэчлэгдэж авч явахад төвөгтэй, мөн муу материалтай байна гэх шүүмжлэлийг дагуулж ирсэн. Тэгвэл ийн шүүмжлэлд өртөөд байсан хавтсыг Цагаан давааны хогийн цэг дээр их хэмжээгээр хаясан байгааг нэгэн иргэн бичлэгээр олон нийтийн сүлжээнд цацсан. Уг асуудлыг мөрөөр Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж хаясан гэх төрсний гэрчилгээний 142 ширхэг хавтсыг хураан авчээ.
Харин энэ асуудлын талаар Иргэний улсын бүртгэлийн газрын дарга Т.Төгөлдөрөөс тайлбар хийлээ.
“Төрсний болон гэрлэсний, нас барсны гээд иргэний бүртгэлийн гурван гэрчилгээний хавтсыг найман компани хэвлэж нийлүүлдэг. Эдгээр гэрчилгээ хэвлэгдэх тоо хэмжээ жил бүр хэлбэлзэж байдаг.
2012-2020 онд 210×297 хэмжээтэй тухайн хавтсыг ашиглаж байсан. Харин 2020 оноос хавтасны хэмжээ дахин өөрчлөгдөж 148×105 хэмжээтэй болсон. Хогийн цэг дээр хаягдсан хавтсыг хаанаас хаясан болохыг цагдаагийн байгууллагаас тогтооно. Гэрчилгээний хавтас ямар нэгэн байдлаар алдаатай хэвлэгдэж актлагдсан тохиолдолд гэрээний хүрээнд нийлүүлэгч байгууллага болон холбогдох албан тушаалтнаар төлүүлдэг” гэлээ.