Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
АДМИН
Төрөөс олгодог гэрчилгээнүүдийн хавтсанд нэг тэрбум 84 сая төгрөг төсвөөс гарчээ. Үүний зарим нь “Цагаан даваа”-ны хог дээр хэвтэж байсан бололтой
- 2024/11/21

- -1 цаг -21 минутын өмнө

- 4 мин уншина

Энэ сарын 19-нд нэгэн иргэн өөрийн цахим хуудастаа “Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цагаан даваа” хогийн цэгт их хэмжээний төрсний гэрчилгээ хаясан байна” гэсэн агуулгатай бичлэгийг нийтэлсэн билээ.

Энэхүү мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад 142 ширхэг “Төрсний гэрчилгээ” гэсэн бичиглэл бүхий хавтас байсан ба тэдгээрийг хураан авч, шинжил гээнд хүргүүлсэн бөгөөд шалгалтын ажиллагаа явагдаж байгаа аж. Тус асуудал гэмт хэргийн шинжтэй эсэхийг тогтоохоор цагдаагийн байгууллага ажиллаж байна. Таныг Монгол Улсын иргэн мөн гэдгийг нотлох хамгийн анхны баримт бичиг бол иргэний бүртгэлийн дугаар бүхий төрсний гэрчилгээ юм. Энэ бичиг баримт хогон дунд хэвтэж байгаад иргэд ихээхэн дургүйцэж буйгаа илэрхийлж байгаа билээ.

Н.Нармандах: Энэ асуудлыг сөхөж байж л хэн хаясан талаар яригдаж байна

Энэ сарын 19-ний орой Intime.mn сайтын эрхлэгч Н.Нармандах “Цагаан даваа” хогийн цэг рүү очиж, цахим дахь мэдээлэл үнэн эсэхийг шалгасан байна. Тэрбээр хэлэхдээ “Би энэ сарын 19-ний орой “Цагаан даваа хогийн цэгт их хэмжээний төрсний гэрчилгээ хаясан байна” гэсэн мэдээллийг хараад, 21:00 цагийн үед “Цагаан даваа” хогийн цэгт очсон. Намайг очиход 1000 гаруй төрсний гэрчилгээний хавтас байсан. Хоёр хайрцаг нь задарчихсан байсан, тэр нь тэндээ үлдсэн. Өдөр байсныгаа бодоход нэлээн багассан, хогонд нэлээн хэсэг нь булагдсан байх гэж бодож байна.

Би төрийн алтан соёмбот тэмдэгтэй, ирээдүй болсон үр хүүхдүүд маань дөнгөж төрөхөд нь улсаас өгч баталгаажуулдаг төрсний гэрчилгээний үнэ цэнэтэй хавтсыг хогон дунд орхиод явж чадаагүй. Хүүхдийнхээ төрсний гэрчилгээний хавтсыг авч чадаагүй, эсвэл хуучирч муудсан бол эцэг эхчүүд надтай холбогдоод аваасай гэсэн үүднээс би бүтэн хайрцагтай байсан 1000 гаруй төрсний гэрчилгээний хавтсыг нь авч явсан.

2017 онд бага хүүхэд маань төрөхөд, төрсний гэрчилгээг нь авах гээд сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс рүү очиход “Гэрчилгээний хавтас нь дуусчихсан. Дараа ирээд аваарай” гэсэн. Дараа нь очиход ч байгаагүй. Татвар төлөгчдийн мөнгөөр хийсэн гэрчилгээг хаячихаж байгаа нь ямар учиртай юм бэ. Энэ асуудлыг сөхөж байж л хэн хаясан талаар яригдаж байна шүү дээ” гэсэн юм.

Төрсний гэрчилгээний хавтсанд жилд 80 орчим сая төгрөг зарцуулдаг

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний улсын бүртгэлийн газрын дарга Т.Төгөлдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Цагаан давааны хогийн цэг дээр хаягдсан хавтсыг 2012-2020 онд ашиглаж байсан. Улмаар 2020 онд Хууль зүйн сайдын тушаалаар төрсний гэрчилгээний загвар, тодорхойлолт шинэчлэгдэж, төрсний гэрчилгээний хавтсын хэмжээ нь багассан байна. 2012-2020 оны хооронд ашиглагдаж байсан төрсний гэрчилгээ 210х197 мм буюу А4-ийн хэмжээтэй байсан. 2020 оноос хойш 145х105 мм-ийн хэмжээтэй болсон. Тус хавтас нэг ширхэг нь 800-1000 төгрөгийн үнэтэй бөгөөд жилд 70-80 мянган ширхэгийг хэвлэдэг байна. Ингэхдээ төрсний гэрчилгээний хавтсанд жилд 80 орчим сая төгрөг зарцуулдаг” гэсэн юм. сүүлийн 10 жилд Монгол Улсад жилд дунджаар 74.676 хүүхэд шинээр төрсөн. Дөнгөж төрсөн хүүхдийг төрсний бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгох нь үнэ төлбөргүй байдаг бөгөөд уг гэрчилгээгээ гээж, үрэгдүүлсэн тохиолдолд 10 мянган төгрөгийн хураамж төлснөөр шинээр авдаг аж.

2023 онд иргэний улсын бүртгэлийн гэрчилгээг үйлдвэрлэхэд 125 сая 250 мянган төгрөг зарцуулсан нь сүүлийн дөрвөн жилийн хамгийн бага үзүүлэлт болжээ.

Иргэний улсын бүртгэлийн үйлчилгээнд төрсний, гэрлэлтийн, нас барсны гэсэн гурван төрлийн гэрчилгээ хэрэглэдэг. Уг баримт бичиг нь гэрчилгээний хавтас болон гэрчилгээнээс тус тус бүтдэг. Үүнийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газар жил бүр худалдан авах ажиллагааны төлөвлөгөө гаргаж, тухайн жилдээ авах гэрчилгээний тоо хэмжээгээр нээлттэй тендер зарлан, гүйцэтгэгч байгууллагыг шалгаруулдаг. 2021 оноос хойш дээрх төрлийн гэрчилгээнүүдийн хавтас болон гэрчилгээг хийхэд улсын төсвөөс хэдэн төгрөг зарцуулсан талаар товчхон танилцуулъя.

2021 онд гэрчилгээ хийхэд 103 сая 840 мянга, гэрчилгээний хавтас хийхэд 195 сая 814 мянган төгрөг зарцуулсан. 2022 онд гэрчилгээнд 211 сая 860 мянган төгрөг гэрчилгээний хавтсанд 118 сая 250 мянган төгрөг зарцуулсан. 2023 онд гэрчилгээнд 57 сая 750 мянган төгрөг, гэрчилгээний хавтсанд 67 сая 500 мянган төгрөг зарцуулсан. 2024 онд гэрчилгээнд 192 сая 60 мянган төгрөг, гэрчилгээний хавтсанд 137 сая 500 мянган төгрөгийг тус тус зарцуулсан байна.

Энэ бүх тоог нэгтгэхээр сүүлийн дөрвөн жилд төрөөс олгодог гэрчилгээнүүдийн хавтсанд нэг тэрбум 84 сая төгрөг төсвөөс гарчээ. Үүний нь зарим нь “Цагаан даваа”ны хогийн цэг дээр хэвтэж байсан бололтой.

Төрсний гэрчилгээний хавтас нь хэмжээ, өнгө, материал, дардас гэсэн дөрвөн хэсэгт тавигдах хэд хэдэн стандартын шаардлагыг хангасан байх ёстой. Жишээ нь, хэмжээ нь 145х105 мм-ын хэмжээтэй хэвлэмэл хуудас багтах хэмжээтэй байх ёстой. Харин материал нь эдэлгээ даахуйц, хавтасны дотор талд нь 1.5-2 мм-ийн картон цаас болон 1 мм-ийн хөөсөн зөөлөвчийг хавсаргасан, ледиринэн материалаар хийгдсэн, халуун, хүйтэнд тэсвэртэй хөлдөхгүй, нугалах горимоор амархан тасрахгүй, ус, чийг нэвтрүүлэхгүй байх гэсэн шаардлагыг хангасан байх ёстой аж.

Ө.Анхзаяа

50
- Шинэ
- Хандалттай