Нийслэлийн Онцгой байдлын газар гал түймрийн тоо, хохирол, эрсдэлийг бууруулах зорилгоор “Галлахдаа анхаарья” аян өрнүүллээ. Энэ аяны хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 33-р хорооны Засаг даргын ажлын алба, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага хамтран, “Эрсдэлгүй өрх-Аюулгүй хороо” бичил төсөл хэрэгжүүлэв.
Төсөл хэрэгжүүлэгчид Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны эрсдэл бүхий 75 өрхийн гэр доторх цахилгааны монтажны хэрэгслийг бүрэн шинэчилж өгсөн байна. Нэг айлын монтажийг шинэчлэхэд 317.250 төгрөг зарцуулжээ. Эдгээр 75 өрхөд зарцуулсан нийт 23.8 сая төгрөгийг “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага гаргажээ.