Тухайн оны шилдэг видео тоглоомуудыг шалгаруулдаг “Game Awards” шагнал гардуулах арга хэмжээний нэр дэвшигчдийг танилцуулжээ.
Видео тоглоомын салбарын “Оскар” гэгддэг тус шагнал гардуулах ёслолд энэ жил “Astro Bot” болон “Final Fantasy VII Rebirth” гэсэн тоглоомууд хамгийн олон төрөлд нэр дэвшээд байна.
Энэ жилийн ялагчдыг тодруулахын тулд видео тоглоомын салбарын экспертүүд болон контент бүтээгч 130 хүний бүрэлдэхүүнтэй шүүгчдийн баг санал хураахаас гадна мөн хэрэглэгчдийн саналыг давхар цуглуулж шагналтнуудыг тодруулах болно.
“Game Awards 2024” ирэх сарын 12-нд зохион байгуулагдах бөгөөд жилээс жилд өргөжиж байгаа энэхүү шагнал гардуулах ёслолыг өнгөрсөн жил дэлхийн хэмжээнд 118 сая хүн шууд дамжуулалтыг нь хүлээн авч үзсэн байна. Мөн өнгөрсөн жилийн “Оны шилдэг видео тоглоом”-оор “Baldur’s Gate 3” тоглоом шалгарч байсан юм.
Ингээд энэ жил хамгийн төрөлд нэр дэвшсэн зарим видео тоглоомыг танилцуулья:
Astro Bot
Sony Interactive Entertainment-аас өнгөрсөн 9 сард худалдаанд гаргасан энэхүү тоглоом богинохон хугацааны дотор видео тоглоомчдын дунд хит болж, өнөөдрийн байдлаар 1.5 сая хувь борлогдоод байна. Sony PlayStation консолын 30 жилийн ойн баярт зориулан гаргасан уг тоглоомыг PlayStation 5 консол дээр тоглох боломжтой ажээ.
Balatro
LocalThunk хэмээх тоглоом хөгжүүлэгчийн зүгээс гаргасан энэхүү хөзрийн тоглоом нь 2024 онд гэнэтийн томоохон амжилт үзүүлсэн тоглоомоор нэрлэгдээд байгаа юм. Тоглоомын дүрэм нь покертой ижил ч 150 ширхэг “joker” хөзөртэй, тэдгээр хөзөр нь тоглоомын дүрмийг өөрчилж, оноог үржүүлэх боломжтойгоороо онцлог болжээ.
Final Fantasy VII: Rebirth
PlayStation-ий анхны Final Fantasy VII тоглоомын римейк хэлбэрээр гарсан энэхүү Rebirth хэмээх хувилбар нь үндсэн тоглоомоос гадна маш олон дэд контентууд, мини тоглоомуудын хамт гарч, тоглоом сонирхогчдыг уйдаах завгүй байсан ч PS5 дээрх график зураглал нь муу болсон хэмээх шүүмжлэлийг дагуулсан юм.
Metaphor: ReFantazio
Зохиол болон арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, улс төр гэх зэрэг томоохон сэдвүүдийг хөндсөн гэдгээрээ сайшаагдсан, үйл явдал нь дундад зууны үлгэрийн ертөнцөд өрнөдөг, anime-аас санаа авсан энэхүү тоглоомыг Японы Atlus компани хөгжүүлэн гаргасан ба худалдаанд гарсан эхний өдрөө 1 сая хувь борлогдсон нь тус компанийн хувьд дээд амжилт тогтоосон үйл явдал болж байжээ.
Elden Ring: Shadow of the Erdtree
2022 оны шилдэг тоглоомоор шалгарч байсан Elden Ring-ийн үргэлжлэл болон гарсан энэхүү RPG тоглоом нь энэ жил видео тоглоомын ертөнцийн гол ярианы сэдэв болсон юм. Гэхдээ энэ нь дангаараа видео тоглоом биш, харин Elden Ring тоглоом дээр нэмэлтээр татаж авч суулгадаг контент (DLC) учраас үүнийг видео тоглоом гэж үзэн “Оны шилдэг видео” тоглоомд нэр дэвшүүлэх нь зүйд нийцэхгүй хэмээн зарим салбарын мэргэжилтнүүд байр сууриа илэрхийлсэн байна.
Видео тоглоом сонирхогч та бүхэн “Game Awards”-ын албан ёсны вебсайтаас бүх номинациудын жагсаалтыг харах боломжтой.