“Хөх сувд” мөсний баярыг 2025 оны 2 дугаар сарын 13-23-ний хооронд 10 хоног зохион байгуулахаар боллоо. Жил бүрийн 3 дугаар сарын эхний өдрүүдэд 2 өдөр болдог энэ баярыг өнөө жил наашлуулсан нь Цагаан сарын баяртай холбоотой ажээ. Модон могой жилийн хаврын тэргүүн сар 2025 оны 3 дугаар сарын 1-нд гарна. Энэ нь “Хөх сувд”-тай давхцаж байгаа учир Хөвсгөл аймгийн ЗДТГ мөсний баярыг 2 дугаар сард товлохоор Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яаманд саналаа хүргүүлжээ. Уг саналыг тус яам хүлээн авч, 2 дугаар сарын 21-23-ны хооронд зохион байгуулахаар товлов.
Монголд өвчлөлийн аялал хөгжүүлэх зорилгоор жил бүр Хөвсгөл нууранд “Хөх сувд” мөсний баяр зохион байгуулдаг. Анх 2000 онд Хөвсгөл нуурыг хамгаалах, өвлийн аялал хөгжүүлэх зорилгоор Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын байгаль орчны байцаагчаар ажиллаж байсан Д.Лхагвацогт, Ж.Төмөрсүх нарын санаачилгаар Сантын-Өвөр гэдэг газар мөсний баяр хийжээ. Энэ нь хүмүүст таалагдаж, дараа жилээс нь мөсний баярыг өргөжүүлэн, жил бүр уламжлал болгон тэмдэглэж байна.
Өнгөрсөн өвлийн баярт дотоод, гадаадын 20 мянга гаруй жуулчин оролцсон байна. Тэдний 270 гаруй нь АНУ, БНСУ, Герман, Япон зэрэг 8 улсын зочин, төлөөлөгч байв.