horoscope
horoscope
horoscope
userТ. Есөн-Эрдэнэ

Миний медиа НАМТАР

post-img

Гунигтай дурсамжаа ярьж өгөөч!

Дойче Велле академийн багш Торстен Карг координатын хавтгай дээр зурж бэлдсэн самбарын өмнө зогсоод даалгавар өгөв.

“Бага насаа эргэн сана. Хүүхэд байхдаа ямар хэвлэл мэдээллийн хэрэгсэл, ямар агуулга үздэг байв. Жишээ нь, юу та нарт урт удаан хугацаанд гүн гүнзгий сэтгэгдэл үлдээсэн бэ. Мөн хэвлэл мэдээллээр юуг үзэж, сонссоны дараа сөрөг сэтгэгдэл төрсөн бэ. Тэр үед хэдтэй байснаа санаарай!” гэв. Жишээ болгох үүднээс Вьетнамын дайны үеийн зураг харуулаад самбарын доод хэсэгт байрлуулав. Дайныг биеэр үзээгүй ч хэвлэл мэдээлэл түүнд харуулжээ.

Сургагч багшийн медиа намтрын хэсгээс…

Зургийн тухайд товчхон: 1972 оны гуравдугаар сард зооринд хоригдож байсан хүүхдүүдийг цэргийнхэн суллахад 8–9 орчим насны охин ямар ч хувцасгүй уйлан гүйж байдаг.

Энэ зургийг Торстен 10 настайдаа харсан нь хэвлэл мэдээлэлтэй холбоотой тунчиг сөрөг дурсамж нь болон хоцорчээ. Дараа нь тэрбээр өнгөт телевиз анх удаа үзсэн нь хэвлэл мэдээллийн талаарх бага насны нь хамгийн өнгөлөг сайхан дурсамж байсныг ярилаа. Энэ дурсамжыг илэрхийлэх зургийг самбарын дээд хэсэгт тогтоов.

Ингээд танхимд суугаа бидний ээлж ирэв. Миний хувьд 1990-ээд оны сүүлээр тэнэмэл хүүхдүүдийн тухай нэвтрүүлэг үзсэнээ ярилаа. Үндэсний телевизээр 7–8 насны жаалхүү гарч байв. Гэр бүлийн хүчирхийлэлд гомдол тээсэн бяцхан хүү гэрээсээ оргон вагонд “туулайчилж” хот руу иржээ. Хүүг хараад хөдөө эмээгийнд яваа дүүгээ маш их санаж билээ. Тэр үед би 10 настай байлаа. Эргээд бодоход галт тэргэнд суусан хүү юунд найдаж, ямар зориг гарган явсныг төсөөлөхөд бэрх.

Энэ дасгалыг өнгөрсөн нэг жилийн хугацаанд хэд хэдэн сургалтад туршиж үзлээ. Нас насны хүмүүсийн дурсамжийг яриулж зогсоход цаг үе, хэвлэл мэдээллийн өөрчлөлтийг тун сонирхолтой харуулж байв. (Өргөн хүрээнд судалвал сонирхолтой үр дүн гарах вий.) Хэвлэл мэдээлэл хатуу цензур дор тохойвчлогдсон социализмын ид үед өссөн хүүхдүүд сөрөг сэтгэгдэл үлдээсэн дурсамж санаанд нь орохгүй байгаа тухай ярьж байсан бол 90-ээд онд өссөн хүүхдүүд тухайн үеийн шар сонины элдэв зураг, гэмт хэргээр дүүрэн гарчигаас эхлээд С.Зориг агсны хорлогдсон тухай ч мэдсэн байв. Өдгөө дөнгөж 20 гарч яваа оюутан харин Фэйсбуукд бичсэн зүйлээсээ болж үеийн охидоос гадуурхал мэдэрсэн нь хүндхэн дурсамж болж түүний медиа намтарт үлджээ.

“ӨЧИГДӨР ОРОЙ” БА ӨНӨӨДӨР

Ерөнхий сайд асан С.Баяр дурсамжийн номдоо,”Өнгөрсөн зуун бол балар эртийн үе биш, түүхэн цаг үеийн хувьд “өчигдөр орой” гэсэн үг” хэмээжээ. Үнэхээр өнгөрсөн зуун бол тун саяхны атлаа хүн төрөлхтний технологийн хөгжлийн огцом өргөлтийн бас эргэлтийн зуун байв. Хэвлэл мэдээлэл талаас нь авч үзвэл уламжлалт цаасан хэвлэл, ном, сониноос радио, кино, телевиз, интернэт рүү өгссөн. Монгол ч ялгаагүй 1911 онд анхны сонин, 30-аад оны радио, 60-аад оны телевиз гэсэн дарааллаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг өнгөрсөн зуунд л хэрэглэж сурсан билээ. Телевиз Монголд орж ирсэн ойг манай хэвлэлийн салбарынхан тэмдэглэхдээ, “Зурагт зулын хойморт заларсан … жил” гэдэг дээ.

Зурагт гэснээс Холливүүдын од найруулагч Куэнтин Тарантино 1994 онд бүтээсэн кинондоо өөрийн бага насыг телевиз үзэж суугаа томоотой хүүгээр төлөөлүүлж дүрсэлсэн нь бий. Зурагтаар гарах кино түүнийг одоогийн гаж бас “ёж” найруулагч болгожээ. Хэн байх, хэн болохоос үл хамаараад дэлхий даяар хүмүүс хэвлэл мэдээлэлтэй хамт өсөж өндийдөг.

Өнөө үед цахим мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээний тасралтгүй өргөн урсгалд умбан өсөж буй хүүхэд “өчигдөр орой” буюу өнгөрсөн зуунд өнгөт зурагт үзээд баярлаж суусан хүүхэд хоёрын дунд цаг хугацаанаас гадна хэвлэл мэдээллийн өөрчлөлтийн асар том ялгаа бий. Жишээ нь, 90-ээд оны хоёр дугаар хагаст дунд сургуульд орж байсан бидний үеийнхэн Үндэсний телевизийн 16:20 цагийн “Волтрон”-ыг тэсэж ядан хүлээдэг байлаа.

Харин өнөөдөр өсөж өндийж буй бидний хүүхдүүд дуртай сувгаа ухрааж үзэж уйдаад, гар утсан дээр аль нэг тв-д өгөхөд ч гологдохооргүй бичлэг хийж, эвлүүлэх бололцоотой. Эсрэгээрээ өнөөх “ухаалаг” гэгдэх утсаараа дамжин элдэв асуудалд өртөх эрсдэлтэй.

Гар утсаар телевизийн мэдээ хийх тухай заадаг мобайл сэтгүүл зүйн талаар хэдэн сарын өмнө орон нутгаас ирсэн “Сэтгүүлч-хүүхэд” клубын сурагчдад танилцуулга хийв. Гэтэл сонин болгож тайлбарласан программыг зарим нь хэдийн ашиглаж үзсэн байлаа. Эндээс харахад өнөөгийн хүүхдүүд зурагтыг зөвхөн үзээд зогсохгүй гар утсаараа бидэнд зурагтын нэвтрүүлгээс дутахгүй “юм” үзүүлж чадах үе иржээ.

Өнгөрсөн жил Хэвлэлийн Хүрээлэнгээс Монголд анх удаа “Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол” сэдэвт Үндэсний форумыг зохион байгуулсан. Энэ форумд зөвхөн сэтгүүл зүйн хүрээнийхэн,сэтгүүлчдээр зогсохгүй нийт хэвлэл мэдээлэл (Media гэдэг утгаараа)-ийнхнийг оролцуулав. Боловсролын яам, газар нэгжүүд, номын сан, музейн кураторууд, боловсрол, хүмүүнлэг, нийтэд үйлчлэх чиглэлийн төрийн бус байгууллагууд, хууль хяналтын байгууллагынхан, шинэ технологи цахим платформ хөгжүүлдэг технологийн компаниуд гэх мэт өргөн хүрээнд чуулсан.

Хэвлэл мэдээлэл гэж юу вэ? (Media?)

Хэвлэмэл: Ном, сонин, сэтгүүл
Кино, телевиз, гэрэл зураг
Радио, хөгжмийн дуу бичлэг, CD, MP3 аудио файл
Тоон буюу дижитал: Интернэт, имэйл, видео тоглоом, цахим хуудас нийгмийн сүлжээ.

Форумын үеэр “Дижитал цагаачлагч” хэмээх нэн шинэлэг ойлголтыг ярилцсан юм. “Дижитал цагаачлагч”гэдэг нь цахим ертөнц бий болоход түүнд суралцан зохицож буй хүмүүс бид. Өөрөөр хэлбэл шинэ мянганаас өмнө төрсөн хүмүүс. Тэгвэл өнөө цагт төрсөн хүүхдүүд “цагаачлагч” биш харин дижитал ертөнцийн хүүхдүүд болох ажээ. Энэ “ертөнц” тэдний амьдралын салшгүй нэг хэсэг. Тиймээс хэвлэл мэдээллийн суурь боловсрол эсвэл дижитал суурь боловсролын талаар бид зөвхөн хүүхдүүдэдээ заах бус тэднээс ч бас суралцах ёстой ч байж мэднэ.

“БИЧИГ ҮСЭГ ТАЙЛАГДАН”, НҮДЭЭ НЭЭХҮЙД

Өнгөрсөн зуунд хэвлэл мэдээллийн агуулга үйлдвэрлэлийн төвд мэргэжлийн сэтгүүлчид, уран бүтээлчид, техник мэргэжлийн хүмүүс цөм болон зогсож байв. 70-аад оны сэтгүүл зүйн тэсрэлтийн үед сэтгүүлч хамгийн моодны мэргэжил болсон байх жишээтэй. Сэтгүүлчдийг хүмүүс “супер баатар” болтол нь шохоорхов. (“Superman” цувралын гол баатар Кларк Кент сурвалжлагч байлаа.)

Мэдээллийн хэрэгслийн өөрчлөлтийн түүхэн зураглал. Эх сурвалж: www.techjini.com

Мөн өнгөрсөн зуунд хэвлэл мэдээллээр гарах агуулгыг бүтээж буй гол хүмүүс болох сэтгүүлч, найруулагч, нарийн мэргэжлийн техник ажилтнуудыг дээд сургуульд сургадаг болов. Өөрөөр хэлбэл хэвлэл мэдээллийг хэрхэн хөгжүүлэх, хүний нөөцийг хэрхэн чадавхжуулах вэ, агуулгыг хэрхэн баяжуулах, хэрхэн мэдээллийг технологийн тусламжтайгаар илүү сайн, илүү хурдан дамжуулах вэ гэдэгт л улайран анхаарч иржээ. Гэтэл өнөө үед дэлхийн хаа нэгтээ ухаалаг утас барин зогсоо хэн нэгэн хүний сошиал медиа дахь пост, олон улсын томоохон телевизийн нэвтрүүлэг хоёрын сая сая хүнд үзүүлэх үр нөлөө зарим тохиолдолд ялгаагүй болчихлоо. Харамсалтай нь ухаалаг утсанд тв, сонин, сайтын мэдээ бичих боломжоор тоноглогдсон хүмүүст сэтгүүлчид шиг мэдээллийн ёс зүйн тухай ойлголт үгүй тул буруу зөрүү, хүчирхийлэлд уриалсан, ёс зүйгүй, нүд халтирам зураг дүрс гэх мэтийг юу ч бодолгүй шэйрлэнэ. Иймээс мэдээллийг үйлдвэрлэж, дамжуулж, хадгалж түгээхэд анхаараас гадна үүнийг хүлээн авч бас дамжуулж буй хүмүүсийн боловсролд анхаарах шаардлага үүслээ.

Энэ бол хэвлэл мэдээллийн суурь боловсрол буюу MEDIA LITERACY юм. Үгчилвэл “Хэвлэл мэдээлэлд бичиг үсэг тайлагдах” гэж ойлгож болмоор. Агуулга нь харин асар том учраас нэг, хоёр удаагийн сошиал аянаар ард нь гарах ажил биш. Нас насныханд хандсан үе шат бүхий сургалт хийж эхэлж буй жишээ олон улсад байна. Ер нь цаашид дэлхий нийт энэхүү “Медиа литераси” хэмээх үгэнд дурлах бололтой. Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол (Media and information literacy) гэсэн агуулга дотроо задарч дижитал суурь боловсрол, номын сангийн суурь боловсрол, кино урлагийн суурь боловсрол… гэх мэтээр олон салбарт хамаатай сэдэв болно.

“Ажиглагч” нэрээр нийтлэл бичдэг судлаач, сэтгүүлч Д.Цэрэнжав ярихдаа, “Уг нь сонин хэвлэлийн уншигч, телевизийн үзэгч, радиогийн сонсогч, тэгээд интернэтийн хэрэглэгч болохын тулд бичиг үсэгтэй байхад л хангалттай. Тусгай боловсрол ч хэрэггүй. Гэтэл нийгмийн амьдрал улам бүр нарийн түвэгтэй болж, үүний нөгөө талд олон нийтийн мэдээллийн суваг, хэрэгсэл дэндүү олширсон тул тэр их мэдээлэл дунд хөл алдахад хүрдэг. Нэг үйл явдлыг хэдэн янзаар тайлбарлахад, жирийн иргэд хэн нь үнэн яриад байгаа нь мэдэгдэхгүй гэж бухимддаг.” хэмээжээ.

Өнөөдөр коронавирус тархаж, дэлхий даяараа түгшиж байна. Фэйсбүүкийг ажиглахад олон нийтэд эрүүл мэндийн боловсролын зэрэгцээ мэдээллийн боловсрол хэрэгтэй гэдэг нь харагдаж байна. Тухайлбал, уламжлалт хэвлэл мэдээллийн агуулгыг иргэд хэрхэн ойлгох вэ? Энэ телевиз яагаад энэ тухай мэдээлэв? Эсрэгээрээ энэ талаар яагаад эс мэдээлэв? гэх мэтээр сууриас нь эхэлж хардаг, ярьдаг болж сурах шаардлагатай. Жишээ нь, Эрдэнэтийн “49 хувь” зэрэг асуудалд манай томоохон телевиз, нэртэй нийтлэлчид гэнэт л дуугаа хураасан байдаг. Уг нь бол энэ “эс мэдээлэх” гэдэг чинь хэвлэл мэдээллийн ёс зүйн асуудал. Өөрөөр бас “Энэ телевиз, энэ сонин, сайтын эзэн нь хэн бэ?” гэж харах, сэтгүүл зүйн агуулга, PR-ын агуулгын ялгааг хэрхэн ойлгох гэх зэргээр хэвлэл мэдээллийг тольдох цонхоо цэлийтэл нээхээс аргагүй.

Цаашлаад нийгмийн сүлжээ хэмээх огт өөр дэг журамтай “ертөнц”-д хэрхэн хандах, ямар агуулга (пост, сэтгэгдэл, реакц)-ыг хэрхэн нягтлан шалгах вэ гэдгээс эхлээд авсан зураг, бичсэн видео, шивсэн текстээ хэрхэн пост болгох вэ гэдэг нь хүртэл хэвлэл мэдээллийн суурь боловсролын нэг хэсэг болно.

Юутай ч хэвлэл мэдээлэл, дижитал мэдээллийн харилцаанд бичиг үсэг тайлагдахын тулд тонгойж унших “толь бичиг” маань нэлээд зузаан эд болохоор байна. Мөн бид үүнийг “уншиж сурах” ёстой гэдэг нь ч тодорхой боллоо.

0/1000