10 дугаар сарын 28-ны өдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах өдөр өнжүүлэх төвд ой хоёр сартай хүүхэд нас барсан. Уг хэрэгтэй холбоотой шүүх шинжилгээний дүгнэлт өнөөдөр гарлаа. Энэ талаар талийгаач хүүхдийн ар гэрээс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Бид хүүгийн ээж Д.Нандинболортой ярилцсан юм.
- Юуны өмнө гүнээ эмгэнэлэл илэрхийлье. Хүүхэд тань амиа алдаад, 1 сар ч болоогүй байна. Амиа алдахын урд өдөр хүүхэд тань ямар байсан бэ?
Би өглөө гараад, шөнө орж ирдэг. Хүүгээ унтаж байхад, орж ирдэг. Гэхдээ намайг гэртээ орж ирэхээр миний хүү заавал сэрдэг. Амралтын хоёр өдөр амардаг болохоор эхний өдөр нь гэрийнхээ ажлыг хийж, хүүгээ харж өнждөг. Би хадмындаа амьдардаг. Тиймээс дараагийн өдөр нь өөрийнхөө ээж дээр очсон. Эмээ нь “Зээ хүүгээ санаад байна” гэсэн болохоор хүү бид хоёр өдөржингөө эмээдээ эрхэлж өнжсөн. Миний хүү тэр өдөр зүгээр байсан. Ханиалгасан, хахсан асуудал байгаагүй. Тэгээд бид хоёр орой нь гэртээ хариад, маргааш өглөөний 07:00 цагт өдөр өнжүүлэхэд хүүгээ хүлээлгэж өгсөн.
- Тухайн өдөр хэдэн цагийн орчимд эл хэрэг болсон бэ. Хэрэг явдлын тухай дэлгэрэнгүй ярьж болох уу?
Өглөө 07:00 цагт хүүгээ өгөхөд, миний хүү багшдаа тэврүүлээд, инээгээд орсон. Өдөр өнжүүлэхэд 2 багш, 11-хэн хүүхэд байсан. Гэтэл өдөр 15:00-16:00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг дээр хүргэгдэж очихдоо амьсгал хураачихсан байсан. Багш нь анх хэлэхдээ “Мэдэхгүй ээ эгчээ. Хоолоо идэж байгаад унтчихсан байсан. Би өлгийдөж аваачаад, орон дээр тавьсан” гэсэн. Гэтэл над руу ярихдаа “Ээж нь мөн үү. Хүү чинь унтаж сэрээд, царай нь сонин болоод байна” гэсэн. Ямар ч эцэг эх хүн хүүгээ тийм болчихсон гэж бодож, эмнэлэг рүү очихгүй. Би анх хүүгээ хордлогод ороод, гүйлгэчихсэн юм байна гэж бодсон.
- Хүү нь өдөр өнжүүлэх төвд яваад хэр хугацаа өнгөрч байсан бэ?
Миний хүү тэр өдөр өнжүүлэхэд яваад, яг 2 сар болж байсан. 8 дугаар сарын 26-ны өдөр хүүгээ анх өгсөн. Үүнээс хойш 2 сар, 2 хоногийн дараа хүүгээ алдлаа.
- Өнөөдөр шүүх шинжилгээний байгууллага хүүг нь “Хууч өвчтэй учраас зүрх нь зогссон” гэж дүгнэсэн байна. Та энэ дүгнэлттэй санал нийлж байна уу?
Яагаад ийм дүгнэлт гарсныг мэдэхгүй байна. Ханиад, хатгаа нь хүндрэхээр бөөрний дутагдал, элэгний үрэвсэл, тархины асуудал үүсдэг юм уу? Манай хүүхэд ганцхан удаа хатгаа тусаж байсан. Тэр нь бүр өнгөрсөн 3 дугаар сард. Ханиад нь хатгаа болж хүндэрдэггүй, дархлаа сайтай. Жаахан даарвал хоолой нь өвддөг байсан. Тэрнээс өөр ямар ч хууч өвчин байгаагүй. Яагаад ийм дүгнэлт гарсныг гайхаад байна. Анхнаасаа хууч өвчтэй байсан юм шиг, “Хатгаатай байсан. Үүнээс болоод, зүрхэнд нь ачаалал өгөөд, зүрх нь хаагдчихсан” гэсэн зүйл ярьж байна. Энэ бол боломжгүй зүйл. Дөнгөж 1 жил 3-хан сар амьдарч байсан хүүхдэд юун хууч өвчин байх юм бэ? Ийм байх боломжгүй. Үнэхээр гомдолтой байна. Багш нар нь хариуцлага хүлээх байтал одоо болтол сул, чөлөөтэй явж байна. Тэр өдөр өнжүүлэх бүхэл бүтэн 4 жил зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан, хяналтын камергүй. Миний хүүд задлан хийсэн Болормаа гэдэг задлангийн эмч яагаад ийм дүгнэлт гаргаж байгаа юм. Үүнд ямар нэг гадны нөлөө орсон гэдэгт итгэлтэй байна. Эв эрүүл сав саруул, өглөө нь инээгээд гарсан хүүхэд өдөр нь өөд болсон гэхэд аймшигтай. Одоо ч надад хэцүү байна.
- Хэрэг болсон өдөр хэдэн цагийн үед тан руу холбогдсон бэ. Та задлан шинжилгээнд орохын өмнө хүүгээ харсан уу?
Хүүгээ харсан. Хүү минь өнгөрөөд, маш олон цаг болчихсон байсан. Намайг өдөр 15:00 цаг өнгөрөөгөөд очиход, хүүгийн минь хуруу нь хөхрөөд эхэлчихсэн, бие нь хөрчихсөн байдалтай байсан. Үнэхээр нүд халтирам. Хамаг бие нь хөшөөд, би үнэхээр тийм байдгийг мэдэхгүй. Анх удаагаа тийм зүйлтэй нүүр тулж байгаа учраас үнэхээр аймаар байсан. Амь шигээ хайрладаг үрийнхээ цогцсыг авах гээд очих үнэхээр аймаар. Нэг дэх өдөр тийм үйл явдал болсон. Гурав дахь өдөр хүүгээ оршуулах гээд бэлтгэж байхад, уг өдөр өнжүүлэхийн хүүхдүүдийн ар гэрийн төлөөлөл эцэг, эхчүүд “Танайд очъё” гэж ярьсан. Гэтэл 2 багш нь хүрч ирснээ “Бид хоёрыг уучлаарай” гэж хэлж байгаа юм. Уучлахгүй бол миний хүү босоод ирэхгүй л байхгүй юу. Тэр шивээстэй шар багш нь миний хүүтэй чацуу ой гурван сартай хүүхэдтэй. Өөр хүүхдүүдэд анхаарч байгаад, миний хүүг хайхраагүй орхичихсон юм уу? Яагаад заавал миний хүү гэж. Ямар нүүрээрээ миний хүүгийн амьдарч байсан гэрт ирж байгаа юм бэ? Уучлалт гуйгаад, миний хүү босоод ирэхгүй шүү дээ. Миний хүүг алчхаад манай гэрт ирж байгаа байхгүй юу.
- Тухайн 2 багш хэд орчим насны хүмүүс вэ?
Хоёр багш байсан. Залуу багш нь 23, 24 настай. Шинэ төгсөгч байсан байх. Захирал нь 30 гарчихсан, 40 настай болов уу. Насыг нь яг сайн мэдэхгүй байна. Анх очиход, ямар ч цэцэрлэгийн багш үнэхээр сайхан харилцдаг. “Гэртээ хүүхэд харна гэдэг үнэхээр тав тухтай. Гэр шигээ орчинд хүүхдээ харуулж байна” гэж бодоод, итгээд хүүхдээ өгсөн.
- Өдөр өнжүүлэх төвийн сарын төлбөр нь хэд байсан бэ?
Сарын төлбөр 360.000 бил үү. 380.000 төгрөг. Тэр орчим гэж санаж байна.
НӨХӨРТӨӨ ДЭМ БОЛЪЁ, ӨӨРӨӨ АЖИЛ ХИЙЕ ГЭЖ ШИЙДЭЭД ХҮҮХДЭЭ ӨГСӨН БОЛОВЧ АЛДЧИХЛАА
- Залуу гэр бүл байна. Яагаад хүүхдээ өдөр өнжүүлэх төвд өгье гэж шийдсэн бэ?
Би оюутан. МҮИС-д сурдаг. Тухайн өдөр өглөө эрт явсны учир нь манай хичээл 9 дүгээр сараас хойш ороогүй. Тиймээс сургуулийн захиралтайгаа уулзаж, сургуулиас гарах өргөдлөө өгсөн. Одоо би 20 настай. 19 настайдаа ээж болсон. Манай нөхөр л зөвхөн ажил хийж амьдралаа авч авдаг. Гэвч нөхрийн ажил зогсонги байдалд орчихсон. Тиймээс “Нөхөртөө дэм болъё. Гэртээ суухгүйгээр өөрөө мэргэжлээрээ ажиллая. Өглөө нь би хүүгээ зөөж, орой нь нөхөр хүүхдээ авъя” гээд бид хоёр ярилцаад, хүүхдээ өдөр өнжүүлэх төвд өгсөн. Манай хүүхэд хөлд орчихсон, сэргэлэн, хөдөлгөөнтэй хүүхэд байсан.
- Шүүх шинжилгээний байгууллагын дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа юм байна. Танай гэр бүлийн зүгээс цаашдаа ямар арга хэмжээ авах вэ?
Шүүх шинжилгээний дүгнэлтийг дахиад гаргаж өгөөсэй гэж хүсэж байна. Багш нь өөрөө тухайн орой Neguun.mn сайтад “Хахчихсан юм шиг байна лээ эгчээ. Хоолоо идэж байгаад унтсан” гэж хэлсэн. Тэгж хэлснийг ямар ч хүн хахчихсан гэж ойлгоно. Гэтэл задлан шинжилгээнд ороод, шүүх шинжилгээний дүгнэлт нь зүрх судасны өвчтэй, элэгний дутагдалтай, тархиндаа асуудалтай гээд маш олон хууч өвчтэй гэж гарсан байна. Энэ чинь ой гурван сартай нялх амьтанд боломжгүй шүү дээ. Хүүхдэд ямар нэг өвчин, зовуурь илэрвэл ямар ч эх хүн хүүхдээ мэдэрнэ шүү дээ. Манай хүүхэд ингээд байна гээд хүүхдээ эмчид үзүүлнэ шүү дээ. Би хүүхдээ жаахан ханиалгахад, дүүргийн эмнэлэгт очоод, эм бичүүлээд, эмчилгээ хийлгэдэг байсан. Тухайн үед манай хүүхэд ханиадтай байсан нь үнэн. Гэхдээ ханиад нь эдгэж байсан болохоор хүүхдээ өндөр өнжүүлэхэд нь аваачиж өгсөн. Хатгаа хүндрэхээр зүрх судасны өвчин, тархины асуудал болдог юм уу. Үнэхээр гайхаж байна.