horoscope
horoscope
horoscope
userХ. Болормаа

Монголчууд АНУ, БНСУ-д хариуцлагатай аялаад, буцаж ирвэл дараагийн хүмүүст виз олдоно

post-img

Гадаад харилцааны яам, АНУ, БНСУ-ын ЭСЯ-тай хамтран “Хариуцлагатай аялцгаая” мэдээлэл, сурталчилгааны аян өрнүүлж эхэллээ.

БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жи Вон:

-БНСУ 1990 онд Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон. Манай 2 улсын харилцаа бүхий л салбарт эрчимтэй хөгжиж буй. Ардчилал, хүний эрх, зах зээлийн эдийн засгийн хамтын ажиллагааг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлстэй. 2021 онд стратегийн түншлэлийн харилцаанд хүрснээр өмнөхөөсөө илүү эрчимтэй хамтран ажиллаж байна. Үүний гол хүчин зүйл нь иргэдийн солилцоо гэж үзэж байна. Тухайлбал, өнгөрсөн жил Монгол Улсын 140 мянга гаруй иргэн БНСУ руу, мөн энэ тооны солонгос иргэн Монгол Улс руу харилцан зорчсон байна. Энэ жил гэхэд Солонгос улсаас 180 мянга гаруй иргэн Монголд иржээ.

2024 оны 10 дугаар сарын байдлаар 57 мянга орчим монгол иргэн Өмнөд Солонгост ажиллаж, амьдарч байна. Тиймээс харилцан хариуцлагатай аялах нь чухал юм. Зорчиж буй улсын хууль дүрэм, соёлыг хүндэтгэх хэрэгтэй. Энэ нь цаашлаад хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна.

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Л.Буанган:

-Сүүлийн хэдэн жилийн хугацаанд АНУ-д зочлох хүсэлтэй монголчууд урьд урьдынхаас олноор нэмэгдэж байгаад бид баярлаж байна. Тухайлбал, өнгөрсөн 12 сарын хугацаанд АНУ-ын ЭСЯ-ны Консулын хэлтэс Монголын иргэдэд 18 мянга орчим виз олгосон байна. Дотоодын аюулгүй байдлын яамны мэдээлснээр, энэ оны 5 дугаар сарын байдлаар АНУ-д 3000 монгол оюутан суралцаж байна. Ноднин 2700 оюутан суралцаж байсан юм. 2024 онд 800 гаруй оюутан “F1” виз, олон улсын солилцооны төрөл бүрийн хөтөлбөрийн 2000 гаруй зочин “J1” виз авчээ.

Эдгээр тоо нь өсөлтийг илтгэж байгаа ч “АНУ-д зорчих виз авахад хялбар байгаасай” гэж хүсэж байгаа олон хүн дахиад байгааг бид ойлгож байна. АНУ-д зорчоод буцаж ирсэн болон ирээгүй монгол аялагчдын өмнөх түүх виз олголтод ихээхэн нөлөөлдөг. Өнөөдөр виз мэдүүлэгч АНУ-ын визний шалгуурыг хангах эсэхийг үнэлэхэд тэрхүү мэдээлэл нөлөөлнө. Монголчууд АНУ болон бусад улс руу зорчих явдлыг хөнгөвчлөхийн тулд  хариуцлагатай зорчих шаардлага хүн бүрт тавигдаж байна. Хэрхэн илүү ухаалаг, илүү хариуцлагатай аялах вэ? Энэ бол энэ аяны гол зорилго юм. Илүү олон хүн хариуцлагатай аялах тусам гарах өөрчлөлтүүд нь ирээдүйд Монголын виз мэдүүлэгчдийн үнэлгээнд эергээр нөлөөлнө. Хүн бүр ойлголттой байж, хариуцлагатай аялах юм бол монголчууд АНУ-д зочлоход илүү хялбар байх болно. Учир нь, хууль тогтоомж зөрчихгүйгээр аялж, тэр дундаа аяллын хууль ёсны зорилго нь дуусмагц цагтаа эх орондоо буцаж ирэх нь итгэлцэл бий болгодог.

0/1000