Украины дайны 1000 дах хоног
11 сарын 19-ний мягмар гаригт Украины дайн эхэлсний 1000 дахь өдөр тохиож, тус улсын нийслэл Киев хотын төвд орших Тусгаар тогтнолын талбайд дайнд амиа алдсан цэрэг бүрийн тоогоор Украины туг тавьж, тэднийг дурсгалыг хүндэтгэсэн байна. Энэхүү талбайд 2022 оны 5 дугаар сард анхны туг далбааг тавьж эхэлж байсан бол өнөөдөр олон арван мянга болтлоо нэмэгдээд байгаа бөгөөд энэхүү дурсгал, хүндэтгэлийг аливаа нэгэн төр засгийн байгууллагаас зохион байгуулаагүй, ард иргэд өөрсдөө үүнийг өдөр бүр бүтээсээр ирсэн гэдгийг Associated Press агентлаг онцолсон юм. Эргэн сануулахад 2022 оны 2 сарын 24-нд ОХУ “цэргийн тусгай ажиллагаа” нэрэн доор Украин руу өргөн фронтоор дайран орж байсан бөгөөд яг энэхүү Оросын дайралт эхэлснээс хойшхи 1000 дах өдөр энэ долоо хоногт тохиосон бол Орос-Украины дайн үүнээс өмнө буюу 2014 оны 2 сарын 20-нд эхэлсэн гэж үздэг билээ.
Барууны орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэв
Энэ долоо хоногийн эхээр АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден Америкийн алсын зайн тусгалт ATACMS пуужинг Оросын эсрэг, нэн ялангуяа Оросын нутаг дэвсгэрт цохилт өгөхөд ашиглаж болно гэсэн зөвшөөрлийг олгосон. Хоёр сарын дараа бууж, төрийн эрх мэдлийг Дональд Трампад шилжүүлэх гэж байгаа АНУ-ын төрийн тэргүүн Ж.Байден энэ дайн эхэлснээс хойш Украинд зэр зэвсэг болон хөрөнгө санхүүгийн дэмжлэгийг тасралтгүй үзүүлсээр ирсэн бөгөөд тэрээр ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь дуусахаас өмнө амжиж Украинд “чадах чинээгээрээ” туслахыг оролдож эхлээд байгаа нь түүний дээрх шийдвэрээс харагдаж байна. Украины зүгээс олон сарын турш Америкийн хүчирхэг пуужинг өөрийн хилээс гадуур ашиглах хүсэлтийг тавьсаар ирсэн ба ийнхүү уг зөвшөөрлийг олгосноор Вашингтоны байр суурь, бодлого өөрчлөгдөж байгааг харуулсан үйл явдал болоод байна. Үүнийг мөн Ж.Байдены Д.Трампад барьж байгаа “бэлэг” гэж үзэх ажиглагчид ч байгаа юм. Зөвшөөрөл олгосон даруйд Украины тал ATACMS пуужингаар ОХУ-ын нутаг дэвсгэрт, тодруулбал Брянск мужийн Карачев хотын ойролцоох цэргийн дэд бүтцэд цохилт үзүүлж, хохирлын талаар талууд ялгаатай мэдээллүүдийг хийсэн. Энэ нь Украины дайн үргэлжлэх хугацаанд Америкт үйлдвэрлэсэн пуужин Оросын нутаг дэвсгэрт туссан анхны тохиолдол болсон юм. Тэгээд зогсохгүй энэ долоо хоногт Их Британийн зүгээс Storm Shadow пуужинг ашиглах зөвшөөрлийг Украинд өгч, Киев ч цаг алдалгүй уг пуужингаар Оросын Курскийн мужийн орчимд цохилт үзүүлсэн. Үргэлжлээд Ж.Байдены засаг захиргаа Украинд газрын мина ашиглах зөвшөөрөл өгч, нийлүүлэх шийдвэрийг гаргасныг АНУ-ын Батлан хамгаалахын төрийн нарийн бичгийн дарга Ллоид Остин танилцуулсан нь Украинд үзүүлж байгаа өөр нэгэн томоохон дэмжлэг болсон юм. Дээрх гурван зөвшөөрөл, шийдвэрээрээ барууны их гүрнүүд Украинд үзүүлэх тэдний дэмжлэг алга болж, арилчихаагүй байгаа гэдгийг дэлхий нийтэд харуулаад байна.
ОХУ цөмийн зэвсгийн үзэл баримтлалдаа өөрчлөлт оруулж, баруунд хариу барив
Өөрийнх нь газар нутагт Америкийн хүчирхэг пуужингаар цохилт үзүүлсний дараа ОХУ-ын төрийн тэргүүн В.Путин тус улсын цөмийн зэвсгийн үзэл баримтлалд өөрчлөлт оруулахыг зөвшөөрч, гарын үсэг зурсан юм. Үндсэн дөрвөн зүйл заалттай тус үзэл баримтлалын бараг бүх зүйл заалтад нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд энэхүү нэмэлт өөрчлөлт нь “хэрвээ ардаа цөмийн зэвсэгтэй их гүрний дэмжлэгтэй цөмийн зэвсэггүй улс Орос руу довтолбол тэдгээр улсуудыг ОХУ-ын эсрэг нэгдэн довтолсон гэж үзнэ” гэсэн үндсэн утга агуулгатай байлаа. Оросын эсрэг олон тооны пуужин, дрон, онгоцоор довтолсон тохиолдолд цөмийн зэвсгээр хариу үзүүлэх шалгуурт тэнцэхээр болж байгаагаас гадна ОХУ болон мөн Беларусь улсын тусгаар тогтнолд ноцтой аюул заналхийлэл учруулсан тохиолдлыг авч үзэх юм байна. Мөн дээр нь аливаа цэргийн эвслийн аль нэг гишүүн орон Москвагийн эсрэн заналхийлсэн тохиолдолд үүнийг тухайн эвслээс заналхийлсэн гэж үзэхээр болсон. ОХУ-ын цөмийн зэвсгийн үзэл баримтлалд оруулсан энэхүү нэмэлт өөрчлөлтийг өнгөрсөн 9 дүгээр сард анх санал болгосон бөгөөд энэ долоо хоногийн мягмар гаригт тохиосон Украины дайны 1000 дах өдрөөр уг нэмэлт өөрчлөлтийг В.Путин зөвшөөрсөн юм. ОХУ-ын уг шинэ цөмийн зэвсгийн үзэл баримтлалыг “сайтар судалж, гүн гүнзгий анализ дүн шинжилгээ хийхийг” Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков улс орнуудад зөвлөсөн.
Цөмийн зэвсгийн үзэл баримтлалд өөрчлөлт оруулахаас гадна Оросын тал Украины зүүн хэсгийн Днепр хот болон ойролцоох Украины цэргийн аж үйлдвэрийн компаниудад (Украины “Южмаш” хэмээх пуужин үйлдвэрлэгч компани) нэгдсэн цохилт үзүүлсний дотор Оросын цоо шинэ дундын тусгалт, хэт авианы баллистик пуужинг харван туршсан юм. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины мэдэгдсэнээр “Орешник” хэмээх уг шинэ пуужин нь Mach 10-ын хурдтай, одоогоор ямар ч пуужин эсэргүүцэх систем энэ төрлийн пуужинг хориглон сөнөөж чадахгүй бөгөөд “цөмийн цэнэгт хошуу тээгээгүй” хэмээн онцолсон юм. Мөн барууны их гүрнүүдийн пуужингуудаар Оросын нутаг дэвсгэрт цохилт өгсний хариу болгон харваснаа онцолж, барууны орнуудад анхааруулга өглөө. Өөрөөр хэлбэл хэрвээ хүсвэл ОХУ цөмийн цэнэгт хошуутай пуужинг хэзээ ч харваж, онилсон байндаа тусгах чадалтай гэдгээ харуулаад байна. В.Путины хувьд энэ дайн эхэлснээс хойш “цөмийн зэвсэг хэрэглэхийг үгүйсгэхгүй” хэмээн удаа дараа мэдэгдсээр ирсэн билээ. Гэвч барууны их гүрнүүд Оросын цөмийн зэвсгийн аюулаас “нэг их айж эмээсэн шинжгүй” байгаагийн шалтгааныг олон улсын ажиглагчид Москва-гийн гол түнш, холбоотон болох БНХАУ-тай холбон тайлбарлаж байна. Оросын цөмийн зэвсгийн хэрэглээг хязгаарлаж байгаа цорын ганц улс бол Хятад гэж барууны орнууд үзэж байгаа гэнэ.
Украины дайн “дэлхийг хамарсан зөрчилдөөн” болох уу?
В.Путин пүрэв гаригт хийсэн мэдэгдэлдээ энэ дайн “олон улсын шинж чанартай болж ирлээ” хэмээн анхааруулсан нь нэг зүйлийг хэлээд байна. АНУ, Их Британи улсууд өмнөхөөсөө илүү оролцоотой болж ирээд байгаа бол Умард Солонгосын цэргүүд ОХУ-д дайчлагдан ирээд байгаа гэсэн мэдээллүүд нь үүний баталгаа болж байх шиг. Түүнчлэн Европт өрнөж байгаа энэ зөрчилдөөны өөр нэг талбар Солонгосын хойг болж болзошгүй гэдэг анхааруулгыг ч мөн олон улсын судлаач, шинжээчид хэлж байгаа. Пүрэв гаригт мөн БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун “урьд өмнө байгаагүй цөмийн дайны аюул заналхийлэл бий болоод байна” хэмээн онцолж, Пхеньяны эсрэг “түрэмгий” бодлого явуулж байна хэмээн АНУ-ыг буруутгасан юм. Зөрчилдөөн намжих эсэх нь ирэх оны 1 сарын 20-нд ерөнхийлөгчийн тангараг өргөж, албандаа орох Д.Трампаас ихээхэн шалтгаалах нь тодорхой болоод байгааг ихэнх ажиглагчид хэлж байна. Д.Трамп албандаа ороод “24 цагийн дотор дайныг дуусгана” гэсэн амлалтыг сонгуулийн үеэр өгч байсан. Харин Д.Трампын ойрын хүрээллийн хүмүүсийн цухалзуулснаар Донбасс болон Крымын бүс нутгийг ОХУ-д өгөх буултыг Украинаар хийлгэснээр энэ дайныг төгсгөж магадгүй гэсэн яриа явж байгаа юм. Ямартай ч энэ долоо хоногт өрнөсөн үйл явдлууд нь ирээдүйд Украины дайныг өндөрлүүлэх энхийн яриа хэлэлцээнд давуу талыг олж авах гэсэн өрсөлдөөн эхэлж байгааг харуулсан дохио болоод байна.