УИХ-ын баасан гаргийн нэгдсэн чуулганаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай болон түүнтэй холбогдуулан өргөн барьсан хуулиудад бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд, хүлээн авав. Шинэ, ардчилсан Үндсэн хуулиа баталсан 1992 оноос хойш парламентаас төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан хоёр дахь тохиолдол нь энэ боллоо. Хоригийг хүлээж авах, эсэхийг чуулганаар хэлэлцэх явцыг харахад хэд хэдэн зүйл анхаарал татав. Төрийн тэргүүний зүгээс тодорхой шаардлагад үндэслэж хориг тавьсан. Үүнийг хүлээж авбал ямар дэг, журмаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай болон холбогдох хуулиадад засвар хийх нарийн зохицуулалт УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд байдаггүй аж. Тиймээс энэ процесс хэрхэн үргэлжлэх вэ гэсэн асуулт байлаа. Мөн төсвийг алдагдалгүй болгохын тулд 2.2-3 их наяд төгрөгийн урсгал зардлыг танах ёстой. Үүнийг хаанаас, хэний багцаас, хэрхэн хасах вэ. Сайд нар өөрийн багцаас аль болох хасуулахгүй, гишүүд тойрогт нь тавьсан хөрөнгө оруулалтаас тануулахгүй байх хүсэлтэй нь нууц биш. Нөгөө талаас алдагдалгүй төсөв батлах гэж улайраад үр ашигтай байлгах гол зорилгоо умартах вий гэсэн болгоомжлол ч гарсан юм. Түүнчлэн “Улсын төсвийг батлахдаа Үндсэн хууль зөрчсөн” гэсэн Ерөнхийлөгчийн үг нь УИХ-ын 41 дүгээр тогтоолтой холбогдож буй. Улсын төсөвт ондоо багтаан тодотгол хийж оруулж ирэх тухай дээрх тогтоолд тусгасан юм. Тэгвэл гишүүд уг тогтоолыг хамтдаа баталсан атлаа нэгэн рүүгээ бурууг чихэх гэж оролдож, бас гэмшив.
Ёс зүй, дэгийн байнгын хороо тогтоолын төсөл боловсруулна
Манай улсын түүхэнд нийт есөн удаа Ерөнхийлөгчийн зүгээс улсын төсөвт хориг тавьсан байдаг аж. Бүхэлд нь тавьсан зургаан удаагийн хоригийг УИХ хүлээж авч байсангүй. Харин 2005 онд хэсэгчилж тавьсан хоригийг анх удаа хүлээн авсан юм байна. Төсөвт тавих Төрийн тэргүүний хоригийг үргэлж “бэлгэдлийн” чанартай хэлэлцдэг байсан учраас үүнийг хүлээж авбал дараах үйл явц хэрхэн өрнөх тухай нарийн зохицуулалтыг хуульд хийж байсангүй. Тиймээс улс төр, эдийн засгийн давхар нөхцөл байдлын улмаас Засгийн газар өргөн барьсан төслөөсөө, УИХ баталсан хуулиасаа ухрах болтол дараагийн алхмаа хэрхэн хийхээ мэдэхгүйд болчихов. Засгийн газарт төсвийн хуулийг буцааж, “задалж” боловсруулах уу, эсвэл “гар хүрч” болдог хоёрдугаар хэлэлцүүлгийн шатнаас дахин эхлүүлж, засах уу гэсэн эргэлзээ гарсан юм.
2005 онд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль байгаагүй. Дэгийг УИХ-аас тогтоол батлан шийдээд явдаг байж. Тиймээс нэгдсэн чуулганы үеэр хэд хэдэн гишүүн үүнийг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандоржоос тодруулсан. Тэрбээр “Хуулийн 16 дугаар зүйлд хуралдааны дэгээр зохицуулаагүй асуудлыг хэлэлцэх журмыг тусгасан. УИХ хоригийг хүлээж авсан бол Ёс зүй, дэгийн байнгын хорооноос үүнтэй холбоотой хэрхэн хэлэлцэх дэгийн тухай тогтоолын төсөл боловсруулж оруулж ирнэ. Чуулганаар үүнийг баталж байж уг тогтоолын дагуу хориг хүлээж авсны дараах хэлэлцүүлгийг хийнэ” гэв.
УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон 89 гишүүний олонхын саналаар хоригийг хүлээж авахыг дэмжиж, тогтоолыг баталсан. Тиймээс одоо Ёс зүй, дэгийн байнгын хороо уг хоригт зориулсан тусгай дэгийг боловсруулах үүрэг хүлээж байна.
УИХ өөрөө Үндсэн хууль зөрчсөн үү
Ерөнхийлөгчийн хориг тавьсан үндэслэлд “УИХ 41 дүгээр тогтоол баталсан нь алдаатай төсөв гэдгийг нь хүлээж зөвшөөрсний илрэл” гэсэн билээ. Мөн уг үйлдэл нь өөрөө Үндсэн хууль зөрчсөн гэдгийг тодотгосон юм. Тиймээс УИХ-ын гишүүд үүний буруутныг хайн маргалдав. Төсвийн төсөлд үргүй олон зардал орсныг нэр бүхий гишүүд шүүмжилж, 3.6 их наяд төгрөг хасахыг шаардсан. Гэвч тэр үед төсвийн хоёрдугаар хэлэлцүүлэг өнгөрчихсөн, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу зарчмын зөрүүтэй санал хураалгах боломжгүй болсон байв. Тиймээс олон нийтийн дургүйцлийг намдааж, алдааг засахын тулд төсөвт тодотгол хийх чиглэл өгсөн 41 дүгээр тогтоолыг УИХ баталсан. Үүнийг 2025 оны эхний улиралд багтаан хийхийг анх ярьж байсан аж. Гэтэл Төсвийн байнгын хорооныхон “Ондоо багтаан оруулж ирэх” болгон өөрчилсөн аж. Сангийн сайд Б.Жавхлан ч “Ирэх оны эхний улирал гэхээр Монгол Улсын төсөвгүй мэт маргаантай нөхцөл үүснэ. Ондоо багтаасан нь дээр” гэсэн санал өгснөө “илчилнэ” лээ. Байнгын хорооноос өөрчилж оруулж ирсэн саналыг нь УИХ дэмжин, тогтоолоо баталсан. Гишүүн П.Сайнзориг “Төсвийн тухай хуульд хориг тавих үндэслэлийг УИХ өөрөө бүрдүүлсэн. 41 дүгээр тогтоолыг санаачилсан Төсвийн байнгын хороо болон ажлын хэсгийнхэн хариуцлага хүлээнэ биз дээ” гэв. УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд нэгэнт болж өнгөрсөн зүйлд нэр нүүрээ хамгаалж, “ширлээд” өнгөрөхөөс өөр арга үлдээгүй бололтой. “Нэг л зөрчилтэй юм хийчихсэн юм шиг өөрсдийгөө эвгүй байдалд оруулах юмыг манай гишүүд их ярьж байна. Өмнөх 76-г санагалзсан хүмүүсийн даалгавар байдаг юм уу, энэ 126 хүнийг муухай харагдуулахыг хүсэв үү. УИХ-аас өмнө нь 2014, 2015 онд төсөв баталсантай холбогдуулан тодотгол хийх тухай тогтоол хоёр удаа баталж байсан. З.Энхболд УИХ-ын дарга байхад 2014 онд төсвөө баталмагц тодотголыг ирэх оныхоо эхний улиралд багтаан хийх тогтоол баталсан байдаг. 2015 онд мөн адил. Хууль батлаад хэрэгжихээс нь өмнө өөрчилдөг жишиг өмнөх парламентуудад ч байсан шүү. Гэтэл парламентыг муухай харагдуулах гэж, хэн нэгний гар, хөл болж ийм зүйл ярьж болохгүй” хэмээн сануулсан. Нөгөөх нь хэн нэгний гар, хөл болоогүй, санал бодлоо хэлж байна хэмээн эсэргүүцэв.
Улсын төсөвт бүхэлд нь тавьсан хоригийг парламент анх удаа ийнхүү хүлээж авлаа. Эхний хувилбарыг хэлэлцэж байхад Засгийн газраас оруулж ирсэн төсвийг олноороо хамгаалж байсан гишүүд бараг бүгд л хоригийг хүлээж авахыг дэмжлээ. Бүлэг, байнгын хороогоор дэмжсэн гэхээс илүү МАН-ынхан дотроо байр суурь нэгдэж, үүгээр далимдуулан давхар улс төрийн нүүдэл хийх шийдэл гаргасны үр дүн биз. 2025 оны төсвийн урсгал зардлын 70 хувь нь эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамжид ногдож буйг Сангийн сайд сануулаад “Нийт төрийн албан хаагчдын 60-70 хувь нь эдгээр салбарт ажилладаг. Алдагдалгүй төсөв баталж, 2.2-3 их наяд төгрөгийн зардал хэмнэхийн тулд эдгээр салбар руу орж таарна. Цаашид алдагдалгүй төсөв баталж, тогтолцооны өөрчлөлт хийх нь зөв гэдэг агуулгаар Засгийн газар хоригийг хүлээж авч байгаа” гэсэн юм. Алдагдалгүй гэдэг үгэн дээр хэт их төвлөрч, орлогоо өөдрөгөөр төсөөлөн оруулж ирээд тоог “нийцүүлэх”, үүний ард үргүй зардал нь шийдэгдэхгүй үлдэх эрсдэл бийг гишүүн Ж.Баярмаа сануулсан. Энэ бол анхаарах ёстой санал. Зураг төсөвгүй, магадлангаар ороогүй, бодит өгөөж өгөхгүй бүх зардлыг Засгийн газар одоо хасах ёстой. Ерөнхийлөгчийн зүгээс “Хэрэв шаардлагад нийцээгүй төсөв оруулж ирвэл дахин хориг тавина” гэж сануулж буй юм билээ. Ийм хууль, эрх зүйн боломж бий гэдгийг Тамгын газрын дарга Г.Занданшатар нь ч мэдэгджээ. Гэхдээ Сангийн сайдын ярьсанчлан тэд хэдийн тооцоо, судалгаагаа хийчихсэн, дараагийн хувилбараа бодчихсон суугаа. Үргүй зардлаас багадаа 2.2 их наядаар танах нь иргэд бидний амьдралыг илүү хүндрүүлэхгүй байхад тустай. Тэгэхээр Ерөнхийлөгч хориг тавьж нэр хүндээ өсгөх, Засгийн газар үүгээр дамжуулан алдаагаа засах, улс төрчид тус тусын тоглолтоо хийх эрх ашгийн ард нийт ард иргэд хожиж байна гэхэд болно.