horoscope
horoscope
horoscope
userХ. Болормаа

3 аймгийн ИТХ эмэгтэй даргатай боллоо

Орон нутгийн сонгуулиар аймгуудын 9 дэх ИТХ-ын төлөөлөгч нар тодорч, үнэмлэхээ аван, ажилдаа орлоо. Тэднийг аймгийнхаа 2025 оны төсөв батлах том ажил хүлээж байна. Булган, Дархан-Уул, Өвөрхангай аймгийн нутгийн өөрөө удирдах байгууллага түүхэндээ анх удаа эмэгтэй даргатай болов.

Архангай аймгийн ИТХ 10 дугаар сарын 21-нд 100 хувийн ирцтэй хуралджээ. Тус аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр 6 дахь удаагаа сонгогдоод байгаа П.Гомбодоржийг төлөөлөгчдийн олонхын саналаар Архангай аймгийн ИТХ-ын даргаар сонгосон байна. Төлөөлөгчдийн 51.2 хувь нь түүнд санал өгчээ.

Баян-Өлгий аймгийн ИТХ-ын даргаар АН-ын хорооны дарга Алданышийн Бегарыс сонгогджээ. Тус аймгийн ИТХ анхны хурлаа 10 дугаар сарын 28-нд хийж, Толбо сум буюу 13 дугаар тойргоос сонгогдсон А.Бегарысыг уг хуралд оролцсон нийт 23 төлөөлөгч бүгд дэмжжээ. Орон нутгийн 9 дэх удаагийн сонгуулиар тус аймгийн ИТХ-д АН 23, МАН 18 суудал авсан юм. 41 төлөөлөгчийн 36 нь эрэгтэй, 5 нь эмэгтэй.

А.Бегарыс 1992 оны 5-р сарын 27-нд Баян-Өлгий аймгийн Толбо суманд төрсөн. Эхнэр, хоёр хүүхэдтэйгээ амьдардаг. 2010 онд Өлгийн “Бастама” сургууль, 2015 онд ШУТИС-ийг барилгын инженер мэргэжлээр төгсөж, 2019 онд Казахстан улсын Сатпаевийн нэрэмжит их сургуульд техникийн ухааны магистрын зэрэг  хамгаалсан байна.

  • 2017-2021 онд “Назар-Авто” компанийн гүйцэтгэх захирал,
  • 2021-2024 онд “Мөстийн-Ундарга” компанийн гүйцэтгэх захирал.

Баянхонгор аймгийн ИТХ 10 дугаар сарын 23-нд анхны хурлаа хийж, аймгийн ИТХ-ын даргаар Эрдэнээгийн Энхбатыг 35 төлөөлөгчийн 100 хувийн саналаар сонгов. Тэр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумаас 3 дахь удаагаа аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож байгаа бөгөөд 2020 оноос аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байгаа юм.  

Э.Энхбат 1980 онд төрсөн. Нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй. Хууль эрх зүйн магистр, Монгол Улсын хугацаагүй эрхтэй мэргэшсэн нягтлан бодогч.

  • 2001-2002 он “Хоол хүнсний тусламж” олон улсын байгууллагад нягтлан бодогч
  • 2002-2007 он “Мерси кор” олон улсын байгууллагын “Говийн санаачилга” төслийн газарт санхүү, захиргааны ажилтан
  • 2007-2012 онд Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газарт Санхүүгийн хяналтын хэлтсийн дарга
  • 2012-2016 он Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга
  • 2016-2020 он “Чандмань Баянхонгор” ХК-ийн гүйцэтгэх захирал
  • 2020-2024 он Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга

Булган аймгийн ИТХ 11 дүгээр сарын 1-нд анхны хурлаа хийж, Шурагийн Насандуламыг төлөөлөгчдийн 51.6 хувийн саналаар аймгийн ИТХ-ын даргаар сонгожээ. Ийн Булган аймгийн ИТХ 30 жилийн түүхэндээ анх удаа эмэгтэй даргаар удирдуулахаар болов.

ИТХ дахь Ардчилсан намын бүлгээс Ж.Ганболдыг, МАН-ын бүлгээс Ш.Насандуламыг нэр дэвшүүлсэн байна. Хуралд 29 төлөөлөгч 100 хувийн ирцтэй оролцсон байна.

Говь-Алтай аймгийн ИТХ 10 дугаар сарын 21-нд анхны хурлаа хийж, 29 төлөөлөгчийн 28 нь оролцсон байна. Уг хуралд аймгийн ИТХ дахь АН-ын бүлэг  аймгийн ИТХ-ын даргад Л.Насанбуянг нэр дэвшүүлж, төлөөлөгчдийн 64.2 хувийн саналаар ИТХ-ын даргаар сонгожээ.

Л.Насанбуян Цогт сумаас аймгийн ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон, сэтгүүлч мэргэжилтэй.

  • 2008-2012 онд Цогт сумын Рашаант багийн засаг дарга,
  • 2012-2016 онд Цогт сумын ИТХ-ын дарга,
  • 2016-2020 онд Цогт сумын засаг дарга,
  • 2020-2021 онд аймгийн ХХААГ-ын дарга,
  • 2021 оноос Цогт сумын засаг даргаар ажиллаж байв.

Говьсүмбэр аймгийн ИТХ Ш.Билэггүмбэрэлийг 10 дугаар сарын 23-нд болсон анхны хурлаараа дахин даргаараа сонгожээ.

2020-2024 онд тус аймгийн ИТХ-ыг удирдсан тэр 2028 он хүртэл улиран ажиллахаар болов. Энэ аймгийн ИТХ-д МАН 21, АН 4 суудал авчээ.

Дархан-Уул аймгийн ИТХ 10 дугаар сарын 17-нд болсон анхны хурлаараа Алтангэрэлийн Янжмааг ИТХ-ын даргаар сонголоо. МАН-ын бүлгээс аймгийн ИТХ-ын даргад нэр дэвшүүлсэн төлөөлөгч А.Янжмаад 40 төлөөлөгчийн 25 нь  буюу 62.5 хувь нь саналаа өгчээ.

Түүнтэй өрсөлдсөн Л.Анар-Эрдэнэ 15 төлөөлөгчийн санал авчээ.

Дорноговь. Орон нутгийн 2024 оны сонгуулиар шинээр байгуулагдсан тус аймгийн ИТХ анхны хурлаа 10 дугаар сарын 21-нд хийж, Замын-Үүд сумын I, II  баг буюу тавдугаар тойргоос нэр дэвшиж, төлөөлөгчөөр сонгогдсон Найдангийн Алдарбаярыг даргаараа сонгов.

Тэр 2016-2024 онд Замын-Үүд сумын засаг дарга, ИТХ-ын даргаар ажиллаж байжээ.

Дорнод аймгийн ИТХ 10 дугаар сарын 16-нд анхны хурлаа хийж, ИТХ-ын даргаар Ганхуягийн Цолмонг төлөөлөгчдийн 55.5 хувийн саналаар сонголоо. Тэр 1975 онд Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд төрж, Дашбалбар суманд ерөнхий боловсролын сургууль төгссөн, эрхзүйч мэргэжилтэй. 2008-2024 онд УБЕГ-т улсын бүртгэгч, ахлах бүртгэгч, Тамгын даргаар ажиллаж байжээ. 2024 оны аймгийн ИТХ-ын сонгуульд Цагаан-Овоо сумаас нэр дэвшиж, төлөөлөгчөөр  сонгогдсон байна.

Орон нутгийн сонгуулиар тус аймгийн ИТХ-д МАН 19, АН 15 суудал авсан бөгөөд 60 хувь нь шинээр сонгогдсон төлөөлөгчид байна. 

Дундговь аймгийн 9 дэх ИТХ 10 дугаар сарын 28-нд анхны хурлаа хийж, даргаараа Ж.Мөнхчулууныг сонгожээ.

Жамбалсүрэнгийн Мөнхчулуун эрхзүйч мэргэжилтэй, төрийн захиргааны удирдлагын магистр цолтой. 2006 оноос “Дамно”, “Н Эй Би” ХХК-д хуулийн зөвлөх, Дундговь аймгийн МАН-ын хорооны дэд дарга, аймгийн засаг даргын орлогч, МАН-ын хорооны даргаар ажиллаж байсан. 2004 оноос Монгол Улсын Ерөнхий сайдын хөдөөгийн асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байна. Тэр 2012 оноос тус аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр 4 дэх удаагаа сонгогджээ.

Завхан аймгийн ИТХ-ын анхны хурал 10 дугаар сарын 21-нд болж, ИТХ-ын төлөөлөгчид 100 хувийн саналаар Б.Санжсүрэнг даргаараа сонголоо. Тэр эхнэр, 3 хүүхэдтэйгээ амьдардаг. 2005 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг санхүүч мэргэжлээр төгссөн, магистр зэрэгтэй, мэргэшсэн нягтлан бодогч.

  • 2005-2007 онд МУИС-ийн Завхан сургуульд багш
  • 2006-2014 онд Завхан аймгийн ЗДТГ-т ахлах мэргэжилтэн
  • 2014-2020, 2021-2024 онд “Ханжаргалант стоунс” ХХК-ийн гүйцэтгэх захирал
  • 2020-2021 онд “Завхан АЗЗА” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулиар тус аймгийн ИТХ-д МАН-аас 19, АН-аас 16 төлөөлөгч сонгогджээ. 

Орхон аймгийн ИТХ  10 дугаар сарын 23-нд хийсэн анхны хурлаараа МАН-ын бүлгээс нэр дэвшүүлсэн Д.Мөнхбатыг олонхын саналаар ИТХ-ын даргаар улираан сонгожээ.

Д.Мөнхбат 2020-2024 онд тус аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан юм. Энэ аймгийн ИТХ-ын 41 төлөөлөгчийн 21 нь МАН, 20 нь АН-ын гишүүн юм байна.

Өвөрхангай аймгийн ИТХ 10 дугаар сарын 18-нд анхны хурлаа хийж, МАН-ын бүлгээс аймгийн ИТХ-ын даргад нэр дэвшүүлсэн Т.Нарангаравыг даргаараа сонгожээ. Түүнийг төлөөлөгчдийн олонх буюу 79.4 хувь нь дэмжсэн байна. Тэр тус аймгийн ИТХ-ын анхны эмэгтэй дарга боллоо.

Т.Нарангарав сэтгэлзүйч мэргэжилтэй, ажил мэргэжил судлалын магистр. Сумын ИТХ-д хоёр, аймгийн ИТХ-д гурван удаа сонгогдон ажиллаж буй туршлагатай.  2021 онд НУХ-оос зохион байгуулсан 21 аймгийн ИТХ-ын 800 төлөөлөгчийг шалгаруулах үйл ажиллагаанд манлайлж, “Шилдэг төлөөлөгч”-өөр шалгарч байжээ.

Өмнөговь аймгийн ИТХ анхны хурлаа 10 дугаар сарын 24-нд 100 хувийн ирцтэй хийж, аймгийн ИТХ-ын даргаар Оюуны Эрдэнэ-Өрнөхийг 88.5 хувийн саналаар сонгожээ.

Тус аймгийн ИТХ-ын нийт 35 төлөөлөгчийн 21 нь АН,  13 нь МАН, 1 нь бие даагч ажээ. Үүнээс эмэгтэй 4, эрэгтэй 31 төлөөлөгч байна.

Сүхбаатар аймгийн ИТХ 10 дугаар сарын 19-нд анхны хурлаа хийж, Д.Хосбаяраар дахин удирдуулахаар болжээ. Тус аймгийн ИТХ-ын даргад АН-ын бүлгээс Доржпүрэвийн Хосбаярыг, МАН-ын бүлэг Сүхбаатарын Ганбатыг нэр дэвшүүлсэн байна. Нийт төлөөлөгчийн 66.8 хувь нь саналаа Д.Хосбаярт өгсөн байна. Тэрээр 2020 оноос аймгийн ИТХ-ын дарга хийж байсан бол өнөөдөр дахин улиран сонгогдлоо. Түүнчлэн аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр 5 дахь удаагаа сонгогдож буй юм.

Орон нутгийн сонгууль 9 удаа болоход, Сүхбаатар аймгийн Ардчилсан нам 1992 оноос хойш 6 удаа дараалан ялалт байгуулж байна. Энэ удаагийн сонгуулиар тус аймгийн ИТХ-д АН 20, МАН 9 суудал авчээ.

Сэлэнгэ аймгийн ИТХ 10 дугаар сарын 23-нд болсон анхны хурлаараа аймгийн ИТХ-ын даргаар Ганчулууны Бат-Орхоныг сонголоо. МАН-ын бүлэг Г.Бат-Орхоныг, АН-ын бүлэг Б.Мөнхболдын нэрийг дэвшүүлж, санал хураалтад 41 төлөөлөгч бүгд  оролцжээ. Тэдний 21 нь Г.Бат-Орхонд, 19 нь Б.Мөнхболдод саналаа өгсөн бол хүчингүй 1 санал гарч иржээ.

Г.Бат-Орхон Сэлэнгэ аймгийн Орхон сумаас аймгийн ИТХ-д 2016-2020, 2020-2024, 2024-2028 онд гурав дахь удаа сонгогдон ажиллаж байна. Тэр 2012-2016 онд Орхон сумын ИТХ-ын дарга, 2016-2024 онд засаг даргаар ажилласан юм.

Төв аймгийн ИТХ 10 дугаар сарын 29-нд анхны хурлаа хийсэн ч МАН-ын бүлэг хурлыг орхин гарч, хурал 21 төлөөлөгч буюу 52.5 хувийн ирцтэй үргэлжилжээ. Ингээд аймгийн ИТХ-ын даргаар Нямаагийн Энхболдыг томилжээ. Тэр Жаргалант сумаас төлөөлөгчөөр сонгогдсон байна.

Увс аймгийн ИТХ анхны хурлаа 10 дугаар сарын 28-нд хийж, даргаа сонгов. ИТХ-ын даргад МАН-ын бүлгэг П.Баттулгыг, АН-ын бүлэг Г.Отгонболдыг нэр дэвшүүлжээ. П.Баттулга 18 төлөөлөгчийн буюу 54.54 хувийн санал авч, аймгийн ИТХ-ын даргаар сонгогдлоо.

Ховд аймгийн ИТХ 10 дугаар сарын 25-нд анхны хурлаа хийж, Зуноровын Эрхбаяраар удирдуулахаар болжээ. Аймгийн ИТХ-ын даргад МАН-ын бүлэг нэр дэвшүүлээгүй бол АН-ын бүлэг З.Эрхбаярын нэрийг дэвшүүлжээ. Нууц санал хураалтаар тэр олонхын санал авсан байна.


З.Эрхбаяр 1986 онд Ховд аймгийн Дөргөн суманд төрсөн. Мэдээллийн системийн инженер мэргэжилтэй. Сумын ИТХ-д нэг удаа, аймгийн ИТХ-д нэг удаа сонгогдсон юм.

Хөвсгөл аймгийн ИТХ 11 дүгээр сарын 1-нд хийсэн анхны хурлаараа МАН-ын бүлгээс нэр дэвшүүлсэн Д.Пүрэвдоржийг ИТХ-ын даргаар сонголоо. Түүнд 41 төлөөлөгчийн 65.85 хувь нь санал өгчээ.

Хэнтий аймгийн ИТХ 10 дугаар сарын 24-нд анхны хурлаа хийж, 35 төлөөлөгч оролцов. Хурлын даргад АН-ын бүлэг Б.Цогт-Оршихыг, МАН-ын бүлэг Ц.Чогсомжавыг нэр дэвшиж, Батмөнхийн Цогт-Оршиход 18 төлөөлөгч санал өгсөн байна. Тэрээр аймгийнхаа ИТХ-ын төлөөлөгчөөр 3 удаа дараалан сонгогдож, Жаргалтхаан сумын засаг дарга, ИТХ-ын даргаар ажиллаж байв.

0/1000