horoscope
horoscope
horoscope
userС. Энхжин

Эмэгтэй гишүүдийг харлуулах явуургүй арга

post-img
<p>УИХ-ын эмэгтэй гишүүд рүү хандсан бүдүүлэг дайралт нийгмийн сүлжээгээр идэвхжив. Гишүүн Ж.Баярмаа, Б.Мөнхсоёл нарыг эрүүл мэндийн халдварт өвчтэй байсан тухай уг мэдээлэл нь гэвч нэг л явсангүй. Хэн ч итгэсэнгүй. “Өвдөөд эдгэсэн байсан ч яадаг юм, хувь хүний асуудал. Ийм дэмий мэдээлэл хэнд хэрэгтэй юм” гэсэн хандлага давамгайлжээ. “Интермэд” эмнэлэг үйлчлүүлэгчдийнхээ хувийн мэдээллийг алдсан тухай шуугиантай холбож, зохиол бичих гээд бүтэлгүйтэв бололтой. Монгол Улсын 2025 оны төсвийн тухай болон холбогдох хуулиудын төслийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэн үеэс үзэл бодлоо тодорхой, шударга илэрхийлж, үрэлгэн зардлын эсрэг бодитоор тэмцэж, ажлаа хийж буй гишүүн бол Ж.Баярмаа. Тэр зүгээр нэг попроогүй, УИХ-ын гишүүний бүрэн эрх, үүргээ эдэлж, төсвөөс үргүй зардлыг танах тухай зарчмын зөрүүтэй саналаа гарган хураалгаж, тухай бүрд нь олон нийтэд мэдээлж, ажил хэрэгчээр хандаж буй юм. АН, ХҮН намынхан МАН-тай хамтарч Засгийн газар байгуулсан учраас төсвийн хэлэлцүүлгийн үеэр үнэндээ нэр бүхий хэдхэн гишүүн л дуугарч, үргүй зардлыг хасахын төлөө тэмцсэн. </p> <blockquote class="wp-block-quote is-layout-flow wp-block-quote-is-layout-flow"> <p>Тэднээс ганц эмэгтэйг нь, бас асуудалд илүү ажил хэрэгчээр хандаж буй тул Ж.Баярмааг ийнхүү харлуулж, тэгэхдээ ийм явуургүй сэдэв сонгожээ.  </p> </blockquote> <p>Дээрх мэдээлэл цацагдсаны дараа хоёр гишүүн тус тусдаа тайлбар, няцаалт хийсэн байна. Ж.Баярмаа “Нийт иргэн, улсын эрх ашиг сонирхлыг эрхэмлэн ажиллах гишүүний тангараг, үүргийнхээ дагуу парламентаар хэлэлцэж буй асуудал бүрд, ялангуяа 2023 оны төсвийн гүйцэтгэл, 2024 оны төсвийн тодотгол, 2025 оны төсөвт анхнаас нь шүүмжлэлтэй хандсан. Тэр үеэс эхлэн элдэв гүтгэлэг, доромжлол ирж болзошгүй шүү гэж сануулж байсан нь биелж, системтэйгээр үргэлжилж буй ч үл тоож ирсэн. Мөн нэлээд дээр нэгэн МАН-ын гишүүн “Чам дээр тусгай ажиллагаа явуулж байгаа шүү” гэж тоглоом, сүрдүүлгийн завсраар хэлэхэд нь гайхаад өнгөрсөн юм. Би супер хүн биш тул дутуу дулимаг бодож, алдаатай ярихыг үгүйсгэхгүй. Тиймээс улс төрийн үзэл бодол, тодорхой асуудлаарх миний байр суурийг шүүмжлэхэд эмзэглэхгүй. Гэвч УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл бид хоёрыг нийгмийн халдварт өвчинтэй мэтээр гүтгэж байгаа нь харлуулагчдын ажиллагаа хэрээс хэтэрснийг илтгэж байна. Анх байгуулагдахад нь би нэг удаа очиж харшлаа үзүүлсэн, дараа нь дотогш оролгүйгээр “Ковид-19”-ын шинжилгээ өгснийг эс тооцвол би “Интермэд” эмнэлгийн үйлчлүүлэгч огт биш. Асуудалд шүүмжлэлтэй хандсаны төлөө эмэгтэй гишүүдийг ингэж увайгүй гүтгэх нь Монголын улс төрд байх хэвийн зүйл мөн үү” гэжээ. Түүний тайлбараас МАН-ынхны зүгээс ийм харлуулалт хийжээ гэж ойлгогдож буй юм.  Нийгмийн сүлжээгээр цацагдаж буй бүхэнд шүүлтүүртэй хандахыг гишүүн Б.Мөнхсоёл сануулж, худал мэдээлэл тараасан этгээдэд хариуцлага тооцуулна гэжээ. Уг нь тэрбээр төсвийн хэлэлцүүлэг, аливаа асуудлаар тийм их дуугардаггүй, шүүмжлэлтэй байр суурь ч бараг илэрхийлдэггүй. Гэхдээ Ж.Баярмааг ганцааранг нь харлуулах “эвгүй” байсан бололтой. Мөн “Интермэд” эмнэлгээс эмэгтэй гишүүдтэй холбоотой дээрх мэдээлэл хуурамч болохыг мэдэгдсэн байна лээ. Ажил хэрэгч шүүмжлэл, доромжлол, гүтгэлэг гээд гурван өөр ойлголт бий. Дээрх жишээ бол шууд доромжлол, гүтгэлэг болж байна. Төсвийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн, ССАЖЗ-ын сайд Ч.Номин хамгийн их шүүмжлүүлсэн. Ингэхдээ түүний гэр бүл, эцэг, эхийг оролцуулсан нь бас л буруу байв. Зөвхөн хувь улс төрчийн хийж буй үйлдэл,ажил хэрэг, үг, үйлдэлд чиглэсэн бол зөв шүүмжлэл болно. Түүний аливаа үйлдэл бүр л аавтай нь, бизнестэй нь холбогддог. Үнэхээр хувийн эрх ашгаа эн тэргүүнд тавьж, сайдын эрх мэдлээ үүнд ашиглаж буй бол маш буруу, огцруулахад ч багадна. Гол нь энэ бүх мэдээллээ баримтаар нотолж байж цацах учиртай юм. Төсвийн төсөлд 18.3 тэрбумаас илүү мөнгөн дүнтэй үргүй зардал олон байсан. Гэвч бусад сайдыг нь Ч.Номинг шүүмжилсэн шиг “балбаагүй”. Уг нь буруу бүх үйлдэлд хүйс үл харгалзан адилхан шүүмжлэх ёстой. Гэхдээ эмэгтэй учраас түүн рүү илүү дайрсан нь үнэн. Соёлын үйлчилгээ үзүүлэх Ч.Номин сайдын саналыг дэмжээд гишүүн М.Нарантуяа-Нара ч мөн буруудсан. Түүнийг мөнгө авсан, худалдагдсан хэмээн хардав. Гэхдээ энэ гишүүн хувь хүний үзэл бодлоороо уг саналыг зөв гэж үзээд дэмжих эрхтэй гэдгийг иргэд мартжээ. Ялгаж, салгах уг нь их чухал. Туршлага, мэдлэггүйгээсээ болж Нара мөн байнга шүүмжлэлд өртдөг. УИХ-ын гишүүн болчихоод арилжааны лайв хийх, даргадаа мэдэгдэлгүйгээр хил давахаас эхлээд түүний буруу үйлдлийг тухай бүрд нь олон нийт шүүмжилдэг. Энэ бол зөв, одоо тэрбээр хууль, дэгээ гайгүй сайн судалсан байх гэж найдаж байна. Гэхдээ түүний биеийн жин, царай зүстэй нь холбон доромжлогчид одоо ч байсаар.</p> <p>Парламентад эдүгээ 32 эмэгтэй гишүүн ажиллаж байна. Үндсэн хууль, УИХ-ын сонгуулийн тухай хуульд оруулсан өөрчлөлтийн үр дүнд манай парламентын бүрэлдэхүүний 25 хувьд ийнхүү эмэгтэйчүүд сонгогдсон юм. Шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдлыг хангах нь улсын бодлого, хөгжилд ямар чухал гэдгийг олон орны жишээ харуулж байна. Гэвч уг шатанд хүрэхийн тулд эмэгтэйчүүд эрчүүдээс илүү бартаа, саадыг туулах ёстой болдог. Дээр дурдсанчлан гэр бүл, гадаад төрх, эрүүл мэндээс эхлээд хувийн үнэт зүйл рүү нь халдан доромжилдог, гүтгэдэг. Үүнийг давах сэтгэл зүйтэй болсон эмэгтэйчүүд л улс төрд ордог болов уу. Иргэд хэдийгээр бага багаар боловсорч, хүйсийн тэнцвэртэй байдал төрийн бодлогод чухлыг ойлгож эхэлсэн ч хуучин сэтгэлгээтэй хэсэг байсаар байна. УИХ дотор ч ийм харанхуй гишүүд байгаа нь эрүүл мэндийн сэдэв сонгон эмэгтэйчүүдийг харлуулах гэж оролдож буйгаас харагдана. Буруу булхай байвал хүйс үл харгалзан ажил хэрэгчээр, баримттай шүүмжилдэг байхад нийтээрээ суралцмаар байна.</p>
0/1000