АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трамп ХАА-н төрийн нарийн бичгийн даргаар Брук Роллинзыг нэр дэвшүүлснээр түүний кабинетын томилгоо дуусч, бүрэлдээд байна. Тэрээр өнгөрсөн бямба гаригт Брук Роллинзыг ХАА-н сайдад нэр дэвшүүлж байгаагаа мэдэгдэж, “Брук Америкийн фермерүүдийг хамгаалж, тэдний төлөө ажиллах болно” хэмээн онцолжээ.
Брук Роллинз олон жилийн турш Д.Трампын дэмжигч, түнш байж ирсэн бөгөөд тэрээр Трампын улс төрийн барууны үзлийг сурталчлагч “America First Policy Institute” хэмээх судалгааны байгууллагыг хамт үүсгэн байгуулалцаж, мөн ерөнхийлөгчөөр нь ажиллаж байснаас гадна Трампын анхны бүрэн эрхийн хугацаанд Америкийн Инновацийн Газрын даргаар ажиллаж байсан хүн юм.
Мөн багаасаа ферм дээр өсөж, залуудаа ХАА-н клубын гишүүн болж, улмаар Texas A&M их сургуулийг хөдөө аж ахуйн хөгжлийн мэргэжлээр төгсч, дараа нь мөн хуульч, эрхзүйч мэргэжлээр сурч төгссөн байна.
Ийнхүү Д.Трамп өөрийн засаг захиргааны кабинетын 15 албан тушаалд нэр дэвшүүлэх хүмүүсээ бүгдийг нь сонгож дуусаад байна. Эдгээр албан тушаалд нэр дэвшигдсэн эрхмүүдийн томилгоог АНУ-ын Сенатаар хэлэлцэн, батлах болно.