horoscope
horoscope
horoscope
userС. Энхжин

Хуулийг зөрчихөд биш, мөрдөхөд анхаарвал ямар вэ

post-img

Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ энэ оны нэгдүгээр сарын 17-нд баталсан. Улмаар өнгөрсөн есдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөж буй. Хэрэгжээд хоёр сар гаруй болсных нь дараа уг хуулийн нэг заалтыг зарим хүн гэнэт анзаарчээ. Улмаар өөрсдөд нь их эмзэг туссан бололтой юм. УИХ-ын эмэгтэй гишүүд уг хуулийг санаачилсан учраас “Солиорлоо хууль болгосон байна. Өөрсдийнх нь нөхөр л тэгдэг юм байгаа биз” хэмээн уурлав. Тус хуулийн 22.8 дахь хэсэгт “Хүүхдийн дэргэд согтууруулах ундаа хэрэглэх, эсхүл хэрэглэсэн үедээ амьдарч, суралцаж байгаа орчин, орон байранд нэвтэрснийг хүүхдийг эрсдэлт нөхцөлд оруулсантай адилтгаж үзэж болно” гэсэн заалт бий.

Үүнийг тойроод “Согтуу үедээ гэртээ орж болохгүй хууль баталчихаж. Тэгээд хаана хонох юм. Ядаж байхад өвлийн хүйтэн болж байхад чинь” хэмээн бухимдаад буй бололтой. Өөрөөр хэлбэл, “уудаг нөхдүүд” л шүүмжлээд байна гэсэн үг.

Монголчууд нийгмийн сүлжээгээр цацагдаж буй мэдээлэлд тэр бүр шүүлтүүртэй хандаж мэддэггүй. Дээрх байдлаар нэг хүн постлоход л дамжуулаад сэвж, бухимдана. Айл бүрийн үүдэнд согтолтын зэргийг нь шалгах нэг ажилтан суух уу, тэр хүн уусан байлаа гээд хүүхдээ хүчирхийлнэ гэдгийг хэн нотлох юм гэцгээв. Үнэндээ тэдгээр хүний хэд нь хуулийн дээрх заалтыг бүрэн уншсан бол. Эндээс зарим хүний бухимдаад байгаа шиг агуулгыг уншигч та олж харж байна уу. Тийм агуулга энд лав алга. Харин өөрийн болон өрөөлийн хүүхдийн дэргэд архидан согтуурч, эрсдэл нөхцөл үүсгэсэн хүмүүст хуулийн дагуу хариуцлага тооцохыг дээрх хуулиар зохицуулсан юм билээ. “Ахуйн архидал” зохион байгуулдаг хүмүүс үүнийг ойлгоод авах нь зөв. Хүүхдийн дэргэд согтууруулах ундаа хэрэглэх нь угаасаа буруу. Тэмээ гэхээр ямаа гэнэ. Хэн нь ч архи уухгүй байж болох хувилбарыг сонгосонгүй. Заавал ууна, хүүхдийн дэргэд найрлана л гээд байна гэж ойлгогдоно.

Өмнө нь 2023 онд Эрүүгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үед согтуугаар машин жолоодохыг гэмт хэрэгт тооцож, гурван жил хүртэл хугацаагаар хорих тухай ярьж эхлэхэд яг л дээрх шиг хариу үйлдлийг монголчуудын олонх үзүүлсэн юм. Согтуугаар машин барих нь угаас буруу, яг л санаатайгаар хүний амь хороохоор зэхэж буйтай адил үйлдэл. Гэтэл заавал уучихаад машин барих гээд зүтгэж, “Шорон чинь тэр хүмүүсээ багтааж дийлэх юм уу” гэх мэтээр ярив. Уухгүй байхад л асуудал шийдэгдэнэ. Амьдрал баян учраас баяр тэмдэглээд ганц нэг зуу татах үе мэдээж гарна. Тэр үедээ жолоо барих ёсгүй гэдгээ л ухамсарлах асуудал байв. Хүүхэд хамгааллын тухай хуулийн тухайд ч ижил үйлдэл болж байна.

Уусан хүн бүр гэртээ хүчирхийлэл үйлддэггүй байх. Гэхдээ хүчирхийлэгчид согтуудаа голдуу хэргийг үйлддэг, илүү зэрлэг авирладгийг олон жишээ, судалгаа харуулдаг.

Хууль санаачлагчдын нэг, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа “Хүүхдийн эсрэг хүчирхийллийн 70 гаруй хувь нь гэр бүлийн орчинд болж байна. Энэ хүчирхийлэл, зөрчлийг эцэг эх, томчууд ихэнхдээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үйлддэг” гэсэн статистик танилцуулсан байна лээ. Мөн тэрбээр “Шинэчлэн найруулсан хуулиар бид хүүхдийн үл хайхралт, цахим орчин дахь эрх, үе тэнгийн дээрэлхэлтийг анх удаа хуульчилсан. Хүүхэд хамгааллын цахим системтэй болж нүүж, сургууль, цэцэрлэгээ сольсон ч хүүхдийн эрсдэлийн мэдээллийг нь мэргэжлийн хүмүүс хянаж анхаардаг болгон зохицуулсан. Хүүхдийн асуудал хариуцсан нийгмийн ажилтанг сум, хороо бүрд ажиллуулж байна” гэжээ.

Энэхүү хуульд алдаа, оноо байхыг үгүйсгэхгүй. Тийм бол ажил хэрэгчээр шүүмжлэх нь зүй. Харин эмэгтэй гишүүд хэмээн онцолж, “авгай” хэмээн цоллон буруутгах нь ёс зүйгүй үйлдэл болно. Аливаа асуудлын агуулга, мөн чанарт анхаарахын оронд заавал зөрчих хувилбарыг сонгодгоо больмоор байна. Хуулийг зөрчихөд биш, мөрдөхөд нь анхаарах хэрэгтэй биш үү.

0/1000