horoscope
horoscope
horoscope
userГ. Мөнх-Эрдэнэ

Д.Трамп албандаа орсон эхний өдрөө Мексик, Канад, Хятад улсад өндөр татвар ногдуулна гэв

post-img

АНУ-ын Төрийн тэргүүнээр сонгогдоод байгаа Дональд Трамп тангараг өргөж, албандаа орсон эхний өдрөө Хятад, Мексик, Канад улсад өндөр татвар ногдуулах арга хэмжээг авна гэдгээ мэдэгджээ. Тэрээр 2025 оны 1-р сарын 20-нд Ерөнхийлөгчийн тангараг өргөж, албандаа орсон даруйдаа Мексик, Канадын бүх төрлийн импортын бараанд 25 хувийн тариф ногдуулах тушаал гаргах болно гэжээ. Түүнчлэн фентанилыг хууль бусаар оруулах асуудлыг зогсоох хүртэл Хятадын одоо байгаа импортын татвар дээр нэмээд, 10 хувийн тариф ногдуулах болно гэсэн байна.

Д.Трамп дээрх шийдвэрээ АНУ-д хууль бусаар нэвтрэн орж ирдэг хар тамхи, мансууруулах бодис, эм бэлдмэлийн эсрэг, мөн хууль бус цагаачлалыг зогсооход чиглэгдсэн гэдгийг хэлжээ. Хэрвээ үнэхээр ийм арга хэмжээ авбал АНУ худалдааны гол гурван түнштэйгээ харилцаагаа муутгах эрсдэл үүсэж, импортын барааны татварын хэмжээ нэмэгдэх тул барааны үнэ өсөж, Америкийн иргэдэд санхүүгийн хүндрэл учруулж болзошгүй байна.

АНУ нь Дэлхийн хамгийн том импортлогч орон бөгөөд статистик мэдээллээр Хятад, Мексик, Канад улс нь Америкийн 3.2 их наяд ам.долларын өртөг бүхий жилийн импортын 40 орчим хувийг эзэлдэг байна. Зөвхөн дээрх улсуудын хоёр талын худалдаанд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй олон улсын нийлүүлэлтийн сүлжээнд ч нөлөө үзүүлж болзошгүй хэмээн ажиглагч, мэргэжилтнүүдийн зүгээс буруушааж, шүүмжилсэн байр сууриа илэрхийлж байна. Харин Д.Трампын Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар нэр дэвшүүлсэн Скотт Бессент дээрх улсуудад импортын тарифыг нэмнэ хэмээн сүрдүүлж байгаа явдлыг Д.Трампын яриа хэлэлцээ явуулах стратеги, тактикийн нэг хэсэг хэмээн хэлж байсан юм.

БНХАУ-ын зүгээс фентанил зэрэг хууль бус бодисын импортын урсгалыг зогсоох тал дээр арга хэмжээ авч байгаагаа хэлж, Америк-Хятадын хооронд худалдааны дайн хийх нь аль ч талдаа ашиггүй, ялагчгүй гэдгийг анхааруулаад байна. Фентанил хэмээх мансууруулах бодисыг гаргаж авахад ашигладаг орцууд голцуу Хятадаас импортлогдон орж ирдэг бөгөөд өнгөрсөн жил 75 мянга орчим Америкийн иргэн фентанилд хордон амиа алдсан тоо байгаа юм.

Канадын Засгийн газраас дээрх тарифын асуудлаар Д.Трамп, Канадын Ерөнхий сайд Ж.Трюдо нар утсаар холбогдон, үр бүтээлтэй яриа өрнүүлснийг мэдээлжээ.

Харин Мексик улсын Сангийн сайд хэлэхдээ “Мексик нь АНУ-ын худалдааны гол түнш ба АНУ-Мексик-Канадын худалдааны гэрээ (USMCA) нь худалдаанд оролцогч бүхий л талуудын эрхзүйн үндэс болдог” гэдгийг сануулжээ.

0/1000