horoscope
horoscope
horoscope
userХ. Болормаа

Д.Одбаяр төрийн алтан аргамжийг тасална уу гэхээс бөхлөхгүй

post-img

Дипломат албыг Монгол Улс дарга нарын амралтын газар болгочихлоо. УИХ-ын гишүүн, сайд, томоохон агентлагийн даргаар ажиллаж байгаад, тухайн албанаасаа буусан хүмүүс дипломат албанд шургалах юм. Ямар ч хамаагүй дарга хийхгүй бол нойр нь хүрдэггүй юм уу даа, янз нь. Хийсэн ажилтай, хэлэх үгтэй, хашир туршлагатай хүмүүсийг дипломат албанд томилоход болохгүй гэх зүйлгүй л дээ. Харин хийсэн юм нь гэмт хэрэг, хэлэх үг нь “Өршөөгөөрэй” байх ёстой хүмүүс энэ албанд очоод байна. Тэд ял биш, шагнал аваад байна.

Үндсэн хуулийн цэцийн дарга гэх эрхэм алдрыг “Өгзөг” гэдэг тодотголоор сольсон Д.Одбаярыг Хонконгод суух Ерөнхий консулаар томилжээ. Ингэж болно гэж үү? Болохгүй. Гэхдээ МАН болгодог юм. “Төрийн алтан аргамж” гэж Чингис хаан элчийг хүндэтгэдэг байсан бол “Намын үнэнч нохой” гэж МАН элчийг үздэг боллоо. Тиймдээ ч Монголд багтахаа байсан тэжээвэр нохдоо гадаадад гаргаж, ясыг нь амраадаг болжээ.

Л.Оюун-Эрдэнэ, МАН хоёр түүнд өртэй бололтой. Гэхдээ Монгол Улс түүнд өргүй. Тэр тусмаа төрийн алтан аргамжаар өр төлөх ёсгүй

Үндсэн хуулийн цэцийн даргыг бүсгүй хүнд бэлгийн дарамт үзүүлсэн гэхээр ичмээр. Харамсалтай нь тийм юм болсон л юм даа. БНСУ-ын “Корэйн-Эйр” компанийн нисэх онгоцны үйлчлэгч эмэгтэйн өгзгийг илсэн хэрэгт нь БНСУ-ын Инчён хотын Прокурорын газар Д.Одбаярыг 2019 оны 11 дүгээр сарын 13-нд 7 сая воноор торгосон. Хууль сахиулах үүрэгтэй атлаа зөрчдөг, биеэ зөв авч явж чаддаггүй, ёсзүйгүй ийм хүн төрийн алтан аргамжийг тасална уу гэхээс бөхлөхгүй. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга нь хүний нутагт Монгол Улсын нэрийг шившиглэхэд, түүнийг төрийн өндөр албан тушаалд томилсон УИХ, Засгийн газар, эрх баригч МАН, аль нь ч хариуцлага тооцоогүй. Өөрөөр нь ҮХЦ-ийн даргын албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдөл өгүүлээд, ҮХЦ-ийн гишүүнээр үлдээчихсэн. Харь оронд улсын нэрийг гутаасан төрийн өндөр албан тушаалтанд ингэж хариуцлага тооцдоггүй юм. Энэ бол ҮХЦ-ийн гишүүн бусдын өгзөг илж болно гэсэн зөвшөөрөл. Олон нийт үүнийг мартаагүй.

Бусдын эрхэнд халдсан хүнийг Үндсэн хуулийн манаачаар үлдээсэн нь чононд хонь хадгалуулсантай агаар нэг. Гэтэл манайд бол тэгсэн л юм даа.  

2000-2004 онд Дорнод аймгийн засаг дарга,
2004-2012 онд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд,
2016-2017 онд  ҮХЦ-ийн гишүүн, 2017 -2019 онд ҮХЦ-ийн дарга, 2019-2022 он хүртэл ҮХЦ-ийн гишүүн гээд тэр Монголын төр, засгийн, баргийн хүн хашдаггүй эрх мэдэлд хүрчээ. Тэр үүндээ сагасан. Бүр Гавьяат хуульч гэдэг цолоор шагнасан. Өгзөг илснийх нь дараа шүү дээ. Одоо байтлаа Хонконг руу элчээр илгээжээ. Хонконг бол БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс. Энэ бүсэд суугаа Ерөнхий консул Макаог давхар  хамаардаг. Л.Оюун-Эрдэнэ, МАН хоёр түүнд өртэй бололтой. Гэхдээ Монгол Улс түүнд өргүй. Тэр тусмаа төрийн алтан аргамжаар өр төлөх ёсгүй.

0/1000