horoscope
horoscope
horoscope
userС. Энхжин

Засгийн газрыг хамгаалах төлөвлөгөө ба Улс төрийн намын тухай хууль

post-img

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг парламент өнгөрсөн оны зун УИХ-ын сонгуулийн тухай хуультай хамтатган баталсан билээ. Үүнийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасны дагуу улс төрийн намууд дүрэм, дотоод зохион байгуулалт зэргээ энэ онд багтаан шинэ хуульд нийцүүлэх үүрэг хүлээсэн юм. Гэтэл өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн барьсан байна. Үүнд намын дүрэм, бүтэц, зохион байгуулалтаа шинэ хуульд нийцүүлж өөрчлөх хугацааг 2027 оны наймдугаар сарын 1 хүртэл сунгахаар тусгажээ.

Шинэчлэн найруулсан хуульд нийцүүлэн дотооддоо өөрчлөлт хийхэд нь намуудад жил хагасын хугацаа байсан. Одоо ч боломж бий. Гэтэл “амжихгүй” гэсэн шалтгаан дурдсан аж. УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанд оролцсон гишүүд олонхоороо уг хуулийн төслийг хэлэлцээд дэмжих боломжгүй гэж үзэв. АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Уг хуулийг батлах үед л намуудын дүрэм, бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийг нийцүүлэх хугацаа тодорхой байсан.

Улс төрийн намуудад ил, далд санхүүжилт, авлига байна, тэднээр дамжуулан төрд хариуцлага алдагдсан гэж үзсэн учраас дээрх хуулийг шинэчлэн найруулж баталсан шүү дээ.

Гэтэл одоо гурван нам хамтраад Засгийн газар байгуулчихсан тул энэ хуулийг мөрдөхгүй гэж байна. Бид хуулийг мөрдөж амьдрах ёстой болохоос өөрсдөдөө тааруулж засаж, тааруулах ёсгүй” гэв. Мөн үнэхээр өөрчлөлт хийх хугацаа давчуу болсон юм бол ганц хоёр сар, хагас жил хүртэл ч хойшлуулж болно. Гэтэл заавал 2027 оны наймдугаар сарын 1 гэж гурван жилээр хойшлуулж буй шалтгаанаа төсөл санаачлагчид оновчтой тайлбарлаж чадаагүй гэж тэрбээр хэлсэн юм.

Тэгвэл Засгийн газар яагаад Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг хүсэв. Шалтгааныг таамаглах гээд үзье. Юуны өмнө сүүлийн үед байсхийгээд ганхах гээд буй Засгийн газраа аль болох удаан хамгаалж үлдэх сонирхол Л.Оюун-Эрдэнэд бий. Улс төрийн намын тухай хуулийн дагуу дотооддоо өөрчлөлт хийгээд эхэлбэл АН-ын дарга Л.Гантөмөр хариуцлага хүлээж албаа өгөх ёстой болно.

Тус нам УИХ болон орон нутгийн сонгуульд ялалт байгуулж чадаагүй учраас дүрмийнхээ дагуу тэрбээр хариуцлага хүлээх учиртай. Яриа тохироо хийсэн нэг гол түнш нь алга болчихвол Засгийн газар задрах эрсдэлтэй.

Учир нь АН-ын шинэ дарга Засгийн газарт хамтрах шийдвэрийг үргэлжлүүлэх, эсэх нь эргэлзээтэй болно. Тиймээс дараагийн сонгууль хүртэл АН-ын одоогийн удирдлагын бүтэц, бүрэлдэхүүнийг хадгалах сонирхол Л.Гантөмөрт ч, түүний хамтрагч Л.Оюун-Эрдэнэд ч байна. Засаг нь хөдлөхгүй байж чадвал Ерөнхий сайд цаашид эрх мэдлээ үргэлжлүүлж, дараа дараагийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх юм.

Хоёрдугаарт, 2027 оны зун Ерөнхийлөгчийн сонгууль болно. Хуулийг хэрэгжүүлэх хугацааг уг сонгууль өнгөрсний дараа байхаар төсөлд тусгасныг анзаарсан байх. Дараагийн төлөвлөгөө гэдэг нь уг сонгуультай холбоотой гэсэн үг. Учир нь МАН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуульд их эртнээс бэлдэж буй юм. Үндсэн хуульд дахин өөрчлөлт оруулж, Төрийн тэргүүнийг парламентаас сонгодог болгох тухай мэдээлэл оргүйгээс гараагүй биз ээ. Удахгүй эл өөрчлөлтийг УИХ-д өргөн барьж, хэлэлцэхээр Засгийн газарт хамтарсан намууд ч тохирсон байх нь. Шинэчлэн найруулж баталсан хуулиа хэрэгжүүлэхээс цааргалж, хэрэгжилтийг нь гурван жилээр “огцом” хойшлуулж буй нь үүний баталгаа. Л.Оюун-Эрдэнийн хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд өөрөө хүч үзэхээр зэхэж байхыг ч үгүйсгэхгүй. Нөгөө талд нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндсэн хуульд дахин оруулах нэмэлт, өөрчлөлтөөр дамжуулан дахин сонгогдох, ингэхдээ бүх ард түмний саналаар гарч ирэх уламжлалаа хадгалах байр суурьтай байгаа. Тэр болтол намын дотоодод хөдөлгөөн хийгээд дэмий гэж хэн хэн нь үзэж буй бололтой.

Тэгвэл АН-ынхан намын даргынхаа эл шийдвэрийг дуулгавартай дагахгүй гэдэг нь УИХ дахь бүлгийн шийдвэрээс харагдав. Тус нам УИХ-д 41 гишүүнтэй. Тэдний 31 нь даваа гарагт болсон хуралдаандаа оролцсоноос 18 нь Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулах шаардлагагүй гэж үзсэн юм. Бусад 13 нь намын даргатайгаа санал нэгджээ гэж ойлгогдоно. Хэдийгээр АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Бид хуулийн өөрчлөлтөд үйл ажиллагаагаа нийцүүлэхэд бэлэн байгаа” гэсэн ч нам дотроо олонхын дэмжлэг авч, их хурлаа хийн, дүрэм журмаа өөрчлөн, даргаа сольж чадах уу гэдэг нь тодорхой биш. Тус намын гол фракцууд зөвшилцсөн учраас л Засгийн газарт хамтарсан. АН-д Л.Гантөмөр ганцаараа шийдвэр гаргадаггүй. Тэгэхээр намын гишүүд болон УИХ дахь бүлэг дотор зөрчил үүсэх нь. Хэрэв олонх нь Л.Гантөмөрийн шийдвэрийг дагавал Ерөнхийлөгчийн сонгууль дуустал АН дотор ямар ч өөрчлөлт хийгдэхгүй. Л.Гантөмөрийн ч, Л.Оюун-Эрдэнийн ч хүсэл биелэх аж.

Намууд болохгүй байна, буруу бүхний уурхай боллоо хэмээн үзээд төрөөс санхүүжүүлэх хувь хэмжээг нэмж, бодлогынх болгох өөрчлөлтийг дээрх хууль оруулсан. Судлаачид ч боломжийн хууль боллоо, нэлээд ахиц гарлаа гэж үзэж байгаа юм. Харамсалтай нь, намууд хамтран хэрэгжилтийг нь хойшлуулснаар бодлогын биш, хамтрал, тохиролцоо, сүлжээний тогтолцоогоо хамгаалж үлдэх бололтой.

0/1000