Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт 2024 оны 11-р сарын 25, 26-ны байдлаар халтиргаа гулгаанаас болж бэртсэн 44 хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ. Үүний 23 нь эрэгтэй, 21 нь эмэгтэй. Насны хувьд 7 нь 0-18 насны хүүхэд.
Явган явж байгаад, халтирч унан, шилбээ хугалж, уг бэртэл нь хүндэрч яаралтай хагалгаанд орсон хүн ч байна. Иймээс осолдсон, гэмтсэн даруйдаа эмнэлэгт хандахыг тус төвийн эмч зөвлөлөө.
Цас орж, халтиргаа гулгаа үүссэнтэй холбоотойгоор бэртэл гэмтлийн дийлэнх хувийг мөчдийн хугарал буюу гар, хөлийн яс хугарсан, зөөлөн эд гэмтсэн өвчтөн эзэлж байна. Түүнчлэн хүнд хэлбэрийн гэмтэл буюу гавал яс хугарсан, тархины эд гэмтсэн, аарцаг нуруу бэртсэн хүн ч цөөнгүй байгаа юм.