horoscope
horoscope
horoscope
userД. Сарантуяа

The League: Хэсэг хугацаанд завсарласан дээд лигийн сонин, хачин

post-img

Монголын сагсан бөмбөгийн холбооны 2024-2025 шинэ улирлын лиг эргэн ирлээ. Үндэсний шигшээ баг Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд Япон болон БНХАУ-ын эсрэг тоглосон. Үүнтэй холбоотойгоор дээд лиг хэсэг хугацаанд завсарлаж, өчигдөр эргэн ирээд байна. Завсарлагааны хугацаанд багуудын дунд шилжилт, хөдөлгөөн идэвхтэй байлаа.

Тодруулбал “Бишрэлт Металл” багийн ерөнхий дасгалжуулагч Б.Ганхөлөг өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаа өгсөн. Тэгвэл түүний ажлыг Грек улсын дасгалжуулагч Tsepelis Evangoles гүйцэтгэхээр болжээ. Гэхдээ одоогийн байдлаар албан ёсоор тоглолтод ороогүй байна. Учир нь дээд лигийн журмын 4.26-д лигт ажиллаж буй бүх гадаад дасгалжуулагч FIBA coaching license (Олон улсын сагсан бөмбөгийн холбооны дасгалжуулагчийн лиценз)-тэй байх ёстой. Тус дасгалжуулагчийн лицензийн мэдээлэл батаалгаажиж ирээгүй учраас зөвшөөрөл өгөөгүй аж.

Бишрэлт Металл багт Wesley Byron гэх шинэ импорт тоглогч нэгдэж, өчигдөр эхний тоглолтдоо оролцлоо. Тэрээр энэ тоглолтод нийт 29 оноо авч, 3 самбар, 5 дамжуулалт өгөв.

“Эрдэнэт Майнерс” багийн бүрэлдэхүүнд байсан гадаад тоглогч Тате хасагдсан. Улмаар Esho Maxie Kunle тус багт нэгдэж анхныхаа тоглолтод оролцлоо. Тэрээр 2.06 өндөртэй төвийн байрлалд тоглодог. Хамгийн сүүлд Мексикийн лигт 13.5 оноо, 4.7 самбараас бөмбөг авалт дунджилсан.

Тэгвэл “BCH Knights” баг NBA-д тоглож байсан тамирчинтай гэрээ байгуулж, багийнхаа хүчийг зузаатгаад байна. Тус тоглогч нь NBA сонирхогчдын сайн мэдэх Byron Mullens юм. Тэрээр одоо 35 настай, 213см өндөртэй хүчний довтлогч, төвийн байрлалд тоглодог. 2009 оны драфтын 1-р тойргийн 24 дэх сонголтоор Даллас Маверикс багт сонгогдож байсан ба Шарлотт Бобкатс, Тандер, Сиксерс, Клипперс зэрэг багуудад тоглож байжээ.

Түүнчлэн Кайри Уокер болон “SG Apes” багуудын дунд байгуулсан гэрээ цуцлагджээ. Энэ талаар “SG Apes” багийн эзэн О.Мөнхжин “Кайри Уокер хувийн шалтгааны улмаас монголд ирэх боломжгүй болсон. Тэрээр энэ сарын 27-нд ирэх хуваарьтай байсан ч ирж чадсангүй гэжээ. Харин Кайри Уокер “Надад ар гэрийн асуудал байсан. Гэхдээ одоо ямар ч асуудалгүй тоглох боломжтой” хэмээгээд байгаа юм.

Харин эмэгтэй багуудын дунд нэгэн сонирхолтой шилжилт хөдөлгөөн болсон нь “Скорпионс” “Аравт” багуудын хооронд байлаа. Тодруулбал “Скорпионс” багт байсан лигийн үнэ цэнтэй тоглогч Б.Болор-Эрдэнэ “Аравт” багт нэгдлээ. Лигийн шилжилт хөдөлгөөний дагуу хоёр баг харилцан зөвшөөрсөн албан маягт ирүүлж ийн шилжсэн байна.

Түүнчлэн 2008 онд “Хасын Хүлэгүүд”-ийг аварга авахад өөрийн ур чадвар, онцгой тоглолтоо харуулж чухал үүрэг гүйцэтгэсэн “Эрдэнэт Майнерс” багийн тоглогч ОУХМ Н.Золжаргал эхнийхээ тоглолтод оролцлоо.

0/1000