Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Х. Болормаа
Б.Одгэрэл: Буудайн чанар, аюулгүй байдал алдагдахад хүргэж буй хэд хэдэн шалтгаан бий
- 2024/11/28

- 28 өдрийн өмнө

- 12 мин уншина

Мах, гурил байхад болдог монголчууд бид ирээдүйд гурилтай байх болов уу? Дэлхийн дулаарлаас болоод ийм асуулт гарч ирж байгаа юм. Манай орны цаг агаар 2.4оС-ээр дулаарч, хөрсний чийгийн хүрэлцээ багасаж, таримал ургамлын ургах таатай нөхцөл буурч, хураан авах ургацын хэмжээ болон бүтээгдэхүүний чанар муудаж байна. Бодит байдал ийм байгаа учир бид яах вэ? Энэ талаар ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн Эдийн засаг, нөөц, ар талын тэнхимийн профессор, доктор, дэслэгч Б.Одгэрэлтэй ярилцлаа.

–Монголчуудын хоол хүнсний хангамж, нэр төрөл харьцангуй нэмэгдэж байна. Үүнийг дагаад Монгол Улсын стратегийн хүнсний жагсаалтаас хассан, нэмсэн хүнс бий юү?

-Стратегийн хүнсний жагсаалтаас хассан, нэмсэн хүнс байхгүй. Жагсаалт хэвээрээ байгаа. Стратегийн хүнсэнд сүү, малын мах, гурил, ундны ус, үр тариа, төмс, хүнсний ногоо зэрэг бүтээгдэхүүн ордог.

-Манай улсын стратегийн бүтээгдэхүүн хэр чанартай байна вэ. Та бидний идэж байгаа хоол, хүнс хэр баталгаатай байгаа юм бол?

–Жишээ хэлье л дээ. Би нэг удаа эрдсийн шинжилгээ өгсөн юм. Хүний биед байж болох хэмжээнээс их пестицидийн үлдэгдэл надаас илэрсэн. Миний, монголчуудын идэж байгаа хүнс ийм л баталгаагүй байна. Бид ядаж стратегийн гол хүнсний бүтээгдэхүүнийхээ чанар, аюулгүй байдалд анхаарах шаардлагатай байна.

-Хүний биеэс пестицид илэрнэ гэдэг аймшигтай. Надаас илрэхийг ч үгүй гэх аргагүй юм байна. Яагаад ийм юм болчхов оо?

-Тариаланчид ургамал хамгааллын бодисыг зөв хэрэглэх мэдлэггүй байна, мөн БНХАУ-аас импортоор оруулж ирж буй хүнсний ногоонд пестицидийн үлдэгдлийн шинжилгээ хийж байж хилээр нэвтрүүлдэг болмоор байна. Тарьсан үр тариа, хүнсний ногоонд шавж, өвчин, хог ургамлын эсрэг пестицид цацлаа гэхэд тэр нь тодорхой хугацааны дараа задарч, хүний биед хор нөлөөгүй болсон байх ёстой. Гэтэл ургац хураахаас хэдхэн хоногийн өмнө ургамал хамгааллын бодис цацдаг. Тэр нь хүнсээр дамжин, хүнийг хордуулдаг. Хүний биед пестицидийн үлдэгдэл илэрч байгаа нь үүнтэй холбоотой. Тухайлбал: Чацарганы ялаа гэж жижигхэн хар ялаа бий. Энэ ялааны эсрэг яг чацаргана хураах үед их хэмжээгээр инсектицид (Хөнөөлт шавжийн эсрэг хэрэглэдэг химийн бодис) шүршиж, уг бодисыг задрах хугацаа болоогүй байхад жимсээ хураадаг. Яг ургац хураах үеэр ингэж инсектицид цацах нь хүнсний аюулгүй байдал, хүний эрүүл мэндэд хортой. Ургамал хамгааллын бодист бүрэн задрах хугацаа гэж байдаг. Иймээс бүрэн задралын хугацааг тооцож, инсектицид хэрэглэх шаардлагатай.

-Буудай тариалалтын үе шатанд тодорхой хэмжээний хор, бордоо цацдаг уу?

-Манай улс буудайн үрийг хөрсөн суулгахаас эхлээд ургамал хамгааллын бодис, бордоо хэрэглэж байна. Үлийн цагаан оготно Монгол оронд маш их тархсан. Талбайд буудайн үр тарингуут оготно идчихдэг. Үрээ оготнод идүүлэхгүйн тулд тариаланчид үр суулгахаасаа өмнө мэрэгчийн эсрэг бодис (родентицид) талбайдаа цацдаг. Манай оронд ихэвчлэн бромадиолон гэдэг мэрэгчийн эсрэг родентицидийг хэрэглэж байна. Дараа нь үр тариа ургаж байх хугацаанд хог ургамал ургаж эхлэх болон таримлын хөгжлийн үе шатаас хамааруулан, сонгомол үйлчилгээтэй гербицид (Хог ургамал устгадаг химийн бодис) хэрэглэдэг. Ургалтын хугацаанд өвчин, хортон гарвал мөн фунгицид, инсектицид цацдаг. Гэхдээ эдгээр пестицидийг технологийн дагуу хэрэглэхэд хүний биед сөргөөр нөлөөлдөггүй.

Ургац хураах үеэр ингэж инсектицид цацах нь хүнсний аюулгүй байдал, хүний эрүүл мэндэд хортой

Ургамал хамгааллын хүрээлэнгийн судлаачдын мэдээгээр бол өнгөрсөн жил цаг агаар дулаан байсантай холбоотойгоор буудайн талбайд хортон шавж маш их гарч, шавжийн эсрэг инсектицид их хэрэглэсэн. Тиймээс тариаланчид хураасан буудайгаа лабораторид заавал шинжлүүлэх, пестицидийн үлдэгдлийг нь тодорхойлуулж байх шаардлагатай. Буудайгаар үйлдвэрлэсэн талх, нарийн боов гэх мэт бүтээгдэхүүнүүдийг ч пестицидийн үлдэгдэлтэй эсэхийг нь зайлшгүй шалгаж байх шаардлагатай болчхоод байна.

-Гурилын үйлдвэрүүд буудайгаа тариаланчдаас авахдаа пестицидийн үлдэгдлийг нь шалгадаггүй юм уу?

-Уг нь шалгаж авах ёстой. Стандарт нь тийм байдаг ч бодит байдал дээр алдагдсан. Тариаланчид гурилын үйлдвэрт үрээ өгөхдөө Улсын төв лабораторид дээж өгч шинжлүүнэ.

-Уг нь яамд нь хянах шалгах үүргээ хэрэгжүүлнэ гэсэн шүү дээ.

-Одоо яаман дээр үрийн байцаагч гэж 1-2 мэргэжилтэн бий. Тэд аж ахуйн нэгжүүдийг бүрэн хянах боломжгүй.

-Дусть гэх мэт удаан задардаг органик бохирдуулагчийг газар тариаланд 2000 он хүртэл их хэрэглэдэг байсан. Одоо ийм бодис хэрэглэж байна уу?

-Монгол Улсад хэрэглэж болох химийн бодисын жагсаалтыг Байгаль орчин, аялал жуулчлалын, ХААХҮ-ийн, Эрүүл мэндийн гэсэн 3 сайдын тушаалаар жил бүр баталдаг. Уг жагсаалтад дусть гэх мэт удаан задардаг органик бохирдуулагчийн нэг ч нэр байхгүй. Энэ жагсаалтад багтсан бодисыг гадаадаас оруулж ирэн, Монгол орны газар тариаланд ашиглаж байгаа.

Энэ гол ажлыг Ургамал хамгааллын хүрээлэн хийдэг. 1 га талбайд 5 л-ийг цацвал хог ургамал устана гэсэн заавартай байлаа гэж бодъё. Тэр нь тухайн үйлдвэрлэсэн улсдаа тохирсон байдаг. Тэр зааврын дагуу хэрэглэвэл Монголын газар тариаланд үр дүнтэй юү гэдгийг Ургамал хамгааллын хүрээлэн туршаад, энэ бодисыг ийм тарималд ийм тунгаар хэрэглэнэ гэсэн зөвлөмж гаргадаг.

-Манайхан энэ жагсаалтад байхгүй, өөр бодис оруулж ирээд хэрэглээд байдаг юм биш үү?

-Тариаланч, ногоочид ам дамжсан яриагаар ямар нь мэдэгдэхгүй химийн бодис, хор БНХАУ-аас оруулж ирж, хэрэглэдэг. Жижиг тариалан эрхлэгчдийн дунд ийм явдал маш их байна. Зах, дэлгүүрээс хүнсээ авахад, хаана тарьсан, химийн бодис хэрэглэсэн эсэх гэх мэт мэдээлэл нь байдаггүй шүү дээ. Гадаадад олон жил ажиллаж, амьдарч байгаад Монголдоо эргэж ирсэн хүмүүс “Худалдаж авсан жимс, ногоо миний эрүүл мэндэд харшлах эсэхийг мэдэхгүй байна. Итгэхгүй байна” гээд өөрсдөө жимс, ногоогоо тарьдаг болжээ.

-Монголчуудын 70 орчим хувь нь гурил, гурилан бүтээгдэхүүн хэрэглэдэг юм чинь буудайн чанар, аюулгүй байдлыг хамгийн түрүүнд нэн яаралтай анхаарах шаардлагатай юм байна даа.

-Тийм ээ. Монгол Улсын хэмжээнд стратегийн гол нэрийн таримал бол буудай гэж Хүнсний тухай хуульд заасан. Буудайн чанар, аюулгүй байдал алдагдахад хүргэж буй хэд хэдэн шалтгаан бий. 1-рт, манай улсад үр үржүүлэх тусгай зөвшөөрөлтэй 13 аж ахуйн нэгж бий. Нутагшсан цөм, торгон үр үйлдвэрлэх процесс хангалттай бус. 2-рт, хөдөө аж ахуйг сонгож сурах оюутан, энэ салбарт ажиллах мэргэжилтэн, ажиллах хүч цөөрч байна. 3-рт, буудайн генетик, молекул биологийн судалгаа хангалтгүй байна.

-Буудайнд өгдөг урамшууллыг авахын тулд л тариа тарьдаг компани байдаг юм биш үү? Тэр нь ашиг болдог.

-Буудайнд Засгийн газраас татаас өгдөг болохоор газар тариалангийн салбарыг сонгодог аж ахуйн нэгж бий. Ямар сортын үр тарьж байгаагаа ч мэдэхгүй, олон сортын буудайг хооронд нь холиод, нэг талбайд тарьчихсан компани ч байдаг. Гэтэл манай улс Монгол оронд нутагшсан сортын үрээр улсын нөөцөө бүрдүүлэхийг зорьдог. Дотооддоо үр үйлдвэрлэх, түүнийг хянах, зохион байгуулах ажил бүрэн хийгдэхгүй байна. 2014-2015 онд тарьсан нийт үр тарианы 19-20% нь, 2016-2019 онд тарьсан үр тарианы 52-80% нь стандарт хангаагүй үр байсан.

-Үрээ буруу хадгалж, чанарыг нь муутгаад байна уу. Эсвэл чанартай үр тарьсан ч ургахдаа чанараа алдаж, чанаргүй буудай ургаад байна уу?

-Монгол Улс жилд 50-55 мянган буудай тарих хэрэгцээтэй байдаг. Үүний 35-38 мянган тонн үрийг тараланчид өөрсдөө нөөцөлдөг. ХААДСан болон улсын нөөцөөс 10-12 мянган тонныг нь олгодог. Үлдсэн 5-6 мянган тонн-ыг нь ОХУ-аас импортолдог. Үрийг агуулахад хадгалахдаа чанарыг нь алдагдуулж байгаа явдал бий. Манай улсын үрийн агуулахууд хуучирч, муудсан. Монгол Улсын тариалангийн хөрсний элэгдэл, эвдрэл 7-25 дахин нэмэгдэж, ялзмагийн агууламж 37-52%-иар бууран, цөлжих явц эрчимжсэн. Хөрсний гүний чийг багассан. Өвчин хортны тархалт нэмэгдсэн. Тиймээс буудайгаа услах, ургамал хамгааллын бодисыг шаардлагатай үед нь технологийн дагуу зөв хэрэглэх ёстой. Газар тариаланд тулгарч буй асуудлыг судалж, шийдвэрлэх арга замыг олох шаардлагатай. Одоо тогтвортой хөгжих биш, уур амьсгалын өөрчлөлтөд яаж дасан зохицож, амьд үлдэх вэ гэдэг асуудал гарч ирж байна шүү дээ.

-Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож, амьд үлдэх гэдэг бол монголчуудын онцгой анхаарах асуудал. Үүнд манай эрдэмтэд ямар гарц, шийдэл олж байна. Гадаадын судлаачид юу гэж зөвлөж байгаа вэ?

Буудайн эслэгийг сайжруулах замаар хүний эрүүл мэндийг дэмжих боломжтой. Ингэвэл өвчинд бага мөнгө зарцуулдаг болно гэж судлаачид үзэж байна

-Буудайн ганд тэсвэртэй үр бий болгоход судлаачид маш их анхаарч байна. Үүний зэрэгцээ буудайн тэжээллэг чанарыг сайжруулах аргыг Дэлхий даяараа хайж байна. Буудай бол Дэлхий нийтээр өргөн хэрэглэдэг хүнсний нэг. Дэлхийн хүн ам хэрэгцээт уургийнхаа 20%, илчлэгийн 20%-ийг буудайнаас хангадаг. Америкчууд эслэгийнхээ 1/3-ийг буудайнаас авдаг. Тиймээс буудайн гурилын тэжээллэг чанарыг сайжруулах шаардлага гарч ирж байгаа. Энэ чиглэлээр судлаачид олон судалгаа, туршилт хийж, үр дүн ч гарч байна. Тухайлбал: Баяжуулсан гурилаар талх хийдэг болсноор АНУ-д нуруу, нугасны өвчин бараг үгүй болсон юм байна. Гурилыг фолийн хүчлээр баяжуулсны үр дүнд эх, нярайн гажгийг 25-50% бууруулсан тухай сая манай улсад болсон “Стратегийн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал дээр яригдлаа.

-Глютентэй учраас таргалуулна гээд гурил, гурилан бүтээгдэхүүн хэрэглэхээс татгалздаг хүн Дэлхий даяар олширч байгаа шүү дээ. Монголд ч ялгаагүй.

-Өндөр температурын нөлөөгөөр глютен идэвхиждэг юм байна. Энэ чиглэлээр судалгаа хийсэн эрдэмтэн сая манай улсад ирж, “Стратегийн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьсан. Одоо судлаачид гурилын эслэгийг сайжруулахад анхаарч байна. Талхны чанарыг алдагдуулахгүйгээр эслэгийг нь нэмэгдүүлбэл тэжээллэг чанар нь сайжирна. Эслэг бол сайн судлагдсан ч бүрэн ашиглахгүй байгаа тэжээл. Англи улсад энэ чиглэлийн судалгааг 10 гаруй жил хийсэн. Байгалийн өндөр эслэгтэй, генийн өөрчлөлтгүй буудайн үр гаргаж авах, үржүүлэхэд 10-15 жил шаардлагатай. Тарихад бэлэн болсон сорт ч олон бий.

Англи Улсад хийсэн судалгаагаар буудайн эслэгийг кодлогч ген нь ургацын гарц, бусад шинж чанарт сөрөг нөлөөгүй. Энэ (2Qtls) ген удамших чадамж өндөртэй байдаг.

-Аваад ашиглаж болох юм бол авъя л даа. Манай улс өөрсдөө судалгаа хийх мөнгөгүйгээс хойш гадаадын бэлэн судалгааг авчихъя. Буудайн эслэг нэмэгдүүлэх нь хэр хэцүү гэнэ?

-Арабоксилан эслэг нь үрийн эндоспермийн эсийн хананд байрладаг. Тиймээс буудайгаа тээрэмдэхдээ эслэгийг нь 25%-иар нэмэгдүүлнэ гэсэн үг. Бүхэл үрийн гурил, дээд гурил хийсэн ч эслэг нь 2 дахин их байна. Бас өвчин эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлдэг. Арабиноксилан эслэг хүний биед сөрөг, гаж нөлөөгүй болохыг судлаачид тогтоожээ.

Зүрх судасны өвчин, чихрийн шижинтэй тэмцэхэд АНУ жилд 700 тэрбум ам.доллар зарцуулдаг бол буудай тарихад жилд 10-20 тэрбум ам.доллар зарцуулдаг. Тэгвэл буудайн эслэгийг сайжруулах замаар хүний эрүүл мэндийг дэмжих боломжтой. Ингэвэл өвчинд бага мөнгө зарцуулдаг болно гэж судлаачид үзэж байна.

-Уур амьсгалын өөрчлөлтөд тэсэж үлдэхийн тулд монголчууд бидэнд ганд тэсвэртэй атлаа элсэн дээр ургадаг буудай хэрэгтэй. Элсэн дээр ургадаг буудай Дэлхийд байна уу?

-Одоогоор тийм сорт дуулдаагүй л байна.

-Монгол Улсад тариалж буй ихэнх сорт ганд тэсвэртэй байдаг. Ганд тэсвэртэй Дархан-144 сортын буудайд саяхан Төрийн соёрхол хүртээсэн. Өвчинд тэсвэртэй сортын буудай манай улсад байна уу?

-Монголд нутагшсан болон ирээдүйтэй сортоор батлагдсан буудайн сортууд ихэнх нь ган, давсанд тэсвэртэй ген агуулсан байдаг. Гэвч буудайн генийн судалгаа хийхэд санхүүжилт, лаборатори, урвалж бодис манайд хангалттай байдаггүй. Тоочоод байвал асуудал их. Манай улс ДНБ-ийхээ 0.13-0.2%-ийг л шинжлэх ухаандаа зарцуулдаг. Миний бие 2017 онд Австри улсын Хэрэглээний шинжлэх ухааны сургуульд тус улсын засгийн газрын тэтгэлэгээр докторын дараах судалгааны ажлаа хийхдээ Монгол Улсад нутагшсан болон ирээдүйтэй сортоор батлагдсан 8 сортын буудайн үрэнд судалгаа хийхэд навчны хүрэн зэв өвчинд тэсвэртэй маркер ген Lr34-ийг агуулсан нэг сорт байсан.

-Байна уу?

-Үүний дараа 2019 онд АНУ-ын Нобелийн шагналт эрдэмтэн Норман Борлаугийн тэтгэлэгт тэнцэж, Небраска Линкольн их сургуульд зочин судлаачаар ажиллахдаа Монголоос авч очсон 20 сортын буудайн үрэнд мөн өвчинд тэсвэртэй маркер генийн судалгаа хийсэн. Тэр 20 сортоос 2 сорт л зэв өвчинд тэсвэртэй маркер ген агуулж байгааг CASP анализаар тодорхойлсон.

-Ямар сортын буудай вэ?

-Дархан-160 болон 181 сорт Lr34 генийг агуулсан болох нь тогтоогдсон. Тиймээс навчны хүрэн зэв өвчинд тэсвэртэй сорт гаргахаар слекц явуулахдаа тухайн сортуудыг эцэг, эхээр нь сонгох хэрэгтэй.

Өвчин, ганд тэсвэртэй буудайн үрийг их хэмжээгээр үржүүлье гэхээр Улсын дэмжлэг, санхүүжилт, лаборатори, тоног төхөөрөмж гээд тоочоод байвал асуудал их байна.

-Зэв гэдэг нь ямар өвчин юм бэ?

-Буудай нь олон хор хөнөөлт өвчинд нэрвэгддэгээс навчны хүрэн зэв өвчин хамгийн өргөн тархалттай хор хөнөөл ихтэй өвчний нэг юм. Энэ өвчин Мексик, АНУ, Австрали зэрэг улсын газар тариаланд учруулж байгаа хор хөнөөлөөрөө тэргүүлдэг. Эдгээр улс тухайн өвчинтэй тэмцэхэд зориулж, жилд 108 сая доллар зарцуулж байна. Уг өвчин буудай цэцэглэх үед агаарын температур 15-25оС болох үед тохиолддог. Puccinia triticina Eriks мөөгөнцрөөс үүсдэг. Буудайн навчийг өвчлүүлж, ургац болон чанарыг нь алдагдуулдаг, хор хөнөөл ихтэй өвчин.

-Уур амьсгалын өөрчлөлт, хилээр янз бүрийн үр, ургамал замбараагүй оруулж ирж байгаатай холбоотойгоор ургамал янз бүрийн өвчин тусдаг болжээ. Ковид гэж өвчин гарч, хүнд халдсан шиг. Манай орны ургамал, тэр дундаа буудайнд тийм үл мэдэгдэх, өмнө нь тусаж байгаагүй өвчин гарч ирж байна уу?

-Ургаж байгаа буудайнд хортон шавж гэж бараг байдаггүй байлаа. Гэтэл сүүлийн жилүүдэд трипс гэж хортон гарч ирж, ихээхэн асуудал үүсгэлээ. Үүний зэрэгцээ буудай гаж хөгжилтэй болж байгаа тухай мэдээ ирсэн. Баруун аймгуудаар явсан гадаадын нэг судлаач гаж хөгжилтэй буудайн зургийг авч, тэмдэглэсэн байна лээ.

-Яагаад буудайнд гажиг үүсэв?

-Хор, бордоог технологийн дагуу зөв хэрэглээгүйгээс үүдэлтэй. Химийн бодисонд түлэгдэж, буудайн түрүүнд гажиг, мутац үүссэн байна гэж үзсэн.

-Газар тариалангийн салбарт яах аргагүй мэргэжлийн хүмүүс дутагдаж байгаа юм байна.

Ургаж байгаа буудайнд хортон шавж гэж бараг байдаггүй байлаа. Гэтэл сүүлийн жилүүдэд трипс гэж хортон гарч ирж, ихээхэн асуудал үүсгэлээ. Үүний зэрэгцээ буудай гаж хөгжилтэй болж байгаа тухай мэдээ ирсэн

-Тийм ээ. Энэ бол зөвхөн Монголын биш, Дэлхий нийтийн асуудал болсон. Тариалангийн талбайд ажиллах хүн хаана ч олдохоо больсон. Үүнийг дагаад, газар тариалангийн салбарт ухаалаг технологи нэвтэрч байна. Тариа, ногоо, жимсний талбайгаа дроноор хянадаг болсон. Усалгааны автомат систем ашиглан тариагаа усалж, дроноор хор цацаж байна. Өмнө нь талбайн хаана нь ямар өвчин байна, хаана болц гүйцсэн байна, аль хэсэгт чийг дутагдаж байна гэх мэт мэдээлэл авахын тулд агрономич бүтэн өдөржин талбай дундуур явдаг байлаа. Одоо бол өрөөндаа сууж байгаад л дрон нисгэж, талбайн зургаа авч хариу ямар арга хэмжээ авахаа шийдвэрлэдэг болсон. Монголд ч ийм техологи нэвтрүүлсэн аж ахуйнууд олноор бий болж байна. “Арвин хур” ХХК болон “Мета агро” ХХК тариалангийнхаа хөрсөнд мэдрэгч (Sensor) суурилуулж хиймэл дагуулын мэдээг бодит цаг хугацаанд нь хэрэглэж байна. Мөн дрон технологийг нэвтрүүлээд өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж, хүний хөдөлмөр, цаг хугацааг хэмнэж байна.

-Жирийн дрон биш л байж таарна.

-Олон сувгийн камертай, нисгэгчгүй нисэх төхөөрөмж нь тариаланчдын цагийг хэмнэх, цөөн хүний хүчээр тариалан эрхлэх замаар хөдөө аж ахуйн салбарт хувьсгал хийх боломжтой. Гэсэн ч хөдөө аж ахуйд дрон нэвтрүүлж, тогтвортой ашиглахын тулд салбарын зохицуулалт, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн системд дроны технологи нэвтрүүлэхтэй холбоотой бэрхшээлүүдийг шийдвэрлэх шаардлагатай байна. Multispectral буюу олон сувгийн камер олон долгионы урттай, ихэвчлэн харагдаж байгаа болон ойрын хэт улаан туяаны (NIR) спектрийн зургийн өгөгдлийг авдаг. Газар тариаланд болон хөрсний эрүүл мэндэд дүн шинжилгээ хийх нь чухал ач холбогдолтой юм.

Ийм дрон БНХАУ-д 20 гаруй сая төгрөг, АНУ-д 10 мянган ам.долларын үнэтэй. “Инженер геодези” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд манай сургуульд дроны виртуал танхим тохижуулж өгөхөөр болсон. Ирээдүйн мэргэжилтнүүд дэлхий нийтийн хөгжилтэй хөл нийлүүлэн дроныг өдөр тутмын үйл ажиллагаа болон судалгааны ажилдаа ашиглаж сурах шаардлагатай шүү дээ.

- Шинэ
- Хандалттай