horoscope
horoscope
horoscope
userР. Цэцэгбаяр

Эрдмийн өргөө эрээ цээргүйчүүдийн оромж болж хувирлаа

post-img

Сургууль бол бидний сурч мэдэх, төлөвших ёстой боловсролын байгууллага. Энд бид ихийг сурч, эеийг хичээх ёстой. Гэвч ойрын жилүүдэд сургуулийн орчинд үе тэнгийн дээрэлхэлт, гэмт хэрэг, зөрчилдөөн их үйлдэгдэх боллоо. Тэр дундаа сургуулийн дунд, ахлах ангийн охид хараалын үгийг энгийн ярианы үг мэт хэлдэг болсон нь хөндөх ёстой сэдэв болов. Тэдний хувьд п….., я….., г…. гэх хараалын үгс өдөр тутмын яриа болсныг дараах жишээнээс харж болно.


Б.Н “Би энэ ангид шилжиж ирээд, хоёр жил болж байгаа. Өмнө нь сурч байсан сургуульдаа ганцхан найзтай байсан. Өмнөх ангийнхан дотроо 3 өөр фракц үүсгэж найзалдаг. Найз бид хоёрыг зарим хүүхэд шоолж, дээрэлхэж, хараадаг. Эхэндээ бид хоёр энэ тухай ээж аав, багш нарт хэлдэг байсан. Гэвч “Тоохгүй орхичих” гээд байдаг болохоор сүүлдээ юу ч хэлэхээ больсон. “Чи я…. болно” гэдэг нь хамгийн аймаар. Одоо ч мартагддаггүй. Тэгээд л өөр сургууль руу шилжсэн” гэж ярих охин өдгөө 14-хөн настай.
Өдөр болгон анги дээрээ сонсдог зүй бус үг, хандлагаас болоод тэрээр сэтгэл санааны хямралд орж, хичээлдээ явах хүсэлгүй болж, сүүлдээ амиа хорлох тухай бодсон байна.

Энэ бол өсвөр үеийнхний замбараагүй үг хэллэг, зүй бус харилцаанаас болж, хүүхэд ахуй насандаа сэтгэлийн шарх тээсэн ганцхан охины жишээ. Үүний цаана хэдэн хүүхэд сурагчийн формоо өмсөөд, дэрвэж, дэггүйтэж явах насаа дарамт, дээрэлхэлт дунд өнгөрүүлж байгааг таашгүй.

2022 онд Улаанбаатар хотын бүх дүүрэг, 8 аймагт амьдарч буй 12-18 насны нийт 4264 хүүхдийг судалгаанд хамруулахад 82.8 хувь нь “Дээрэлхэлт, хүчирхийлэлд өртдөг” гэж хариулсан байдаг. Үүнээс хойш томоохон судалгаа хийгээгүй байна. 2023 онд зөвхөн Улаанбаатар хотын төрийн болон хувийн өмчийн сургуулиудад 306 гэмт хэрэг, зөрчил бүртгэгджээ.
Үе тэнгийнхнийгээ дээрэлхэх, ялгаварлан гадуурхах гэмт хэргийн дийлэнх нь төрийн өмчийн сургуульд гардгийг судалгаагаар тогтоожээ. 2022 онд төрийн өмчийн сургуулиудад 108 гэмт хэрэг үйлдэгдсэн бол 2023 онд 115 болж нэмэгджээ. Үүний цаана мэдэгдээгүй, судлагдаагүй хэрэг, зөрчил олон бий.

Бусадтай зүй бусаар харилцдаг хүүхдүүд өөрсдөө хүчирхийллийн золиос болсон, гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг ажээ. Тэднийг хэн ч хайхардаггүй, гадуурхагддаг. Ийм байдлаасаа болоод тэд өөрөөсөө сул дорой хүүхдүүдийг дээрэлхдэг. Эсвэл урлаг, спортын авьяастай, онц сурдаг, эдийн засгийн хувьд бусдаасаа давуу талтай хүүхдүүд нийлж, бүлэг үүсгэн, өөрөөсөө сул дорой, бусдаас ялгаатай хүүхдүүдийг доромжлох, дарамтлах хандлага гаргадаг байна.

Зодох, цохих, мөнгө нэхэх, үл хайхрах, харилцахгүй байх, ганцаардуулах, гадаад үзэмжээр нь хочлох, доромжлох нь тэдний хамгийн сайн хийж чаддаг зүйл. Ийм гадуурхалтад өртсөн хүүхэд сэтгэл санааны гүн хямралд орж, эцсийн сонголт нь амиа хорлох болж хувирдаг.

Өнөөгийн хүүхдүүд багшаас айх, эмээх, хүндлэх гээчийг мэдэхгүй гэхэд болно. Багш хичээл орж байхад, хоорондоо зодолдоно, хараалын үгийг нэгэндээ харамгүй хэлнэ. Нэр усгүй хүмүүс шиг “Хөөе … минь” гэж хараах нь байдаг л зүйл гэнэ.

Багш Г.Янжиндолгор “Эрэгтэй хүүхэд л зодоон хийдэг гэж бид ойлгодог. Гэтэл одоо эмэгтэй хүүхдүүд бусдыг зодох, дээрэлхэх асуудал их гардаг болсон. Хамгийн аймшигтай нь тэр жаахан хүүхдүүдийн амнаас гарч байгаа үгийг сонсохоор чихэндээ итгэмгүй. Бидний хэлэхээс ч эмээдэг хараалын үгс тэдний хувьд энгийн ярианы үг мэт болсон. Манай сургуулийн хүүхдүүд л ийм юм уу гээд бусад сургуулийн багш найз нараасаа асуухаар яг л адилхан юм билээ” гэж халаглав.

Боловсролын ерөнхий хуулийн 10.2.6 дахь заалтад “Суралцагч бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, хүний эрх, эрх чөлөөг дээдэлж, ялгаварлан гадуурхах, дарамтлах, доромжлох, нэр төр, алдар хүндийг нь гутаах үйлдэл гаргахгүй байх үүрэгтэй” гэж заажээ. Гэсэн ч биелэхгүй байгааг дээрх олон жишээ, судалгаанаас харж болно.

0/1000