Улсын Их Хурлын чуулганы өчигдөр (2024.11.28)-ийн нэгдсэн хуралдаанаар Улс төрийн намын тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Хуулийн төсөлд, нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэх арга хэмжээг 2024 оны долдугаар сарын 1-ний өдрөөс хойш зургаан сарын дотор авч хэрэгжүүлэх бөгөөд уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлнэ гэж заасныг 2027 оны наймдугаар сарын 1 болгож хойшлуулахаар тусгасан.
Засгийн газраас энэ сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн тус хуулийн төслийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал танилцуулаад, Улс төрийн намын тухай хууль 2023 оны долдугаар сарын 7-ны өдөр батлагдаж, 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлснийг онцлов.
Тэрбээр хууль хэрэгжиж эхэлснээс хойш 2024 оны зургадугаар сард УИХ-ын ээлжит сонгууль, 10 дугаар сард орон нутгийн сонгууль зохион байгуулагдаж, улс төрийн намууд сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулах, нэр дэвшигчдийг тодруулах, сонгуулийн сурталчилгаа хийх, сонгуульд оролцох, сонгуулийн үр дүнгээр УИХ, Засгийн газрыг эмхлэн байгуулах зэрэг улс төрийн олон үйл ажиллагаа дараалсан учир намын дүрэм журмыг шинэ хуульд нийцүүлэх боломж хомс байсныг дурдлаа.
Улсын дээд шүүхэд нийт 37 нам бүртгэлтэйгээс УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд 22 нь, орон нутгийн сонгуульд 12 нь оролцсон байна.
Улс төрийн намын тухай хуульд намын дүрмээр гишүүдийн эрх, үүрэг, зохион байгуулалтын бүтцээс гадна намын удирдах дээд төлөөллийн төв байгууллага, гүйцэтгэх болон хяналтын байгууллагыг байгуулах журам, тэдгээрийн бүрэлдэхүүн, бүрэн эрхийн хугацаа, эрх хэмжээ болон намын салбар, бүтцийн нэгжийг байгуулах, татан буулгах зэрэг асуудлыг цогц байдлаар зохицуулахаар заасан.
Түүнчлэн намын дүрэм, хөтөлбөрийг шинэчлэхэд гишүүдийн оролцоо ил тод байдлыг хангах олонхын саналаар шийдвэрлэх зарчмыг баримтлах, намын дүрэм, хөтөлбөрийг батлах түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг намын удирдах дээд байгууллагын онцгой бүрэн эрхэд хамааруулан хуульчилсан байна.
Өөрөөр хэлбэл, намын дүрэмд гуравны нэгээс дээш хэмжээний өөрчлөлт оруулах асуудлыг намын анхан шатын бүх нэгжийг хуралдуулж гишүүдийн оролцоог хангаж шаталсан хэлбэрээр санал авсны үндсэн дээр намын удирдах дээд байгууллагаас эцэслэн шийдвэрлэж Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хуульд заажээ.
Ийнхүү улс төрийн намын дүрмийн шинэчлэл нь гишүүдийн идэвх оролцоог хангахыг шаардсан өргөн хүрээний өөрчлөлтийг хамарч байгаа тул хүн хүч, цаг хугацаа, хөрөнгө санхүү, зохион байгуулалт, төлөвлөлтийг шаардсан төдийгүй тодорхой шат дамжлага бүхий бэлтгэл ажлыг хангахгүйгээр шууд хэрэгжүүлэх боломжгүй асуудал үүсч байна гэж Засгийн газар үзжээ.
Намын бүтэц, дүрмийг ардчиллын зарчимд нийцүүлэн шинэчлэхэд намын бүтцийн байгууллагуудад жендерийн тэгш байдал, хүйсийн төлөөллийн оролцоог хуульд заасан хэмжээнд бүрдүүлсэн байх шаардлага мөн тавигдаж байгааг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга тэмдэглэж, энэ шаардлагыг богино хугацаанд хангахад ялангуяа УИХ-д суудалгүй болон Улс төрийн намын тухай хуулийн 27.3 д заасан нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан байх нөхцөлийг хангаагүй намуудад боломж хязгаарлагдмал байгаа аж.
Иймд шинэчлэн бүртгүүлэх хугацааг хойшлуулах талаар Бүгд найрамдах нам, Шинэ нам, Эх орончдын нэгдсэн нам, Зүй ёс нам, Гэр хороолол хөгжлийн нам, Монголын социал демократ нам, Үнэн ба зөв намаас санал ирүүлснийг харгалзан хуулийн төслийг Засгийн газраас боловсруулжээ. Хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа танилцуулав.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.
“ХУУЛЬ ХЭРЭГЖИХ ХУГАЦААГ 2027 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 1 ГЭЖ ОРУУЛЖ ИРЖ, ОЛНЫ ЭГДҮҮЦЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА”
УИХ-ын гишүүн Г.Ганбаатар:
2025 оны төсөв дээрээ хориг тавиулчихаад, Улс төрийн намын тухай хууль хэлэлцээд сууж байгаа нь эмгэнэлтэй ч юм шиг. Хууль хэлэлцэх дараалал, хөрөнгө оруулалт, нэн тэргүүнд юу нь чухал вэ гэдгээ манай парламент барихгүй юм. 2023 оны долдугаар сарын 7-нд баталсан хуулиа дахин өөрчлөх болж байгаа нь, хууль хэрэгжих хугацааг 2027 оны наймдугаар сарын нэгэн гэж оруулж ирж байгаа нь олны эгдүүцлийг хүргэж байна. Хууль зүйн яамаараа хянагдаад, Засгийн газраас өргөн барьсан болохоор хэлэлцэх л байлгүй. 2027 оны наймдугаар сарын 1 гэдэг хугацаа үнэн инээдтэй шүү.
“126 ГИШҮҮНТЭЙ УИХ УЛС ТӨРИЙН НАМЫГ МӨНГӨНИЙ НӨЛӨӨЛЛӨӨС ХАРААТ БУС БОЛГОХ ЭХЛЭЛИЙГ ТАВИХ ЁСТОЙ”
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:
Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Улс төрийн намын тухай хуулийн төсөл нь намын үйл ажиллагааг шилэн, тунгалаг болгох олон зохицуулалт ороод хэрэгжиж байна. Энэ хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг өнөөдөр шийдэх нь зөв гэж үзэж байна. Улс төрийн намыг мөнгөний нөлөөллөөс хараат бус болгох эхлэлийг 126 гишүүнтэй энэ Их хурал тавих ёстой юм. Таван саяын цалинтай УИХ-ын гишүүн сонгуульд нэр дэвшихийн тулд 5-6 тэрбум төгрөг зарцуулж байгааг ард түмэн эсэргүүцдэг. Тийм хэмжээний мөнгөгүй ч улс орны хөгжилд хувь нэмэр оруулах оюунлаг хүмүүс парламентад орж ирэх боломжоор хангах тэр өөрчлөлтийг бид хийх ёстой.
“ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ 2028 ОН ХҮРТЭЛ ХОЙШЛУУЛАХ ГЭЖ БАЙГААД САНАА ЗОВЖ БАЙНА”
УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан батлуулсан Улс төрийн намын тухай /Шинэчилсэн найруулга/ хууль нь олон намын төлөөллийн оролцоог хангаж, саналыг авч тусган, чамбай боловсруулсан хууль бөгөөд дэвшилттэй олон чухал заалт орсон. Улс төрийн намууд институцийн хувьд бэхжих шаардлагатайн дотор АН ч мөн энэ асуудалд онцгой анхаарч, цаг алдахгүй ажиллах хэрэгцээ бийг тус бүлгийн гишүүд ярилцаж, хуулийн хэрэгжилтийг 2028 он хүртэл хойшлуулах гэж байгаад санаа зовж байна.
“НАМУУД НИЙТ 22 МЯНГАН ИРГЭНИЙ ДЭМЖЛЭГ АВСАН БАЙХ ХУГАЦАА ТУСГАГДСАН”
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар:
Бусад намуудаас гаргасан санал, шаардлагыг харгалзан үзэх үүднээс хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж бүлгийн хуралдаанаас тогтсон. МАН ын хувьд дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтаа Улс төрийн намын тухай / Шинэчилсэн найруулга/ хуульд нийцүүлж ажиллахад хүндрэл, бэрхшээл үүсэх зүйл байхгүй.
Улс төрийн намын тухай /Шинэчилсэн найруулга/ хуульд Улсын дээд шүүхэд дүрмээ бүртгүүлэхээс гадна 2028 оны нэгдүгээр сарын 1нээс өмнө намууд нийт сонгогчийн нэгээс доошгүй хувийн буюу 22 мянган иргэний дэмжлэг авсан байх хугацаа тусгагдсан. Энэ шаардлагыг хангахад УИХд суудалгүй намууд анхаарч ажиллах нь зүйтэй.
“АСУУДЛЫГ ЯАРАН ШИЙДВЭРЛЭХ НЬ АЛСДАА СӨРӨГ ҮР ДАГАВАР ДАГУУЛЖ БОЛЗОШГҮЙ”
УИХ-ын гишүүн Б.Найдалаа:
ХҮН намд дүрмийн өөрчлөлтөө бүртгүүлэх, хуульд үйл ажиллагаагаа нийцүүлэх талаар ямар ч хүндрэл учрахгүй. Ирэх долоо хоногт хуралдаад шийдчих чадвартай. Бусад намуудаас хүсэлт, санал тавьсан тохиолдолд хүндэтгэн үзэж, хэлэлцэх нь зүйн хэрэг гэж үзэж байна. Гэхдээ асуудлыг яаран шийдвэрлэх, цаг хугацааг давчуу, тулгуу тавих нь алсдаа сөрөг үр дагавар дагуулж болзошгүйг анхааруулаад, 2027 он хүртэл буюу хоёр жилээр хойшлуулах саналтай байна.
“ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ УРТ БУС, БОГИНО ХУГАЦААГААР ХОЙШЛУУЛАХ НЬ ЗҮЙТЭЙ”
УИХ-ын гишүүн А.Ундраа:
Үндэсний эвсэл үйл ажиллагаагаа хуульд нийцүүлэн ажиллаж байгааг болон эвсэлд нэгдсэн Монголын ногоон нам, Монголын Үндэсний ардчилсан нам тус тусын дүрмийг шинэчлэн баталж, бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд албан ёсоор хүргүүлээд байна. Монголын улс төрийн тогтолцоо болон намуудын төлөвшил, шинэчлэлийг цаг алдалгүй хэрэгжүүлэхийг “Үндэсний эвсэл” бүх талаар дэмжиж, намууд дүрмээ шинэчлэн, Улсын дээд шүүхэд бүртгүүлэх хугацааг хойшлуулах шаардлагагүй гэсэн байр суурьтай байна. Хэрэв хойшлуулах бол урт бус, богино хугацаагаар хойшлуулах нь зүйтэй.
“УЛС ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ШИНЭЧЛЭЛ, ХӨГЖИЛ, ТӨЛӨВШИЛД ХАРИУЦЛАГАТАЙ ХАНДАХ ЁСТОЙ”
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга ихээхэн дэвшилттэй, намуудыг төлөвшүүлэхэд ихээхэн хэрэг болохуйцаар батлагдсан. Анхны 126 гишүүн бүхий парламентад дангаар болон эвслээр нийт таван нам суудал авсан нь Монгол Улсын Үндсэн хууль болон улс төрийн салбарын эрх зүйн шинэчлэлийн үр дүн юм. Намууд өөрийн дүрмийг шинэчлэн баталж, Улсын дээд шүүхэд бүртгүүлэх хугацааг хойшлуулах тухай асуудал хоёр дахь удаагаа хэлэлцэгдэж байгааг анхаарах хэрэгтэй. Улс төрийн байгууллагуудын шинэчлэл, хөгжил, төлөвшилд хариуцлагатай хандах ёстой. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10.12-т заасны дагуу дээрх хуулийн төслийг дэмжих, эсэх асуудлаарх санал хураалтыг өнөөдөр буюу 2024 оны арваннэгдүгээр сарын 29-ний баасан гаригийн нэгдсэн хугалдаанаар явуулахаар тогтов.
Д.Эрдэнэтуяа