horoscope
horoscope
horoscope
userАДМИН

Д.Ганбат: Нүүрсний үнэ унаж, бидний өөдрөгөөр төсөөлөөд байгаа бүхэн өдөр өдрөөр замхарч байна

post-img

УИХ-ын гишүүн Д.Ганбаттай ярилцлаа.

————————————————————–

-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцлээ. Та нэлээд хатуухан байр суурь илэрхийлж байгаа харагдсан. Гол асуудал юунд байна вэ?

-Энэ хууль сүүлийн 17, 18 жил олон парламент дамжиж, шинэчилсэн найруулга явж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн бариад, бүх намыг оролцуулсан хэлэлцүүлгийг удаа дараа зохион байгуулж, бараг хоёр гурван жил ажилласан. Ажлын хэсэгт нь би ч байсан л даа. 2023 оны долдугаар сарын 7-нд баталсан. Уул нь баталсан өдрөөсөө эхлээд хуулиа хэрэгжүүлээд явъя гэсэн саналтай байж байгаад тухайн үеийн намуудын гаргасан саналаар хуулийн хэрэгжилтийг 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлье гэж хойшлуулсан. Батлагдаад жил зургаан сар, хэрэгжээд жил болчихож байна. Улс төрийн намуудын дагах журмын тухай хуульд улс төрийн нам мөрийн хөтөлбөрөө, дотоод зохион байгуулалтаа, дүрмээ энэ хуульд нийцүүлж, энэ ондоо багтааж, бүртгүүлнэ гэсэн зүйл заалт бий. Гэтэл Засгийн газраас 2027 оны наймдугаар сарын 1-нийг хүртэл хэрэгжилтийг хойшлуулъя гэж хуулийн төсөл оруулж ирж байна. Хууль тогтоомжийн тухай хуулийн 4.10-д хэрэгжиж байгаа хуулийн талаар хэн нэгэн этгээд, ямар нэгэн байдлаар хууль өргөн барихгүй гэсэн тодорхой заалт байгаа юм. Гэтэл нэгдүгээрт, Засгийн газар энэ хуулийн заалтыг зөрчсөн байна. Хоёрдугаарт, үүнээс гадна маш олон заалт зөрчигдөж байна. Хэлэлцүүлэг явах ёстой. Намуудаас санал авах ёстой. УИХ бас хууль зөрчөөд, хуулийг өргөн барьсныг хүлээж аваад, хэлэлцэх эсэхийг шийдээд байна. Ардчилсан намын бүлэг энэ долоо хоногт хуралдаад, 18 гишүүн буюу олонх энэ хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжихгүй, хууль хэрэгждэгээрээ хэрэгжих ёстой гэсэн шийдвэр гаргасан.

-УИХ өнгөрсөн баасан гаригт 2025 оны Төсвийн хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн. Гэвч Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх дэгийг зохицуулсан заалт холбогдох хуулиудад байхгүй. Одоо ямар дэгээр явах талаар шийдэлд хүрсэн үү?

-УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Ёс зүй дэгийн байнгын хороо хамтарч хуралдаад, өмнө ийм зүйл байгаагүй тул хууль хэлэлцэх асуудлаар ажиллаж байх шиг байна.

-Та Ерөнхийлөгчийг хориг тавихад дэмжсэн бил үү?

-Угаасаа Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийг орж ирэхэд “Энэ хуулиа тат аа. Монгол Улсын төсвийг том болгож болохгүй. Дотоодын нийт бүтээгдэхүүний тодорхой хэмжээний зүйл заалт байх ёстой. Намуудын мөрийн хөтөлбөрт ч цомхон, хэмнэлттэй төсөвтэй байна гэж заасан байдаг. Гэтэл гурван нам мөрийн хөтөлбөрөө хэрэгсэхгүйгээр нийлээд ийм төсөв оруулж ирсэн. Алдагдал маш их, 1.9 их наяд. Нийт 35.8 их наядын зардалтай, 33.7 их наядын орлоготой төсөв баталсан. Ерөнхийлөгчийг төсөвт хориг тавьсны дараа мань мэтийн хүнээс бусад нь нэгэн дуугаар дэмжиж, баталсан төсвөө эргээд бараг 80 хувь нь хүлээн авсан. УИХ энэ бүхнийг засаж залруулах гээд ажиллаж байна.

-Засгийн газар ирэх оны эдийн засгийн өсөлтийг их өөдрөгөөр төсөөлсөн. Харамсалтай нь, өнөөдөр дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал хурдацтай өөрчлөгдөж байгааг бид анхаарахгүй бол болохгүй байх. Та юу хэлэх вэ?

-Өнөөдрийн нөхцөл байдлаас үзвэл 2025 оны маш өөдрөгөөр харах нь эрсдэлтэй байна. Нүүрсний үнэ унаж байна. Экспорт 60 хувь нь нүүрснээс шалтгаалж байна. Дэлхийн зах зээл дээр коксжих болон эрчим хүчний нүүрсний үнэ унаж байгаа мэдээллүүд гарч байна. Ирэх жил нүүрсний үнийг тонныг нь 129 ам.доллараар тавьчихсан байгаа шүү дээ. Нөгөө талаар, 83 сая тонн нүүрс гаргана гэсэн. Гэтэл мухар төмөр замаа ч холбож чадаагүй байна. Түүнийг дахин гурван жилийн дараа холбоно гэж ярьж байна. Өргөн царигтай байгаа, маш их мөнгө үүнд дахин төлөвлөж байна. Мөн 14 мега төсөл ярьж байна. Мөнгө нь байхгүй. Эх үүсвэр байхгүй. Боловсон хүчин нь байхгүй. Өмнө нь амжилттай хэрэгжүүлсэн мега төсөл бас алга. Баахан зураг төсөл хийгээд, маш их үнэ тавьчихсан. Ийм байдалтай байна.

-Гурван нам Хамтарсан Засгийн газар байгуулаад, хэр сайн ажиллаж байна гэж та хэлэх вэ?

-За яах вэ, УИХ-ын ээлжит сонгууль 2024 оны зургадугаар сарын 28-нд болсон. Энэ сонгуулиар намууд мөрийн хөтөлбөрөө танилцуулсан. Монгол Улсын Үндсэн хуульд сонгуулиар олонх болсон нам Засгийн газраа байгуулж ажиллана, бусад намууд хяналт тавьж, цөөнх болно гэж заасан. Нийт 68 суудалтай МАН Үндсэн хуульд заасны дагуу Засгийн газраа байгуулсангүй. Өөрийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх ч сонирхол алга. Уул нь ингэж ажиллаад, болохгүй бүтэхгүй бол дараа нь Хамтарсан Засгийн газар байгуулж болно л доо. Гэтэл Үндсэн хуулийг хэрэгсэхгүй, ард түмний засаглах эрх хангагдахгүй байна. Нэлээд сөрөг хүчинтэй, олонх буюу эрх барьж буй намынхаа зөв зүйлийг дэмжиж өгдөг, буруу зүйлийг нь засаж өгдөг ийм парламентын давуу тал хаа ч байдаг. Ард түмэн ингэж засаглаж ажилла гэж сонгуулиар саналаа өгсөн шүү дээ. Гэтэл үүний эсрэгээр, Үндсэн хуулийг ч тоолгүйгээр ийм Засаг байгуулж байгаа нь харамсалтай байна. Энэ нь ч Монгол Улсын 2025 оны төсвийг баталж буй үйл явцаар тод илэрч гарч байна. Төсөв том, тэлж байна. Төр засаг дарга нарын тоо ихэсч байна. Данхайж байна. Төрийн өмчит компаниуд ямар ч ашиггүй ажиллаж байна. Ард түмний амьдрал, ядуурал буурахгүй байна гэсэн зүйлүүдийг хэлж болохоор байна.

-ОУВС мөчлөгийн шинжтэй нүүрс, зэсийн үнийг дагаад Засгийн газрын зарцуулалт өсч, буурснаар инцляцийг хөөрөгдөнө гэж анхааруулж байна. Гэтэл бид эдийн засаг өснө гэж тооцоолсоор байна. Цаашид ямар эрсдэл нүүрлэж болзошгүй гэж та бодож байна вэ?

-МАН буюу Засгийн газар эдийн засгийн өсөлтийг найман хувьтай байна гэж тооцоод байгаа. Олон улсын валютын сан зэрэг гадна, дотны байгууллагууд зургаан хувьтай байна гэж төсөөлж байснаа одоо бүр бууруулаад дөрвөн хувь руу орлоо. Он гараад АНУ, Хятад улс хоёрын хооронд тарифын буюу “худалдааны дайн” даамжирч, хоорондоо маш өндөр татвар тавилцах магадлал өндөр байна. Урд хөршийн эдийн засаг бас тийм сайнгүй байна. Энэ бүхнээс манай эдийн засгийн өсөлт шалтгаална. Нүүрсний үнэ унаж байна. Гэтэл энэ их өөдрөгөөр төсөөлөөд байгаа бүхэн өдөр өдрөөр замхарч байна. Бодит үнэн бол ийм байна.

-УИХ түүхэндээ анх удаа 126 гишүүнтэй болсон. Тоо нэмэгдээд, чанар дээшилж байна уу?

-Миний хувьд эмэгтэйчүүдийн квотын 30 хувь, мөн жагсаалтын гишүүдтэй болох, намууд төлөвших тухайд 126 гишүүнтэй байх нь зөв байх гэж бодож байна. Би энэ хуулийг өргөн барьж, батлалцсан гишүүний нэг л дээ. Гэтэл бас хүлээлтэд хүрэхгүй байна. Яг өнөөдрийн байдлаар, намууд төлөвших ёстой. Төлөвших бүх замыг хааж байна. Парламентын засаглалтай улс орон Засгийн газрынхаа хараат юм шиг ажиллаж байна. Хоёр том гүрний дунд байгаа улс парламентын засаглалтай байж, олон намын систем байж байж Монгол Улсын тусгаар тогтнол баталгаатай байна. Энэ бүгд бидний сонгосон хамгийн зөв зам мөн гэж үзэж байна. Гэвч Засгийн газар нь хуулиа дээдлэхгүй, УИХ нь хууль биелүүлэхгүй байж Монголын ард түмнээс хуулиа биелүүлээч ээ гэж шахаж шаардаж байгаа нь цаашдаа маш их хор нөлөөтэй.

-Зарим хүн төсөв тэлбэл ард түмэнд ашигтай байх талтай гэж санал бодлоо илэрхийлж байна. Та энэ тал дээр юу хэлэх вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны төсвийг алдагдалгүй баталъя гэж бүхэлд нь хориг тавьсан. Би үүнтэй санал нийлж байна. Угаасаа 2025 оны төсвийн хэлэлцүүлэг хийж байхад “Монгол Улсын төсөв алдагдалгүй байх ёстой. Өөрийн хэр хэмжээндээ шууд зарцуулдаг байя” гэж хэлж ярьсаар ирсэн. Төрийн мөнгө гэж байхгүй. Байгалийн баялгаас орж ирж байгаа, ард түмэн, аж ахуйн нэгжээс авч байгаа татвараас төсвийг бүрдүүлж байгаа. Эндээс орж ирж байгаа нэг төгрөг бүрийг үр дүнтэй зарцуулах ёстой. Гэтэл энэ бүх зүйл эсрэгээр байна. Өнгөрсөн долоо, наймдугаар сард төсвийн тодотгол хийж байхад нэг сайд дөнгөж албан тушаалд очингуутаа сэтгүүлийн ширээг 19 сая төгрөгөөр худалдаж авч байна, нөгөөх нь 10, 20 хүнийг Фукуок руу төрийн албаны туршлага судалж байна гэх нэрээр сайд нараа амраасан юм уу авч явсан. Хайнаньд олон давхраас төрийн албан хаагч унаж нас барсан зэрэг зүйлүүд удаа дараа гарч байна шүү дээ. Үүнд иргэд дургүйцээд байна л даа. Иргэд сонгогчидтой уулзаад явахад үүнийг байнга ярьж байна.

-Танай нам засагт хамтарчихаар сөрөг хүчний байр сууринаас асуудалд хандахад бэрхшээлтэй байна уу?

-Би өөрөө өөрийгөө дүгнэхгүй л дээ. Хэн нэг хүн ингэж яриад, засаж залруулаад байж байгаа бол би яриад байх шаардлага алга. Хамгийн гол нь улс оны ажлыг зөв зүйтэй явуулах. Болохгүйг хэлэхгүй, ярихгүй байж байгаад цаашаа газар авахуулбал хоног хугацаа, мөнгө төгрөг зэрэг эргээд олдохгүй шүү дээ. Энэ талаас нь тангараг өргөсөн УИХ-ын гишүүн, ард түмний элчийн хувьд үүргээ гүйцэтгэх гэж үзэж байна. Би өөрөө үзэл бодлын хувьд баруун төвийн буюу Ардчилсан намын баримталдаг үзэл санаатай байдаг. Түүнээс сандал ширээ, албан тушаалд автагдаад ч юм уу, эсвэл хэн нэгэн хүнд барьцаалагдах зүйл надад алга.

-УИХ Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлаад удаагүй байна. Зарим хүмүүс уран ашиглахын эсрэг байдаг. Та дэмжсэн үү?

-Мэдээж хэрэг бид ураныг ашиглах ёстой. Хамгийн тэргүүний техник, технологийг оруулж ирж, байгаль орчин, оршин суугчдад аль болох бага сөрөг нөлөө үзүүлэхээр байх ёстой гэдгийг хэлж байгаа. Тийм тэргүүний техник технологитой, гуравдагч буюу хөгжилтэй улсуудын хөрөнгө оруулалт орж ирэхийг би сайн зүйл гэж бодож, дэмжиж байна. Энийгээ тухайн улс орон баталгаажуулах ёстой. Олон улсын жишигт нийцсэн гэрээ байгуулж ажиллах ёстой. Энэ асуудлыг олон жил, удаан хугацаагаар ярьж байна. Казахстан улстай л анх ярьж эхэлсэн гэж байгаа. Өнөөдөр Казахстан улс дэлхийн ураны зах зээлийн бараг 20 хувийг эзэлж байхад манайх ерөөсөө байхгүй байна. Ураны нөөцөөрөө манайх 5 хувьтай гээд байгаа. Цаашаа хайгуул хийгээд нэмэгдэх байх аа. Ашиглахдаа энх тайвны зорилгоор ашиглана гэсэн заалтыг хуулиндаа оруулж өгөхгүй бол өдрөөс өдөрт дэлхийн нөхцөл байдал хурдан өөрчлөгдөж байна.

Д.Эрдэнэтуяа

0/1000