Ирландын нийслэл Дублин хотын Дээд шүүхээс хүчингийн хэрэг үйлдсэн болохыг нь тогтоож, хохирогчид нөхөн төлбөр төлөх шийтгэл аваад байгаа холимог тулааны од Коннор Макгрегорын нэр хүнд унаж эхлээд байна.
Дублин хотын Дээд шүүхээс Коннор Макгрегорыг 2018 оны 12 сард Дублин хотын нэгэн зочид буудалд гомдол мэдүүлэгч, хохирогч Никита Хэндийг хүчиндсэн хэрэгт буруутай гэж үзээд бие физиологи болон сэтгэлзүйн хохирлыг нь барагдуулж, 250 мянган евро-гийн нөхөн төлбөрийг хохирогчид төлөхийг үүрэгдсэн юм. Тэгвэл шүүхийн шийдвэр гарснаас хойш Коннор Макгрегорыг эсэргүүцсэн, түүнтэй хамтын ажиллагаа гэх зэрэг аливаа харилцаа холбоогоо зогсоож байгаа үйл явдлууд ар араасаа өрнөсөөр байна.
Үүний нэг жишээ бол Ирландын нийслэл Дублин хотын Үндэсний лааны тосон баримлын музейн зүгээс Коннор Макгрегорын лааны тосон баримлан үзмэрээ музейд байршуулахгүй болсон тухайгаа мэдэгдсэн явдал юм. Хэдийгээр К.Макгрегорын баримал тус музейн хамгийн алдартай үзмэрүүдийн нэг (гадны жуулчдын дунд) байсан боловч бидний үнэт зүйлс, үзэл баримтлалтай нийцэхгүй байгаа гэсэн шалтгааны үндсэн дээр музейд байршуулахгүй болж байгаагаа мэдэгджээ. Энэхүү лааны тосон баримлыг 2017 оны 8 сард К.Макгрегорын эцэг Тони Макгрегор нээж байсан ажээ.
Шүүхийн шийдвэрийн дараагаар маш олон компаниуд К.Макгрегортой хамтын ажиллагаагаа цуцлаж байгаагаа мэдэгдсэний дотор түүний хамтран үүсгэн байгуулсан “Proper No.12” брэндийн ирланд вискиг үйлдвэрлэгч Proximo Spirits компани цаашдаа бараа бүтээгдэхүүндээ К.Макгрегорын нэрийг ашиглахгүй гэдгээ мэдэгдсэн байна. Мөн Коннор Макгрегортой хамтран 2023 оны 12 сард гаргаж байсан “Forged” брэндийн шар айргийг дахиж худалдаалахгүй гэдгээ “Filthy McNasty’s” хэмээх уушийн газрын зүгээс мэдэгдсэн байна. Тус уушийн газрын барилгын ханан дээрх К.Макгрегорын графитти зургийг удахгүй арилгахаар болсноо мэдээлсэн байна.
Энэ мэтчилэн Tesco, Costcutter, Carry Out зэрэг супермаркетууд, SPAR, EUROSPAR, MACE, Londis, XL, Supervalu, Centra, Daybreak, Mace зэрэг сүлжээ дэлгүүрүүд түүнтэй холбоотой бараа, бүтээгдэхүүний худалдааг зогсоож, цаашид борлуулалхгүй гэдгээ мэдэгдээд байна. 25-ны даваа гаригт мөн хүчингийн хэргийн хохирогч болсон Никита Хэндэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Дублин хотын гудамж талбайд олон зуун хүн цугларч, жагссан. Жагсагчид Дублин хотын захиргааны байрны гадна эсэргүүцлээ илэрхийлж, Коннор Макгрегорт эрүүгийн хэрэг үүсгэж, зохих ял шийтгэлийг нь ногдуулахыг шаардан жагссан юм.