horoscope
horoscope
horoscope
userГ. Мөнх-Эрдэнэ

“Хар баасан гараг”-ийн худалдан авалтад хянуур хандахыг анхаарууллаа

post-img

Энэ долоо хоногт Америкчууд “Талархлын баяр”-аа тэмдэглэж байна. Тэгвэл энэхүү баярын өдрийн маргааш нь болдог уламжлал тогтоод удаж байгаа “Хар баасан гариг” хэмээх огцом хямдралын арга хэмжээ өнөөдөр тохиож, Америк гэлтгүй дэлхийн өнцөг булан бүрт дэлгүүрүүд томоохон хямдралтай худалдааг явуулж байна. Харин энэхүү “Хар баасан гараг”-ийн худалдан авалтад хянуур хандаж, хямдралын үнэ ханш, хувь хэмжээг нь сайтар нягтлахыг худалдааны салбарын эксперт, мэргэжилтнүүд анхаарууллаа. Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах “Which?” хэмээх байгууллагын зүгээс явуулсан судалгааны дүнгээр “Хар баасан гараг”-ийн үеэр хямдарсан 10 бараа тутмын 9-ийнх үнэ ханш жилийн бусад үед дээрх “огцом хямдарсан үнэ”-тэйгээ ижил, зарим тохиолдолд бүр хямд байдаг гэдгийг тогтоосон байна. Жишээ нь Boots дэлгүүрийн “Хар баасан гараг”-ийн хямдралаар үсний сэнс анхны үнэ болох 49.9 фунт стерлингээс 18.9 фунт стерлинг болж “огцом хямдарсан” хэмээн борлуулж байсан бол уг бараа тус дэлгүүрт сүүлийн 12 сарын хугацаанд хэзээ ч 49.9 фунт стерлингийн үнэтэй байгаагүй байсан ажээ. Уг судалгааг өнгөрөгч 2023 оны 11 сарын 20-ноос 12 сарын 1-ний хооронд, Их Британийн хамгийн том 8 сүлжээ дэлгүүрийн 227 төрлийн бараа бүтээгдэхүүний үнэд нарийвчилсан дүн шинжилгээ хийж явуулсан байна. Мөн “Flourish Retail” хэмээх мерчандайзын судалгаа, зөвлөх үйлчилгээ үзүүлэгч байгууллагын захирал Сара Жонсоны хэлснээр зарим брэндүүд “Хар баасан гараг”-аас өмнө бараа бүтээгдэхүүнийхээ үнийг албаар хөөрөгдөж, дараа нь томоохон хямдрал зарласан мэтээр харагдуулдаг гэжээ. Дээр дурьдсан “Which?” байгууллагын зүгээс “Хар баасан гараг”-ийн үеэр хэрхэн ухаалаг худалдан авалт хийх талаар хэд хэдэн аргуудыг хэрэглэгчдэд зөвлөснийг доор хүргэе:

Итгэмээргүй өндөр хувийн хямдрал зарласан байвал барааны чанарыг сайтар шалгаарай

Худалдаж авах бараа бүтээгдэхүүний жагсаалт гаргаж, шаардлагагүй худалдан авалт хийхээс зайлсхийх

Хямд үнэтэй, олон тооны хэрэггүй зүйлс худалдаж авахын оронд цөөн тооны чанартай бараа бүтээгдэхүүн худалдаж авах

Цахим худалдан авалт хийхдээ хуурамч вебсайтуудаас болгоомжлоорой

Нээгдээд удаагүй сошиал аккаунт болон вебсайт бүхий цахим дэлгүүрүүдээс худалдан авалт хийхдээ анхаарал болгоомжтой хандах

Аль болох үйлчилгээ нь танигдаж шалгарсан, албан ёсны баталгаат дэлгүүр болон цахим дэлгүүрээс худалдан авалт хийхийг зөвлөж байна.

0/1000