Фэйсбүүкийн толгой компани болох Meta-гийн захирал Марк Цукерберг АНУ-ын Флорида мужийн Мар-а-Лаго дахь Дональд Трампын эдлэнд зочилж, түүнтэй оройн зоог барьсан нь талаар барууны хэвлэлүүд мэдээллээ.
Дональд Трамп, Марк Цукерберг нар ойр дотно харилцаатай байсан түүх байхгүй. Д.Трампыг дэмжигчид Капитолын ордон руу дайран орсон хэрэг явдлын дараагаар Д.Трампыг Facebook болон Instagram хэрэглэхийг нь хориглох арга хэмжээг авсан бол Д.Трамп “хэрвээ 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөх гэж оролдвол Марк Цукербергийг шоронд хийх болно” хэмээн сүрдүүлж байсан билээ.
Тэгвэл тэдний энэхүү сөрөг харилцаа сайжирч, ойртож байгаа тухай мэдээллүүд сүүлийн үед цацагдах болж, улмаар Марк Цукерберг Д.Трампын эдлэнд зочилж, түүнтэй оройн зоог барьсан нь тэдний харилцаа улам ойртсоныг харуулаад байна. “Марк АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трампын урилгаар түүнтэй зоог барьж, түүний засаг захиргааны багийн гишүүдтэй уулзаж ярилцах боломж олдсон явдалд баяртай байгаа, энэ бол Америкийн инновацийн ирээдүйн чухал цаг мөч юм” хэмээн Meta компанийн хэвлэлийн төлөөлөгч хэлсэн байна.
Гэхдээ М.Цукерберг, Д.Трамп нарын уулзалтын үеэр юу яригдсан, ямар асуудал сэдэв хөндөгдсөн нь тодорхойгүй байна. Нэг зүйл тодорхой байгаа нь Дональд Трамп ерөнхийлөгчийн албыг хаших хоёр дах бүрэн эрхийн хугацаандаа технологийн томоохон компаниудтай хамтарч ажиллах явдал юм. Тэрээр Tesla болон X компаниудын эзэн Элон Маскын дэмжлэгийг сонгуулийн сурталчилгааны кампанит ажлын үеэр авч (100 гаруй сая ам.долларын хандив), сонгуульд ялалт байгуулсныхаа дараа Элон Маскыг Засгийн газрын үр бүтээмжийн департаментыг (Department of Government Efficiency – DOGE) тэргүүлэх албан тушаалд нэр дэвшүүлээд байгаа билээ.
Харин М.Цукерберг, Э.Маск нар урт удаан хугацаанд өрсөлдсөөр ирсэн түүхтэй. Тэр ч бүү хэл тэдний сошиал орчин дахь хэрүүл маргаан томорч, холимог тулааны дэвжээнд гарч тулалдах асуудал ч яригдаж байсан юм.