Ирэх зулсарын баярын өдрөөр нээлтээ хийх, кино сонирхогчдын дунд хүлээлт үүсгээд байгаа “Nosferatu” хэмээх готик аймшгийн кино өмнөх бүх хувилбаруудаасаа хамгийн урт үргэлжилдэг кино болсон талаарх мэдээлэл цацагдлаа.
Кино урлагийн салбарт өөрийн гэсэн өвөрмөц арга барил, хэв маягтай “The Witch” /Шулам/, “The Lighthouse” /Гэрэлт цамхаг/ зэрэг кинонуудаараа цахиур хагалан орж ирсэн Америкийн найруулагч Роберт Эггерсийн шинэ уран бүтээл болох “Nosferatu” хэмээх энэхүү кино 2 цаг 12 минутын урттай хийгдсэн байна. Энэ талаарх мэдээллийг анх Fandango вебсайт мэдээлжээ.
Английн зохиолч Брэм Стокерын алдарт “Дракула” зохиолоос сэдэвлэсэн анхны “Nosferatu” киног Германы найруулагч Ф.В.Мурнау тэртээх 1922 онд бүтээж байсан бөгөөд Германы экспрессионист киноны сонгодог бүтээлээр нэрлэгддэг тус кино 1 цаг 21 минут үргэлжилдэг юм.
Харин 1979 онд гарч байсан римейк болох “Nosferatu, the Vampyre” хэмээх мөн л Германд хийгдсэн кино 1 цаг 47 минут үргэлжилдэг байна. Тус киног Германы найруулагч Вернер Херцог найруулж, гол дүрүүдэд Клаус Кински, Изабель Аджани, Бруно Ганц нар тоглож байсан юм.
Америк уран бүтээлчдийн дахин бүтээгээд байгаа “Nosferatu” киноны гол дүрүүдэд Билл Скарсгаард, Николас Холт, Лили-Роуз Депп, Аарон Тэйлор Жонсон, Эмма Коррин, Уиллем Дефо нар тогложээ.