Дархан-Уул аймгийн Дархан сумын 2-р багийн Ширээнуруу, Ноёнхонгор, Ховдын хороололд амьдардаг иргэд өвлийн улиралд цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдахаар боллоо. УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн С.Лүндэг, Б.Тулга болон Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг дарга Т.Тулгаа нар тус сумын харьяалалтай зарим айл (“Дархан сумын 2 дугаар баг Ширээнурууны 580 өрхийн 2300 иргэн”, “Малчин баг, Ноёнхонгорын 30 өрхийн 112 иргэн”, “15 дугаар баг, Ховдын хорооллын 127 өрхийн 440 иргэн)-ийг гэр хорооллын шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулах хүсэлтэй байгаа тухай албан бичгийг Эрчим хүчний яаманд өгчээ.
Эдгээр айл Дархан-Уул аймгийн төв Дархан сумын харьяалалтай боловч засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Дархан-уул аймгийн Хонгор сумын нутагт амьдардаг тул цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагддаггүй байсан юм.
Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоолоор батлагдсан “Гэр хорооллын өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ын 2.2-д “Аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын өрхийн ахуйн хэрэглээ болон халаалтын зориулалтаар хүйтний улиралд орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувиар бууруулж хөнгөлөлт үзүүлнэ” гэж заасан. Уг журамд зааснаар Дархан-Уул аймгийн төв болох Дархан сумын харьяалалтай гэр хорооллын өрхийн иргэд нь цахилгааны хөнгөлөлтөд хамрагдах боломжтой ажээ.