horoscope
horoscope
horoscope
userС. Энхжин

Алдаагаа засах 10 хоног

post-img

Монгол Улсын түүхэнд ирэх оны төсвөө хоёр удаа эхнээс нь хэлэлцсэн анхны тохиолдол болох гэж байна. УИХ-ын баасан гаргийн чуулганаар гэнэт л ийм эргэлт болох нь тэр. Уг нь Монгол Улсын 2025 оны төсвийн болон холбогдох бусад хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг чуулганаар хэлэлцэх үед олонхоороо нэг шийдэлд хүрсэн байсан юм. Төсөвт бүхэлд нь тавьсан хоригийг анх удаа парламент хүлээж авсан, өмнө нь ийм туршлага байхгүй учраас дараа нь асуудлыг яаж хэлэлцэхийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар зохицуулаагүй байж. Тиймээс Ёс зүй, дэгийн байнгын хорооноос тусгай дэг боловсруулахаар болсон билээ. Үүний дагуу Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хороо хамтран ажлын хэсэг байгуулж, гишүүн Ч.Лодойсамбуугаар ахлуулав. Нийт есөн гишүүнтэй ажлын хэсэг шаргуу ажиллаад, УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нэг удаагийн төслийг боловсруулжээ. Үүнийг баасан гаргийн нэгдсэн чуулганаар хэлэлцсэн юм. Уг хуулийн төсөлд Ерөнхийлөгчийн хоригт тусгасан шаардлагыг хангахтай холбоотой Засгийн газраас санал авч, үүнд нь үндэслэн УИХ-аар хэлэлцэж, засаад явах талаар тусгасан байлаа. Гэтэл өчигдөр нь л тусгай дэг хэрэгтэй гэж олонхоороо шийдсэн гишүүд байр сууриа өөрчилж орхижээ.

“Төсөв хэлэлцэх тусгай дэг бий, гэтэл тусад нь өөр дэг зохиовол дараа нь бидний шийдвэр Үндсэн хуулийн цэц дээр унана” хэмээн Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн хэлэв. Олон гишүүн “Ер нь Монгол Улсын 2025 оны төсвийн болон холбогдох бусад хуулийг Засгийн газарт буцаах нь зөв. Тэгээд бүхнийг эхнээс нь явуулъя. Тэд алдагдалгүй, үрэлгэн зардалгүй төсөв оруулж ирэг” гэцгээв. Улсын төсвийг парламент арваннэгдүгээр сарын 15-ны дотор баталснаар дараа дараагийн ажил өрнөдөг. Төрийн байгууллагууд төсөвт нийцүүлэн ажлаа төлөвлөж, аймгууд арванхоёрдугаар сарын 5-нд төсвөө баталдаг. Харин төсвийг Засгийн газарт буцаавал бүх үйл явц эхнээсээ өрнөнө, урт дамжлага дамжина. Ажлын хэсгийнхний оруулж ирсэн хуулийн төслийг дэмжвэл хоёрдугаар хэлэлцүүлгээс нь төсвөө үргэлжлүүлж, засаад явах байв. Гэвч УИХ-ын гишүүд өөрсдөө ачааны хүндийг үүрч, төсвийн төслийг сайжруулах, дараа нь хариуцлага хүлээх хүсэлгүй байгаа бололтой. “Төсвийг Засгийн газарт буцаавал арванхоёрдугаар сардаа ч багтахгүй. Тиймээс ажлын хэсгийн саналаар явах нь зөв” хэмээн Сангийн сайд хэлж, сануулаад ч нэмэр болсонгүй. Дэгийн тухай хуулийн төслийг батлах саналд долоон сайд тэргүүтэй УИХ-ын бусад гишүүн эсрэг санал өгөөд унагаж орхисон юм. Засгийн газар дотроо сайд нар нь байр сууриа нэгтгэж ч чадаагүйг энэ бүхэн харуулав. Ингээд Монгол Улсын 2025 оны төсвийн болон холбогдох бусад хуулийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцсэн. Үүний дараа л төсвийг Засгийн газарт буцааж, эхнээс нь эхлэх хууль, эрх зүйн боломж бүрдэх байсан аж.

Ингээд Төсвийн байнгын хорооноос арванхоёрдугаар сарын 10-нд багтаан Монгол Улсын 2025 оны төсвийн болон холбогдох бусад хуулиудыг дахин өргөн барих үүргийг Засгийн газарт оноолоо. Засгийн газар ч ээлжит бусаар хуралдаад даалгаврыг хүлээн авав. Өөр боломж байсан ч сайд нар нь эсрэг санал өгсөн юм хойно, тэд амжуулахаас өөр аргагүй болов. Хориг тавихтай зэрэгцэн төсөвт тодотгол хийхээр тооцоо, судалгаагаа бэлэн болгосон, дараах хувилбараа төлөвлөсөн хэмээн мэдэгдэж байсан учраас Сангийн сайд Б.Жавхлан 10 хоногт багтаан төсвийг дахин засах үүрэг хүлээж байна. Ерөнхий сайд ээлжит бус чуулганаар нэг чиглэл өгчихөөд өчигдөр Саудын Арабыг зорилоо. Тэрбээр энэ сарын 1-9-нд Саудын Арабын Хаант улсын Эр-Рияд хотод болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 16 дугаар бага хуралд оролцохоор явсан юм байна. Эхний төсвийг батлах хэлэлцүүлгийн үеэр ч Ерөнхий сайд эзгүй, голдуу чөлөөтэй байсан. Гишүүд түүнийг эрж хайсан ч “олоогүй”. Одоо 2025 оны төсвийг дахин боловсруулж, засах болоход бас л гадагшаа айлчлаад эзгүй байх нь. Бүх ачаалал Сангийн сайдын нуруун дээр үлдэж байх шиг. Засгийн газар УИХ-аас өгсөн тогтоолын хугацаанд нийцүүлээд төсвийг өргөн барих үүрэгтэй. Гэхдээ хугацаа давчуу гээд хуумгай зүйл хийх эрх үгүй.

Алдагдалгүй төсөв батлахад шаардлагатай 2.2-3 их наяд төгрөгөө ч танах ёстой. ССАЖЗ-ын сайдын багц дахь соёлын үйлчилгээний эрхийн бичиг олгох 18.3 тэрбум төгрөгийг хамгийн түрүүнд хасах биз ээ. Гэхдээ энэ нь үргүй зардлын маш бага хувь.

Тиймээс эд хогшил, бараа үйлчилгээ авах, гадаад томилолт зэрэгт 100-200 гаруй тэрбумаар нь хуваарилснаа  танах, зураг төсөвгүй, магадлагаа хийлгээгүй төсөл, арга хэмжээнүүдийг цуцлах нийгмийн зүгээс тавьсан шаардлагыг мартахгүй гэж найдна.

Монгол Улс төсвөө батлахаар ийнхүү мунгинаж, УИХ, Засгийн газрын гишүүд нь бие бие рүүгээ хариуцлагаа чихэн, бултаж, тэр зуурт нь Ерөнхий сайд нь зугтаж, ойрын өдрүүдэд их л юм болж байна. Хуулийн дагуу есдүгээр сарын 1-нд төсөв өргөн барихдаа л мөрөөдлийн жагсаалт биш, тооцоо судалгаатай, үр ашигтай төсөл оруулж ирсэн бол ийм зүйл болохгүй байсан. Мөн УИХ ч хэлэлцүүлгийн шатанд үргүй зардлыг хасаад баталсан бол дахин дахин бантан хутгах шаардлага гарахгүй байв. Тэгэхээр хэн хэн нь л буруутай.

Одоо 2025 оны төсвийг ондоо багтаан баталж чадах, эсэхээс төрийн ажил хойшилж гацах уу, хэвийн үргэлжлэх үү гэдэг нь хамаарна. Тиймээс ирэх 10 өдөрт Засгийн газрын гишүүд, ялангуяа Сангийн яамныхан унтах эрхгүй ажиллах ёстой болж байна. Алдагдалгүй, үр ашигтай төсөв боловсруулж эс чадвал Ерөнхийлөгч дахин хориг тавина гэдгээ хэдийн хэлсэн. Тэгж улс орны амьдралыг гацаах эрх Засгийн газарт үгүй. Парламент байгуулагдаад таван сар болох хугацаанд дөрвөн удаа төсөвтэй холбоотой хууль хэлэлцсэн учраас УИХ-ын гишүүд ч одоо туршлага суусан байх ёстой. Тиймээс дахин өргөн барих улсын төсөвт ул суурьтай, хариуцлагатай хандах учиртай. Хамтран шүүж байж сайн төсөв батлах нь тэдний үүрэг билээ.

0/1000