Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс энэ онд “Онцгой нөхцөл байдал үүссэн үеийн сургалтын тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт судалгааг Монгол Улсад анх удаа хийлээ. Судалгаанаас үзэхэд Монгол Улсад сүүлийн 77 жилийн түүхэнд өнтэй буюу хэвийн өвөл 55 хувь, зудтай өвөл 45 хувь тохиожээ.
Монгол Улсад 189.300 малчин өрх байна. Малчид манай улсын ажиллах хүчний 25 хувийг эзэлж, дотоодын нийт бүтээгдэхүүний 12.6 хувийг үйлдвэрлэж байна. 2023-2024 оны зуднаар улсын хэмжээнд нийт малын 12 хувь буюу 8.1 орчим сая толгой мал хорогджээ. Мөн 2024 оны 2 дугаар сарын байдлаар Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 80.6 хувь нь зудын нөхцөл байдалд байжээ.
Судалгаанд хамрагдсан багш нарын 69 хувь нь зудын нөхцөл байдлаас шалтгаалж, олон хоногоор хичээл тасалдах нь сурагчдад сургууль завсардах шалтгаан болж болзошгүй гэж үзсэн байна. Зудын улмаас хичээлээсээ хоцорсон хүүхдүүдийн сэтгэл санаа тогтворгүй болох, үзэж судалсан сэдэв агуулгаа мартах, хичээлээ ойлгохгүй болох, хичээлээ нөхөж чадахгүйгээс хоцрох, ядрах зэрэг бэрхшээл тулгардаг аж.
Иймд ЮНЕСКО-гийн зудын гамшгийн хариу арга хэмжээний төслийн хүрээнд 2024-2025 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийн талаар олон нийтэд мэдээлэл өгөх “Өвөл, хаварт бэлэн үү” цуврал цахим аян зохион байгуулж байна.
Эх сурвалж: Mongolian National Commission for UNESCO