Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Х. Болормаа
П.Батчулуун эмчид ял оноовол эрхтэн шилжүүлэн суулгах эмч олдохгүй болно
- 2024/12/02

- 24 өдрийн өмнө

- 6 мин уншина

Үхэл, амьдрал хоёрын дундуур шургаж, хүний амь аврахдаа П.Батчулуун эмч ял, гавьяа хоёрын алийг нь хүртэхээ бодоо ч үгүй биз. Ял сонсоход хүрнэ гэдгээ мэдсэн бол тэр уг хагалгааг хийх байсан болов уу? Харин одоо бол түүнд тохиолдож буй энэ буруутгал, шийтгэлээс болоод өөр олон эмч тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн сууулгах хагалгаа хийхээс татгалзана гэдгийг л мэдэж байна. Маш харамсалтай. Эрлэгийн элчийн гараас хүний амийг булаан авч үлддэг эмчийг “Хүн аврах гээд өөрөө ялтан болж чадахгүй” гэж хариулахад хүргэж болно гэж үү? Үгүй. Яагаад ч болохгүй.

Хагалгааны орон дээр амьдрал, үхлийн зааг дээр хэвтэх өвчтөний оронд Та өөрийгөө тавиад ч болтугай үзээрэй. Амийг чинь аварч чадах эмч “Чамайг аврах гээд би өөрөө шоронд орж чадахгүй” гээд хагалгаа хийхгүй бол яана. Амьдрал бэлэглэх донор байсаар байтал “Эрхтнийг нь өгөхгүй” гээд аваачаад оршуулчихвал яана. Өнөөдөр яг ийм сонголттой монголчууд бид нүүр тулаад байна.

Гадаадын зарим улс донороос эрхтэн шилжүүлэн суулгахдаа заавал зөвшөөрөл авч бичгээр албажуулахыг шаарддаг бол зарим нь татгалзаагүй бол зөвшөөрсөнд тооцдог ажээ. Монгол Улс донорын ар гэрийн бүх хүнээс зөвшөөрөл авч, тусгай карт бөглүүлэн, гарын үсэг зуруулдаг. Хатуу журамтай.

“Тархины үхэл бол жинхэнэ үхэл мөн” гэдгийг Харвардын их сургуулийн эрдэмтэд 1967 онд баталж, ямар тохиолдолд өвчтөнийг тархины үхэл гэж оношлох вэ гэдэг шалгуур үзүүлэлтийг гаргажээ. Үүнийг ДЭМБ хүлээн зөвшөөрснөөр тархины үхэл гэж оношлогдсон хүнийг анагаах ухаан үхсэн гэж тооцдог болсон түүхтэй.

Монгол Улс 2018 онд Эрүүл мэндийн хөгжлийн төвд Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба байгуулсан юм. Үүнээс хойш тус алба тархины үхэл гэсэн оноштой 69 өвчтөний гэр бүлтэй уулзаж, өвчтөнийг нь донор болгох санал тавихад 34 нь л зөвшөөрсөн байдаг. Тэдний 29-өөс нь элэг, бөөр, шөрмөсийг нь авч, 43 хүнд бөөр, 26 хүнд элэг, 170 хүнд шөрмөс шилжүүлэн суулгажээ. Бөөр хос эрхтэн учраас эрүүл бөөртэй 1 донор 2 хүнд амьдрал бэлэглэх боломжтой. Энэ 29 донор өөрөө амьдарч чадаагүй ч 69 хүнд амьдрал бэлэглэн, 170 хүнд эрүүл энхийн жаргал бэлэглэжээ. Донор гэдэг ийм ачтай, буянтай хүн. Нэгэнт өөрийнх нь нас дууссан бол нөгөөдөө насаа өгөөд, энэ орчлонгоос буцах нь хүний нандин чанарын нэг.

П.Батчулуун эмчийг нийгэм даяараа балбаад, сэтгэл санаа, нэр төрд нь халдаад, шийтгэчихсэн л дээ. Хангалттай шийтгэсэн. Эрүүл мэндийн салбарт дахин хэн ч ийм санамсаргүй алдаа гаргахгүй болсон.

Донорын ачаар амьдралаа үргэлжлүүлсэн энэ хүмүүсийг хэрвээ гадаадад эмчлүүлсэн бол хамгийн багадаа 40-өөд тэрбум төгрөг зарцуулах байв. Энэ их мөнгийг буянт донор, тэдний сайхан сэтгэлт гэр бүл, алтан гарт эмч нар Монголдоо үлдээж чаджээ. Манайх чинь гадаадаас валют олж ирэх гэж үйлээ үздэг, нүүрс, зэсээ зарж л хэдэн ногоон олж ирдэг улс шүү дээ.

Үүнээс гадна яаж ч үнэлэх, мөнгөөр хэмжих аргагүй үзүүлэлтүүд бас бий. Эрлэгийн данснаас мултарсан өвчтөнүүдийн баяр, тэдний гэр бүлийн аз жаргалыг юугаар ч хэмжих аргагүй. Хүний амь аварсан донорын хураасан буяныг бид мэдэхгүй. Хүнээ алдсан ч өөр нэгнийг аварсан гэр бүлийнхнийх нь сэтгэлийн тайтгарлыг хэн ч хэмжихгүй.

Ийм сайн, сайхан зүйлд та бид одоо цэг тавих гэж байх шиг. П.Батчулуун эмч алдаа гаргасан нь үнэн. Алдаанд нь таарсан шийтгэл оноох нь ч зөв. Шөрмөс ч бай, үс ч байж хүний эрхтэн. Хүний эрхтнийг зөвшөөрөлгүйгээр авч болохгүй. Нэг удаа шөрмөс, дараагийн удаад бөөр авсаар, нэг мэдэхэд хүнийг амьдаар нь донор болгох аюулыг бас тооцох ёстой. Цоо эрүүл хүний эрхтнийг ч худалдах аюул үүний цаана бий. Манай улс ийм л аюулаас болгоомжлон, Донорын тухай хууль гаргахгүй олон жил болсон юм. Үүнийг эмч нар хамгийн сайн мэдэж байгаа. Мэдсээр байж алдаа гаргасан нь маш харамсалтай. Гэвч алдаа гаргадаггүй хүн гэж байхгүй.

Алдаа бүхэнд таарсан шийтгэл байдаг. Тархины үхэлтэй 2 хүний 1-ийг нь л ар гэрийнхэн нь донор болгож байна, одоо Монголд. Гэтэл донор хүлээн, эмнэлгийн орон дээр энэлж хэвтээ хүн дэндүү олон байна. Улсын хэмжээнд элэг, бөөр, шөрмөс, ясны чөмөг, үүдэл эс суулгуулах шаардлагатай 1044 өвчтөн донор хүлээж байна. Тэдний 255 нь 2023 онд уг жагсаалтад оржээ. Ганцхан жилд ийм олон хүнд донор хэрэгтэй болж байна гээд бод доо. Тэдний 129 нь амьд донорын эрхтнийг авчээ. Ах дүү, үр хүүхэд нь л элэгнийхээ талыг, өрөөсөн бөөрөө өгсөн гэсэн үг. Амьд хүнээс эрхтнийг нь авна гэдэг 2 хүнд хагалгаа хийх, эрүүл хүнийг эрсдэлд оруулах гээд сөрөг тал ихтэй. Тиймээс Дэлхий даяараа аль болохоор амьгүй донор хайж байгаа юм. Өгье гээд ч төрөл төрөгсдийнх нь эрхтэн таараагүй хүмүүс ч зөндөө. Донор хүлээж байгаад 2023 онд 2 хүн нас баржээ.

1044 өвчтөн донор хүлээж байна. Тэдний 255 нь 2023 онд уг жагсаалтад оржээ. Ганцхан жилд ийм олон хүнд донор хэрэгтэй болж байна гээд бод доо

Манай улс одоогоор донороос бөөр, элэг, шөрмөс, чөмөг авч байна. Шилжүүлэн суулгаж чадаж байгаа эрхтэн нь энэ. Гэтэл хүн өчнөөн эрхтэнтэй. Тэр бүрийг авч, шилжүүлэн суулгадаг болбол дахиад олон хүн аврах юм.

Донор хүлээж буй өвчтөнүүдийг эмнэлгээр нь ангилбал, ХСҮТ-д 209 өвчтөн элэг, ЭХЭМҮТ-д 14 хүүхэд бүртгэлтэй байна. УНТЭ-т 821 иргэн бөөр, 223 иргэн элэг, 1 өвчтөн шөрмөс, 24 өвчтөн ясны чөмөг суулгуулахаар хүлээж байна. Тэд хүлээж л байг уу? Хүлээнэ л дээ. Тэд донор хүлээж байгаа ч үхэл өрсөж мэднэ.

Энэ олон хүнээс боломжоороо аварч үлдэхээр эмч нар хичээж, тархины үхэл гэсэн оноштой хүмүүс дундаас донор хайж, олдвол ар гэрийнхэнтэй уулзан, хүний амь аврахыг гуйдаг. Учир нь тархины үхэлд хүрсэн хүн бүрийг донор болгох боломжгүй. Тархи нь үхэжсэн өвчтөнүүдийн дунд элэг, бөөр нь эрүүл хүн тун цөөн. Олонх нь ямар нэг өвчтэй. 2018-2023 онд УНТЭ, УГТЭ-т 890 гаруй хүн цус харвасны улмаас тархи нь үхэжжээ. УНТЭ-д бүртгэгдсэн ийм өвчтөнүүд дунд донор болгох боломжтой 30 хүн байсны 6 нь донор болсон байна. УГТЭ-т хүргэгдсэн 688 өвчтөний 66-г нь эмч нар донор гэж тодорхойлсон ч 21 нь донор болжээ. Ийм л байна.

Бодит байдал ийм байхад хүний амь аврах гэсэн эмчийг хамаагүй яллаж боломгүй. Донороос эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг 50-60 хүний бүрэлдэхүүнтэй 4-5 баг хийдэг ажээ. Тархины үхэл гэж оношлогдсон хүнийг зөв оношилж уу гэдгийг хянахаас энэ ажил эхэлнэ. Аврах боломжтой хүнийг алж, өөр хүнийг аврахаас сэргийлдэг гэсэн үг. Тиймээс манай улсад хүний эд, эрхтний наймаа гарах боломжгүй гэж эрүүл мэндийн салбарынхан баталж байна. 50 хүнтэй нүсэр баг шат шатандаа хянаж байхад П.Батчулуун эмч тэр хүний шөрмөсийг авч, өөр хүнд суулгасан нь хүний амь аврах гэсэн л сайхан сэтгэлийнх биз. Сайхан сэтгэл заримдаа хүнээр алдаа гаргуулдаг хойно. Алдаанд нь таарсан шийтгэлийг нь л онооё. Ер нь бол П.Батчулуун эмчийг нийгэм даяараа балбаад, сэтгэл санаа, нэр төрд нь халдаад, шийтгэчихсэн л дээ. Хангалттай шийтгэсэн. Эрүүл мэндийн салбарт дахин хэн ч ийм санамсаргүй алдаа гаргахгүй болсон. Үүн дээр нэмээд, эрүүгийн хуулиар яллах, 8 жил хорих ял оноох чинь арай дэндэнэ.

- Шинэ
- Хандалттай