Дундговь аймгийн төв дэх “Говийн тэнгэр” хотхоны 2 байрны халаалт муу байгаа аж. Үүний улмаас тус байрны оршин суугчид даарах, ханиад хүрэх асуудал гарч байна. Тус аймгийн засаг даргын орлогч Ц.Ариунбаяр, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Лхагвабаатар нар энэ сарын 1-нд Сайнцагаан сумын “Говийн тэнгэр”-ийн 17а, 17б байрны оршин суугчидтай халаалтын асуудлаар уулзалт хийж, оршин суугчдын гомдлын дагуу халаалтын зуухны нөхцөл байдал, байрны дулаан алдагдал зэрэгтэй газар дээр нь танилцсан байна.
Цаашид тус байрны халаалтын зууханд гамшгаас хамгаалах зардлаас нэмэлтээр тогоо суурилуулах, сүлжээний усны насосын хүчин чадлыг нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ. Мөн тус зуухны галч нарын тоог нэмэгдүүлж, 2-3 ээлжинд оруулахаар төлөвлөсөн байна.