“Монголд машин унахад хямд байна” гэж Балба улсын Трибхуван их сургуулийн профессор Сурьяа Раж Ачарья онцоллоо. Үнэн л дээ. Наадмаар салхинд гарахад, зун аялалд явахад, Цагаан сараар ах дүүстэйгээ золгоход, цэцэрлэгийн хүүхэд зөөхөд гээд ямар нэг шалтаг, шалтгаанаар яаж ийгээд машин авсаар, зам дээрээ ч зогсоол дээрээ ч багталцахаа байлаа. Хэн дуртай нь машин авч болж байгаа учраас ийм байдалд хүрчихлээ.
Гэтэл олон нийт машин авахаа зөвтгөж, зам өргөтгөх, гүүр тавихыг шаардсаар эрх баригчид, улстөрчид сонгуулиар хэдэн санал авахаа бодон, завсраас нь хэдэн төгрөг унагахаа тооцон, улаанбаатарчуудын хүсэлтийг биелүүлсээр ирэв. Одоо замаа өргөтгөх газаргүй, гүүр тавих зайгүй болчих шив.
Одоо бидэнд их багтаамжийн тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх ганцхан сонголт байгаа ч энэ олон машинаа хязгаарлахгүй бол метро бариад нэмэргүй, автобусанд зориулсан тусгай зам тавиад хэрэггүй. Олон улсын зөвлөхүүд, шинжээчид ч ингэж анхааруулж байна. Тиймээс Улаанбаатарын машинтай иргэдийг явгалах шаардлагатай боллоо. 2030 онд Улаанбаатар хот 1.1 сая машинтай болно гэж Үндэсний статистикийн хороо тооцжээ. Мөрөөдөл биш л бол яг тэр үед метро явж эхэлнэ. “Машин унавал сайхан, автобусанд суувал муухай харагдана” гэж боддог монголчууд тэр үед метронд суухгүй. Хүн суухгүй, ашиг олохгүй бол метрогоо хаахад хүрнэ. Яг л төмөр замын автобус шиг.
Бензинийг гаалийн татвараас дахин чөлөөлөхгүй
Англи улсад 1 литр шатахуун авахад 1.9 ам.доллар (Монголбанкны 11-р сарын 29-ний ханш: 1 ам.доллар 3417.42 төгрөг) буюу 6493 төгрөгийн татвар нэмж авдаг. Энэтхэгт жолооч бүр литр шатахуун тутамд 28 цент буюу 957 төгрөгийн татвар нэмж төлдөг. Харин манайд АИ-92 бензин 3390 төгрөг. Үүний 339 нь НӨАТ.
Үүн дээр нэмээд 5%-ийн гаалийн албан татвар төлдөг. Ингэхээр гаалийн татварт жолооч бүр 1 л шатахуун тутамдаа 153 төгрөг төлдөг гэсэн үг. Уул шугамандаа 2898 төгрөгийн үнэтэй бензин авах бүртээ 492 төгрөгийн татвар төлж байгаа юм.
А80, АИ92 бензин, дизелийн түлшний онцгой албан татварыг 2022 оны 4-р сарын 22-ны өдрөөс 2025 оны 1-р сарын 1 хүртэл чөлөөлсөн. Ийм шатахуун хэрэглэдэг машинтай жолооч нар одоохондоо онцгой албан татвар төлөхгүй байгаа юм. Харин АИ92 бензинээр ажилладаг машины эзэд л бензинд 210 төгрөгийн онцгой албан татвар төлж байна. Тиймээс энэ бензиний үнэ хамаагүй өндөр байна.
2025 оны эхний өдрөөс онцгой албан татвар төлж эхэлбэл татварт дунджаар 700 төгрөг төлдөг болно. Англи, Энэтхэгтэй харьцуулахад манай жолооч нар бензинд бага татвар төлж байгаа нь үүнээс харагдана. Гэхдээ үнэгүй шахам бензинтэй улс орон ч байдаг шүү дээ. Тэдэнтэй харьцуулбал бид бензинд өндөр татвар төлдөг л дөө.
Хэдэн машин дугаараа хураалгах бол?
Тээврийн хэрэгсэлд У-гаар эхэлсэн дугаар олгохыг 11-р сарын 8-наас зогсоосон. Одоо хотод байгаа 785 мянган машины 55 мянгаас нь ямар нэгэн аргаар дугаарыг нь хураан авч, 730 мянган машин үлдээнэ. Ямар азгүй нь дугаараа хураалгах нь тодорхой. Техникийн үзлэг, оношилгоонд ороогүй 159.038 тээврийн хэрэгсэл Монголд байгаагийн 99.229 нь Улаанбаатарынх. Үүнийг шууд хасна. Энэ олон машин сэлбэг болно, ихэнх хэсэг нь хог дээр хаягдана.
Татвараа төлөөгүй 408.684 тээврийн хэрэгслийн 231.397 нь Улаанбаатарт бүртгэлтэй. Үүний 99.229 нь оношилгоонд ороогүй нь ойлгомжтой. Оношилгоонд ч оруулаагүй, татвараа ч төлөөгүй эдгээр машиныг хасаад, цаана нь зөвхөн татвар төлөөгүй 132.168 машин үлдэж байна. Үүнээс дугаарыг нь хураагаад авчихна. Эдгээр машины эзэд өөрсдөө АТҮТ-д очоод, машинаа бүртгэлээс хасуулан, дугаарыг нь хадгалуулах боломжтой. Торгуулиа төлөөгүй 355.300-тай нийлээд, 586.697 машины дугаарыг хурааж болохоор байна.
Гэхдээ үзлэгт машинаа оруулаагүй, торгууль, татвар төлөөгүй жолооч нар ойрын хэд хоногт гэнэт ухаан оров. Тэдний толгойг илэх шаардлагагүй. Шаардлагатай үед төрийн төмөр нүүрийг харуулах л хэрэгтэй. Тэгэхгүй байсан ч 99.229 машиныг хасахад, 685 мянган тээврийн хэрэгсэл Улаанбаатарт үлдэхээр байна. Энэ бол хангалттай тоо. Нэмж дугаар олгохгүй байсан ч болохоор.
Тээврийн хэрэгслийн татвар, төлбөрийг нэмлээ
Нийслэл 2025 онд 3.8 их наяд төгрөг үрнэ. Үүний 3.3 их наядыг нь татвараар бүрдүүлнэ гэнэ дээ. Энэ бол нийслэлийн иргэдийг мачийлгана гэсэн үг. “Түгжрэлийн асуудлаа шийд” хэмээн улсын төсөвт нийслэлээс 1 ч төгрөг авахгүй. Харин ч Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэлд 60.3 тэрбум төгрөг хуваарилна.
Үүн дээр нэмж, мөнгө олохын тулд тооны машин улайстал тооцоо хийж байна. Улаанбаатар хотод бүртгэлтэй тээврийн хэрэгслийн албан татварыг 2-3 дахин, авто зам ашигласны төлбөрийг 5 дахин нэмэхээр нийслэлийн ИТХ шийдлээ. Машинтай хүмүүсийг бүх талаас нь шахах бодлогын нэг нь энэ.
Дараа жил нийслэл хөрөнгийн албан татвар хэлбэрээр 107.7 тэрбум төгрөг олно. Үүний чамгүй хэсгийг нь машинтай хүмүүсээс авах нь тодорхой болов. Одоо 36 мянган төгрөгийн татвар төлж буй “Приус”-ны эзэн дараа жил 108 мянган төгрөг төлөхдөө хотойхгүй байх л даа. Зам ашигласны төлбөрт өнөө жил 20 мянган төгрөг өгсөн бол ирэх жил 100 мянгыг тушаах нь.
Хуучин машин худалдаж авахад хямд
Монгол бол Азийн тэр дундаа Япон, БНСУ-ын хуучин машины оршуулгын газар. Тэдний мөнгөө төлж хаядаг хогийг нь бид мөнгөөрөө худалдан авч ирээд, нэгэндээ зарж, нөгөө нь авч унадаг. Монгол айл бүр машинтай байгаагийн гол учир нь үүнд бий. Удахгүй манай улс Япон, Солонгосын төмрийн хаягдал булшлах улс байхаа болино. Ингэж хэлэхээр баярлаж байгаа юм биш биз. Баярлах болоогүй. Ер нь бид хэзээ ч баярлахгүй байж ч мэднэ. Учир нь бид удахгүй хятад машины оршуулгын газар болно.
Шинэ машин уная гэвэл бидний бэнчин хүрэхгүй. Үйлдвэрлээд 10 жил болсон машиныг Улаанбаатарт унуулахгүй гэвэл манай нийслэл түгжрэлээсээ шууд сална. Хэрвээ тийм шийдвэр гаргавал… За, гаргахгүй л дээ. Тэгж зүрхлэхгүй. Тиймээс “Евро 4” эсвэл түүнтэй дүйцэхүйц буюу түүнээс дээш ангиллын хөдөлгүүртэй машиныг Улаанбаатарт унахыг нийслэлийн ИТХ зөвшөөрсөн. Ченжүүдийн хэлж буйгаар энэ шалгуурыг хангах машин Япон, Хятадынх. Тэр нь сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэсэн байвал болоод явчихна. Үүнээс үзвэл манай улс Япон, солонгос машины оршуулгын газар байхаа болих ч япон, хятад машины төмрийн хаягдал болж хувирах нь ээ.
Монголд машин худалдаж авах янз бүрийн боломж бий. Тэр нь хуучин учраас үнэ нь хамаагүй хямд. Зээлээр аваад, шаттал нь, төмрийн сэг болтол нь унана. Өчигдөр гэхэд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багт “Nissan X-Trail” загварын суудлын машин бүрэн шатлаа.
2023 онд 3500 иргэн 33.800 тээврийн хэрэгсэл оруулж иржээ. Тэдний 1550 нь 5-аас дээш тооны тээврийн хэрэгсэл олон удаа хилээр оруулж ирсэн байв. Эд бол машины ченж. Ганцхан жилд 900 машин оруулж ирж, зарсан ченж ч тэдний дунд бий. Ченжүүдийн 456 нь оруулж ирсэн машинаа зараад, ХХОАТ-аа төлсөн бол 1100 орчим нь татвар төлөөгүй байна. Эдгээр 456 ченж гадаадаас оруулж ирсэн машинаа гаалийн байгууллагад 227 тэрбумаар үнэлэн мэдүүлж, гаалийн татвар төлсөн байна.
Энэ олон машины ихэнх нь хуучин. Гэхдээ яах вэ. Үйлдвэрлэснээс хойш төдөн жил болсон машиныг Улаанбаатарт унуулахгүй гээгүй нь яамай. Нэг мэдэхэд тэгж мэдэхээр л байна шүү.