“Иргэндээ ээлтэй хот байгуулна” гэж эрх баригчид ам булаацалдана. Ярихаас өөрийг хийдэггүй томчуудтай, уул манантсан их утаатай Улаанбаатартаа бид хэрэлдээд л амьдарч байна. Хөгжил дэвшил ч ард хоцорсон байлгүй. Ядаж хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ хөгжүүлэх бодлого, амьдрах нөхцөлийг нь бүрэн хангадаг болох юм сан. Манай улсад 2023 оны байдлаар хөгжлийн бэрхшээлтэй 111,288 иргэн байна. 3,5 сая хүн амтай улсын 111 мянган хүн хөгжлийн бэрхшээлтэй гэдэг бол анхаарах ёстой том асуудал юм.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бэрхшээл нь бие биш, нийгэм
Иргэндээ бус, эрх баригчдадаа ээлтэй хот болоод удаж байна. Нүүрс тонохоос эхлүүлээд хэдэн томчууд нь баяжиж, иргэд нь автобусандаа чихэлдэж, мөстэй зам дээрээ бэртэж, тэргэнцэртэй, харааны бэрхшээлтэй иргэд гэрээсээ ч гарах эрхгүй боллоо.
Иргэн Н.Батнасан “Намайг бага байхад “Ээ чааваас ийм хүн байдаг юм уу даа” гэж хүмүүс хэлдэг байв. Одоо хүмүүсийн сэтгэхүй арай өөр болсон ч амьдрах нөхцөл нь хүнд. Хамгийн наад захын жишээ гэхэд, гэрээсээ гараад дэлгүүр оръё гэхэд зам талбай, шат байхгүй. Сонсголын бэрхшээлтэй иргэд сургуульд суръя гэхэд дохионы хэлтэй багш байхгүй. Биднийг хөгжлийн бэрхшээлтэй гэдэг. Гэвч бидний бие организмаас илүү нийгэм л хамгийн том бэрхшээл болж байна” хэмээв.
Төрөөс олгодог 275 мянган төгрөгөөр сар амьдрахад бэрх
Нэг насаараа хөгжлийн бэрхшээлтэй гэдэг нэр зүүж, ялгаварлал, ганцаардал дунд амьдардаг тэдэнд төр хүртэл тэтгэмж олгохдоо ялгавартай ханддаг. Байнгын асаргаа шаардлагатай хүмүүсийн асран хамгаалагч нь ажил хийх боломж хомс учраас тэтгэмжээр л амь зогоодог гэлцэх юм билээ.
Хөгжлийн бэрхшээлтэй 1 хүүхдийг асрахад сард 1 сая гаруй төгрөг шаардлагатай байдаг гэнэ. Гэвч төрөөс сард нийгмийн халамжийн тэтгэвэр 325000, асаргааны тэтгэмж 275000 төгрөг олгодог. Яаж хүрэлцэх вэ дээ? Хүнс, барааны үнэ тэнгэрт хадсан ийм нөхцөлд.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжихийн тулд хамгийн наад захын авч хэлэлцэх асуудал бол сард олгодог тэтгэмжийн хэмжээ юм. Ирэх оны 4-р сарын 1-нээс сард 375 мянга, асаргааны тэтгэмжийг 302.500 төгрөг болгох Боловсролын сайдын тушаал гарсан. Гэсэн ч дахиад л хүрэлцэхгүй гэх яриа хөвөрч байна. Ядаж л хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тогтоовол тэдний амьдралд нэмэр болох биз.
2025 онд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан асрамжийн газар барина
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст явган хүний зам, талбай, сурч боловсрох орчин нөхцөл, нийгэмших боломж маш дутмаг. Энэ тухай олон жил ярилаа. Одоо ч ярьсаар л байна.
Ирэх оноос эдгээр иргэдэд онцгой анхаарна гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан хэлсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудалд онцгой анхаарч, 300 хүүхдийн хүчин чадалтай, хөгжлийн хүнд хэлбэрийн бэрхшээлтэй хүүхдийн төрөлжсөн асрамжийн газар барихаар 2025 оны төсөвт тусгасан гэнэ. Ийм хүүхдэд багаас нь боловсрол олгож, амьдрах чадвартай болговол тэдэнд ч, нийгэмд ч тустай.
Одоо манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 111 мянган иргэн байна. Тэдний 15,3 хувь нь хөдөлмөр эрхэлдэг. Үлдсэн иргэдийн хөдөлмөр эрхлэлт, амьдрах орчин нөхцөлд анхаарах хэрэгтэй байгаа юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүн бүрийн онцлогт тохирсон ажлын байр бий болговол нийгмийн хөгжил ч дээшлэх нь дамжиггүй.