Өнгөрсөн амралтын өдрүүдээр хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн шинэ хөдөлмөрийн хуулийн дагуу Бельги улсын биеэ үнэлэгчид хууль ёсны дагуу улсад татвар төлөн ажиллах боломжтой болсон байна.
Шинэ хуулийн дагуу секс үйлчилгээний салбарт ажиллагсад бусад салбарын ажилтан, албан хаагч нартай ижил ажил олгогчтойгоо албан ёсоор гэрээ байгуулан, хууль ёсны дагуу ажиллаж, нийгмийн даатгал, орлогын албан татвараа төлөхөөс гадна хөдөлмөрийн хуулийн дагуу эрхээ хамгаалуулахаар болжээ. Эрхээ хамгаалуулах гэдэгт хүчээр хөдөлмөр эрхлэхгүй буюу таалагдаагүй үйлчлүүлэгчээс татгалзах, үйлчилгээний арга хэлбэрээ өөрөө сонгох, ямар ч үед больж болох зэргийг хуулинд зааж өгчээ.
Бельгийн хууль тогтоогч нар энэхүү хуулийг өнгөрсөн 5 сард санал хураан батласан бөгөөд өнгөрсөн ням гаригаас (12 сарын 1) хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байна. Бельги улсад үүний өмнө мөн биеэ үнэлэх буюу секс үйлчилгээг гэмт хэрэг биш, хөдөлмөр эрхлэлт гэж үзэн 2022 онд хуульчилж байжээ.
Харин энэхүү шинэ хуулийн дагуу одоо биеэ үнэлэгч нар эрүүл мэндийн даатгалд хамрагдаж, цалинтай чөлөө авах, жирэмсний амралтын болон хүүхэд асрах тэтгэмж, ажилгүйдлийн тэтгэмж болон тэтгэвэр тогтоолгож авах боломжтой болж байгаагаас гадна уг хуульд ажлын цаг, орчин нөхцөл, цалин хөлс, ажлын багаж хэрэгсэл (бэлгэвч, аюулгүй байдлын хонх гэх зэрэг), хөдөлмөрийн аюулгүй байдал болон мөн ажил олгогчдод тавигдах шаардлагыг хүртэл зааж өгсөн байна.
Хэдийгээр Герман, Нидерланд зэрэг зарим улс орнуудад биеэ үнэлэх явдлыг хуулийн дагуу зөвшөөрсөн байдаг ч Бельгид батлагдсан энэхүү хууль шиг ийм дэлгэрэнгүй, нарийвчилсан зүйл заалттай иж бүрэн хууль дэлхийн хаана ч батлагдаагүй ажээ.