БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сок Ёл мягмар гаригийн шөнө зарласан дайны онц байдлаа цуцлана гэдгээ мэдэгджээ.
Түүнийг дайны онц байдал зарласны дараагаар Үндэсний ассамблейн спикер шөнө дөлөөр парламентын ордонд руу хөдөлж, парламентын чуулганыг хуралдуулахыг зорьсон ч ордон руу нэвтрэх хаалгыг цэрэг, цагдаа нар хааж, хамгаалалтанд авсан байсан бөгөөд парламентын гадна хууль тогтоогчид болон энгийн ард иргэд олноороо цугларан жагсч, ордны үүдийг нээхийг, дайны онц байдлыг цуцлахыг шаардаж эхэлжээ.
Улмаар иргэд парламентын ордны гадна болон дотор талд цагдаа, цэргийнхэнтэй мөргөлдсөн үйл явдал болсон байна. Энэ үеэр сөрөг хүчний парламентын гишүүд ордны 1.5 метр өндөр хашааг даван орсон талаараа хэвлэлд ярьжээ. Ийнхүү богино хугацаанд нэлээн ширүүн үйл явдал өрнөсний дараагаар парламентын гишүүд ордонд орж, цэрэг цагдаа нар ч тарж эхэлсэн талаар хэвлэлүүд мэдээлжээ. Гэхдээ ерөнхийлөгчийг дайны онц байдлыг цуцлах хүртэл цэрэг болон хүчний байгууллагын бие бүрэлдэхүүн парламентын ордонг орхихгүй гэдгээ мэдэгдсэн байна.
Орон нутгийн цагаар лхагва гарагийн 01:00 цагийн орчимд ерөнхийлөгчийн зарласан дайны онц байдлыг цуцлах тухай тогтоолын төслийг Үндэсний Ассемблейн спикер Ү Вон Шик оруулж, улмаар санал хураалт явуулжээ. Нийт 300 гишүүнтэй парламентын ордонд өнгөрсөн шөнө эрх баригч болон сөрөг хүчний намын 190 гишүүн цугларч, саналаа өгсөн ба бүгд ерөнхийлөгчийн шийдвэрийг цуцлахыг дэмжсэнээр уг тогтоол батлагдсан байна.
Иргэд нийслэл Сөүл хот дах Үндэсний Ассемблейн ордны гадна нэмж цугларсаар байсан бөгөөд тэд ерөнхийлөгчийн зарласан дайны онц байдлыг цуцлахыг шаардан, ордны гаднах жагсаалаа үргэлжлүүлсээр байсан юм. Сөрөг хүчний Ардчилсан намын дарга И Мүн Жэ олон нийтэд хандан хийсэн мэдэгдэлдээ төрийн тэргүүний онц байдал зарласан явдал нь улс эх орны хэвийн үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй гэдгийг хэлж, одоо үүсээд байгаа энэхүү хямралын үе бол бидэнд олдож байгаа боломж гэж ойлгох хэрэгтэй хэмээн тодотгожээ.
БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сок Ёл мягмар гарагийн үдэш гэнэт зарласан дайны онц байдлаа цуцлах тухай мэдэгдсэн талаар Ёнхап агентлаг мэдээлсэн бөгөөд Үндэсний Ассемблейн гадна түүнийг эсэргүүцэн жагсч байсан ард иргэд дээрх мэдэгдлийг баяртайгаар хүлээн авсан байна. Мөн Үндэсний Ассемблейд түүний зарласан дайны онц байдлыг цуцлах асуудлаар санал хурааж дэмжсэний дараагаар Юн Сок Ёл цэргүүдийг эргүүлэн татсан гэдгээ хэлжээ. Юн Сок Ёл лхагва гарагийн үүрээр өөрийн зарласан дайны онц байдлыг цуцлаж байгаагаа телевизээр дамжуулан мэдэгдэж, Үндэсний ассемблейн хоригийг хүлээн авч, цэргүүдийг эргүүлэн татсанаа хэлж, кабинетын хуралдааны дараагаар онц байдлыг албан ёсоор цуцлах болно гэжээ.
Үүний дараагаар Өмнөд Солонгосын сөрөг хүчний Ардчилсан намын зүгээс ардчилсан оронд дайны онц байдал зарласантай холбогдуулан Юн Сок Ёл ерөнхийлөгчийг шууд огцруулах, аль эсвэл импичментээр огцруулахыг уриалж эхэлсэн бөгөөд парламентын 40 гаруй гишүүн түүнийг импичментээр огцруулах тухай хуулийн төслийг өнөөдөртөө багтаан хуралдаанд оруулна гэдгээ мэдэгджээ.
Яг үүнтэй ижил шаардлагыг парламентын ордны гадна жагсагч ард иргэд мөн тавьж эхэлсэн байна. Иргэд ерөнхийлөгчийг огцрохыг шаардан жагсаалаа үргэлжлүүлсээр байгаа ба хэд хоногийн өмнө Сөүл хотод агаарын хэм огцом доошилж, мөн сүүлийн хэдэн жил ороогүй их хэмжээний цас орж, хүйтрээд байгаа ч эсэргүүцлийн жагсаалд оролцох ард иргэдийн тоо улам нэмэгдсээр байна.
Одоогийн байдлаар Юн Сок Ёл лхагва гаригийн бүх цагийн хуваариа цуцлаад байгаа бол ерөнхийлөгчийн албаныхан бүгд цугтаа огцрох саналыг тавьсан талаар Ёнхап агентлаг мэдээлээд байна.