Японы зүүн хойд хэсэгт байрлах Акита хотын нэгэн супермаркетд баавгай орж 47 настай ажилтан руу дайрчээ. Үүний улмаас тухайн ажилтан толгойдоо хөнгөн гэмтэл авсан талаар цагдаад мэдүүлээд байна.
Тухайн үед баавгай махны тасгаар явахын зэрэгцээ дэлгүүрийн эд хогшил, лангууг буулгасан гэдгийг дэлгүүрийн менежер онцолжээ. Хамгаалалтын ажилтнууд баавгайг хоёр хоногийн дараа агуулахаас барьжээ. Ингэхийн тулд зөгийн бал, алим зэргээр анхаарлыг татсан байна.
Баавгай нь уулархаг нуруу, бут сөөг ихтэй газарт амьдардаг ч сүүлийн үед уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн хоол тэжээл ховордсон тул хот суурин газарт орж ирэх нь элбэгшсэн гэж шинжээчид үзэж байгаа юм. Тус улсад 2024 оны гуравдугаар сар хүртэлх сүүлийн нэг жилийн хугацаанд 219 хүн баавгайн дайралтад өртжээ. Тэдний зургаа нь нас барсан харамсалтай мэдээ байна.