Өмнөд Солонгосын хууль тогтоох байгууллага болох Үндэсний Ассемблейд суудалтай сөрөг хүчний хууль тогтоогчдын зүгээс мягмар гарагаас лхагва гаригт шилжих шөнө 6 цагийн хугацаанд дайны онц байдал зарлаад, түүнийгээ цуцласан төрийн тэргүүн Юн Сок Ёлыг дээрх шийдвэртэй нь холбогдуулан импичментээр огцруулах үйл явцыг эхлүүлэх саналыг дэвшүүлжээ.
Парламент дах сөрөг хүчний гишүүдийн гаргасан ерөнхийлөгчийг импичментээр огцруулах санал эхний ээлжинд парламентын хэлэлцүүлгээр орж, дараагаар нь санал хураалт явагдаж байж биеллээ олох ёстой ба эдгээр үйл явц энэ долоо хоногийн сүүлээр явагдах магадлалтай байна.
Харин төрийн тэргүүнийг импичментээр огцруулах үйл явцыг эхлүүлэх санал дэмжигдэн батлагдсаны дараа түүнд итгэл үзүүлэх эсэх тал дээр дахин Үндэсний Ассемблейд санал хурааж, 300 суудалтай парламентын гуравны хоёр нь буюу наад зах нь 200 гишүүн дэмжсэн тохиолдолд Юн Сок Ёлыг төрийн тэргүүний албанаас огцруулах боломжтой болох юм.
Ерөнхийлөгчийг импичментээр огцруулах үйл явцыг эхлүүлэх тухай саналыг өргөн барьснаас 72 цагийн дотор дээрх санал хураалтыг явуулах хуулийн зохицуулалттай бөгөөд одоо эхний ээлжинд парламентын спикер Ү Вон Шик уг саналыг цааш нь явуулж, үргэлжлүүлэх эсэх талаарх парламентын хэлэлцүүлэг-мэтгэлцээнийг ойрын хоёр өдрийн дотор явуулах үүргийг хүлээгээд байна.