Украины Батлан хамгаалахын сайд Рустем Умеров АНУ-ын Батлан хамгаалахын төрийн нарийн бичгийн дарга Ллоид Остин нар даваа гаригт утсаар холбогдон 2025 оны төлөвлөгөөний талаар ярилцсан байна. Ярилцсан үндсэн асуудал нь ирэх жил АНУ-аас Украинд нийлүүлэх зэвсэг, техникийн стратеги төлөвлөгөө байсныг Р.Умеров онцолжээ. Өөрөөр хэлбэл ирэх оны 1 сарын 20-ны өдөр Д.Трампыг ерөнхийлөгчийн тангараг өргөж, албандаа орохоос өмнө Украинд үзүүлэх АНУ-ын тусламжийн талаар ярилцсан байна.
Харин Украины дайны галын шугаман дах сүүлийн үеийн үйл явдлын талаар тус улсын Батлан хамгаалах яамны тагнуулын агентлагийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлэхдээ Оросын тал Умард Солонгост үйлдвэрлэсэн ойрын зайн KN23 загварын 60 орчим пуужинг ашиглаад байгаа гэжээ. Тэрээр даваа гаригт Radio Free Europe сувагт өгсөн ярилцлагадаа мөн Орост дайчлагдан ирээд байгаа гэх Умард Солонгосын 11 мянган цэргийн 2 мянга нь Украины эсрэг Оросын байлдааны ажиллагаануудад идэвхтэй оролцоод эхэлсэн гэдгийг мэдээлсэн байна. Түүний хэлснээр Умард Солонгосын 2 мянга орчим цэрэг галын шугаманд биш ч дайн тулааны үйл ажиллагаанд аль хэдийн оролцож байгаа гэжээ.