Дундговь аймгийн хэрэглэгчдийг дулаан, халуун усаар хангадаг “Дундговь-Ус” ОНӨААТҮГ-ын халаалтын зуухнууд доголджээ. Баянговийн халаалтын зуухны хоёр тогоо хагарсан, нэг тогооны сэнс тогны хэлбэлзлээс болж шатсан байна. Эдгээр тогоог засварын бригад засаж байгаа бөгөөд 12-р сарын 5-ны 09:00 цагт хэвийн горимд шилжүүлсэн байхаар ажиллаж байна.
Хоёрдугаар сургуулийн халаалтын зуух хоёр тогоотой. Үүний нэг нь бас хэвийн ажиллахгүй байгаа тул өнөөдөр засаж ажиллагаанд оруулан, сургуулийн халаалтыг маргааш орой гэхэд хэвийн өгөхөөр ажиллаж байна. Шинээр суурилуулж байгаа нэг тогоог ирэх долоо хоногт угсарч дуусган, ашиглалтад оруулна.
“Мандал” хорооллын зуух хэвийн ажиллаж байгаа ч Ноос угаах үйлдвэрийн нөлөөгөөр хэрэглэгчдэд очих дулааны хэм буурч байгаа аж. Учир нь тус зуухнаас уг үйлдвэр өдөрт 40 тонн цэвэр халуун ус авч ашиглаж байна.
Конторын зуухны нэг тогоо хагарсан тул үлдсэн хоёр тогоогоор төрийн байгууллагуудыг халааж байна.