horoscope
horoscope
horoscope
userГ. Мөнх-Эрдэнэ

Ерөнхий сайд М.Барнье-гийн тэргүүлсэн Францын засгийн газар нуран уналаа

post-img

Ерөнхий сайд Мишель Барнье-д итгэл үзүүлэх эсэх асуудлаарх парламентын санал хураалтын үр дүн түүний эсрэг гарснаар Францын засгийн газар нуран уналаа. Энэ нь 1962 оноос хойш итгэл үзүүлэх эсэх санал хураалтын үр дүнд Францын засгийн газар огцорсон анхны тохиолдол болж байна.

Мишель Барнье-г засгийн газрын тэргүүний онцгой эрх мэдлээ ашиглан 2025 оны нийгмийн халамжийн төсвийн тухай хуулийг парламентын хэлэлцүүлэг болон санал хураалтгүйгээр шууд батлуулахаар зүтгүүлсний дараагаар парламентад суудалтай улс төрийн зүүний болон хэт барууны үзэлт намуудын зүгээс түүнд итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулах саналыг албан ёсоор гарган тавьсан юм.

Тэгвэл лхагва гаригт Францын парламентад явагдсан санал хураалтаар 331 гишүүн түүний эсрэг санал өгсөн нь ерөнхий сайдыг огцруулахад шаардлагатай 288 саналаас хамаагүй давсан тоо байлаа. Ийнхүү парламентын гишүүдийн олонх нь Францын ерөнхий сайд Мишель Барнье-г итгэл үл үзүүлж байгаагаа илэрхийлэн, түүний засгийн газрыг огцруулж, Мишель Барнье ерөнхийлөгч Э.Макронд огцорч байгаагаа мэдэгдэхээр боллоо.

Э.Макрон түүнийг ердөө 3-хан сарын өмнө ерөнхий сайдын албанд томилж байсан юм. Францын төрийн тэргүүн өнгөрсөн зун ээлжит бус парламентын сонгууль явуулахаар зарлаж, сонгуулийн үр дүнд аль нэг нам эвсэл олонх болж чадаагүй тул цөөнхийн тэргүүлсэн засгийн газар байгуулагдаж, Мишель Барнье ерөнхий сайдаар томилогдсон ч богино хугацаанд ажиллаад буухаар боллоо.

Одоо М.Барнье огцрох өргөдлөө ерөнхийлөгчид өргөн барьж, ерөнхийлөгч дараагийн ерөнхий сайдыг томилох хүртэл тэрээр ерөнхий сайдын үүргийг түр гүйцэтгэгчээр ажиллах юм. Мөн түүний засгийн газар нуран унах гол шалтгаан болсон ирэх оны нийгмийн халамжийн төсвийн хуулийн төсөл он дуусах гэж байхад ийнхүү тодорхойгүй байдалд орж байна. М.Барнье өөрт нь итгэл үзүүлэх эсэх талаарх санал хураалт явагдахаас өмнө хэлсэн үгэндээ түүнийг огцруулснаар улс орны санхүүгийн тулгамдсан асуудлуудыг шийдэхгүй гэдгийг тодотгосон юм.

Саудын Араб улсад төрийн айлчлал хийгээд нутагтаа ирсэн Францын ерөнхийлөгч Э.Макрон улс эх оронд нь болоод өнгөрсөн энэхүү үйл явдалтай холбогдуулан ард түмэндээ хандаж пүрэв гаригийн үдэш телевизээр үг хэлэхээр болсон байна. Энэ долоо хоногт Парисын дарь эхийн сүмийг албан ёсоор нээх ба нээлтийн арга хэмжээнд Д.Трамп ирж оролцохоор болоод байгаа үед Франц улс засгийн газаргүй сууж байж болохгүй учраас Э.Макроныг ойрын хугацаанд шинэ ерөнхий сайдыг томилох болов уу гэж ажиглагчид харж байна.

Ерөнхий сайдаар томилогдох магадлалтай хүмүүсээр одоогийн Батлан хамгаалахын сайд Себастьен Лекорну болон MoDem намын дарга Франсуа Бейру нар яригдаж байна. Түүнчлэн өнгөрсөн зун сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулсан тул хуулийнхаа хүрээнд ирэх 2025 оны 7 сар хүртэл парламентын сонгууль явагдах боломжгүй учраас аль нэг нам эвсэл олонх болж чадаагүй энэ парламентын үйл ажиллагаа тэр хүртэл үргэлжлэхээс өөр аргагүй байдалд ороод байгаа юм.

0/1000