horoscope
horoscope
horoscope
userГ. Мөнх-Эрдэнэ

Америкийн томоохон эрүүл мэндийн даатгалын компанийн захирлын амь насанд халджээ

post-img

UnitedHealthcare хэмээх Америкийн хамгийн том хувийн хэвшлийн эрүүл мэндийн даатгалын компанийн тэргүүний амь насанд халдсан хэрэг гарсан байна.

Уг хүн амины хэрэг орон нутгийн цагаар лхагва гаригийн өглөө АНУ-ын Нью-Йорк хотын Манхэттэн дүүргийн Хилтон зочид буудлын гадаа гарсан бөгөөд үл таних эрэгтэй UnitedHealthcare компанийн захирал Брайн Томпсоныг ар нуруу болон хөлөн тус газар нь буудан хороожээ. 

Цагдаагийн газраас хэргийн сэжигтэнг эрж хайх, мөрдөх ажиллагааг явуулж эхлээд байгаа ба сэжигтэнтэй холбоотой бүхий л мэдээллийг хүлээн авч байгаа юм. Цагдаагийн байгууллагаас энэхүү хүн амины хэргийг зориуд амь насанд нь халдах зорилгоор үйлдсэн халдлага гэж үзээд байна.

Сэжигтний дүрс хэрэг гарахаас хэдхэн минутын өмнө ойролцоох Starbucks-ын салбарын хяналтын камерт бичигдэж үлджээ. Тэрээр хар юүдэнтэй хүрэм өмсөж, хар өнгийн амны хаалт зүүж, саарал өнгийн үүргэвч үүрсэн байсан бөгөөд хэргийн газраас зугтаасан түүний дүрс мөн хамгийн сүүлд Нью-Йорк хотын төв цэцэрлэгт хүрээлэнд цахилгаан дугуйтай явж байгаа нь бичигдсэн талаар Нью-Йорк хотын цагдаагийн газраас мэдээлжээ.

UnitedHealthcare компанийн захирал агсан Брайн Томпсон АНУ-ын Миннесота мужид амьдардаг байсан ба Нью-Йорк хотод хөрөнгө оруулагчдын бага хуралд оролцож, үг хэлэхээр ирээд байхдаа ийнхүү алуулсан байна. UnitedHealthcare компани нь АНУ-ын хамгийн том хувийн хэвшлийн эрүүл мэндийн даатгалын компанид тооцогддог юм. Брайн Томпсон агсны эхнэр Паулетт Томпсон MSNBC сувагт өгсөн ярилцлагадаа нөхрийнх нь амь насанд заналхийлсэн сүрдүүлгүүд ирж байсныг хэлсэн ч ямар утгатай байсан талаарх нарийн ширийнийг нь мэдэхгүй гэжээ.

0/1000