Баяр бүрээр эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн өмсөх хувцас хэрэглэл өөр өөр. Эрэгтэй хүмүүс эмэгтэй хүнээс хэд дахин бага төсөв зарцуулдаг. Жишээ нь: Шинэ жилийн баяраар үс засуулахад л мөнгө үрдэг гэж хэлж болно. Жил болгон шинэ костюм аваад байдаггүйг бүгд мэдэх биз. Харин манай эмэгтэйчүүд “Өмссөн даашинзаа дахиж өмсөхгүй ээ” гээд шинийг олох эрэлд гарна.
Эрэгтэй хүний үс засах үнэ хамгийн дээд талдаа 30-50 мянган төгрөг байгаа бол эмэгтэй хүний гоёлын үс засалт 70-100 мянга байна. Хаанаас авахаас шалтгаалаад, даашинз янз бүрийн үнэтэй. Энгийн онлайн шопуудад 100-250 мянган төгрөгийн хооронд байгаа бол томоохон дэлгүүрүүдэд хамгийн доод талдаа 300 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм.
Эмэгтэй хүмүүсийн хамгийн чухал зүйл бол нүүр будалт байдаг. Энэ жилийн тренд будалт нь ихэмсэг, эмэгтэйлэг төрхийг тодотгосон зөөлөн будалт юм. Үнийн хувьд 150-200 мянгын хооронд. Харин өсгийтэй гутал 70-150 мянган төгрөгийн үнэтэй байна. Дээр нь хөмсөг хими, сормуус, хөл гарын хумс будуулахад 200 мянга болно.
Ингээд тооцож үзэхэд, нэг эмэгтэй хүний зөвхөн өмсөх хувцас, нүүр будалт нийлээд хамгийн багадаа 500 мянга болж байна. Үүн дээр нөхрийн баярын төсөв, хүүхдүүдийн Шинэ жилийн хувцас, бэлэг, нийллэгийн мөнгө, 12-р сарын 31-ний орой ширээ засах төсөв нэмэгдэнэ. Ах дүүсийн, найзуудын, хөршийн хүүхдүүдэд бэлэг бэлдэнэ. Сүлд модон дээр нь мөнгө тавина. Баяртаа таксигаар очоод, таксигаар харина. Тэгэхээр хамгийн багадаа, хэмнээд хэмнээд нэг айл Шинэ жилийн баяраар 1,2 сая төгрөг зарцуулж байгаа юм. Зарим айл үүнээс багыг эсвэл ихийг ч зарцуулж байж мэднэ.
Байгууллагын, салбарын, нутгийн зөвлөлийн гээд олон Шинэ жилийн баярт оролцвол зардал талийж өгнө.
Хамгийн гол нь өөрийгөө Шинэ жилийн баяраар ямар хэмжээний мөнгө үрдэг вэ гэдгээ тооцож үзээрэй. Цагаан сарын баярт зарцуулдгаас дутахгүй их мөнгийг бид Шинэ жилийн баяраар үрдэг юм биш үү?