126 гишүүнтэй анхны парламент олон анхны зүйлийг туулж буй. Үүний нэг болж, улсын ирэх оны төсвийг түүхэнд анх удаа хоёр удаа эхнээс нь хэлэлцэж, сая нэг юм батлав. Уг нь арванхоёрдугаар сарын 10-ны дотор батлахаар төлөвлөсөн ч хоёр өдрөөр сунасан нь энэ. Засгийн газраас ирэх оны төсвийн орлого, зарлагыг 33.5 их наяд төгрөг байхаар тусган оруулж ирсэн. Үүнийг Төсвийн байнгын хорооноос байгуулсан ажлын хэсэг хянаж, зарим үрэлгэн зардлыг дахин танаснаар УИХ батлав. Гэхдээ орлого, зарлагын харьцаа алдагдах ёсгүй, дотор нь зохицуулалт хийсэн гэж ойлгоход болно.
Хэдийгээр 2.3 их наяд төгрөгийн зардлыг Засгийн газар танаж оруулж ирсэн ч үүн дотор нь төрийн данхар бүтцээс эхлээд усыг нь шахах шаардлагатай саналууд байсан гэж үзжээ. Төсвийн анхны хувилбарыг хэлэлцэх үед соёлын үнэгүй үйлчилгээ үзүүлэх 18.3, гадаад томилолт, зочны зардалд 111 гэх мэтээр олон үргүй зардал тусгасныг “илрүүлж” хассан. Тэгвэл хоёр дахь төсөл дээр ч иймэрхүү сул зардал байжээ.
Тухайлбал, Эрчим хүчний реформын үндэсний хороо хэмээх байгууллага мэдээлэл, сурталчилгааны зардалд найман тэрбум төгрөг зарцуулах санал оруулсныг олон нийт мэдэж, хэсэг шуугилаа. Ажлын хэсэгт нь багтсан гишүүд үүнийг мэдээгүй гэдгээ тайлбарласан бол Шадар сайд Т.Доржханд “Анх Сангийн яаманд санал өгөхдөө олон нийттэй харилцах зардалд 10 тэрбум төгрөг байхаар бичсэн нь үнэн. Үүнийг тэд танаад найман тэрбум төгрөг болгосон. Гэхдээ өнгөрсөн хоёр сарын хугацаанд бид задаргаагаа өөрчилж, хэвлэл сурталчилгаанд 500 сая төгрөг л зарцуулахаар болгосон. Буруу мэдээлэл тарсан байна. Бусад нь үйл ажиллагааны зардал” гэсэн бөөрөнхий тайлбар хийсэн юм. Юутай ч ийм их мөнгийг сурталчилгаанд цацах гэж байсан нь “баригдсан” тул дээрх ажлын хэсгийнхэн уг төсвийг хасах санал оруулж, УИХ ч дэмжлээ.
Тухайлбал, ЦЕГ-ын ирэх жил нэмэх 277 орон тоог хасаж 7.7, ШШГЕГ-т ирэх онд авах байсан 224 орон тоог хасаж, зардлыг 5.9 тэрбум төгрөгөөр хэмнэхээр тусгасан байна. Мөн дотоодын цэргийн байгууллагын 245 орон тоог хасаж, 5.8 тэрбум төгрөг хэмнэнэ гэсэн. ХЗДХ-ийн сайд “Цагдаагийн байгууллагад гэхэд 6000 ажилтны орон тоо хэрэгтэй байна. Гэхдээ ирэх онд 2000 хүнийг нэмэх санал оруулсан. Ажлын хэсгийнхэн үүний 50 хувийг хассан байна. Дахин 5000 ажилтан шаардлагатай хэвээр үлдсэн гэдгийг сануулъя” хэмээн өчигдрийн чуулган дээр хэлнэ лээ. Төрийн албан хаагчдын орон тоог ирэх онд нийт 3600-гаар нэмэхээр Засгийн газрын оруулж ирсэн төсөлд тусгасныг 1200 болгон бууруулжээ. Эдгээр нь хууль, цагдаагийн байгууллага зэрэг шаардлагатай салбарт ногдож буй юм. Өөрөөр хэлбэл, эдгээр салбарт нэмэх хүсэлтэй орон тооны 50 хувийг үлдээсэн нь энэ.
Энэ мэтээр урсгал зардлаас хассан ч сургуулийн дотуур болон хичээлийн байрны хүрэлцээ, цэцэрлэгийн хоолны зардал зэргээр Боловсролын сайдын багцад 41.4, Хавдар судлалын үндэсний төвийн барилгыг өргөтгөхөд долоо, ачааллыг тэнцүүлэхийн тулд объект түрээслэхэд 17 тэрбум төгрөг зарцуулах зэргээр Эрүүл мэндийн сайдын төсвийг ч нэмсэн байна.
Төсвөөс үргүй зардлыг танаж, аль болох үр ашигтай болгох ёстой хэмээн Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байсан атал зарим гишүүн хэлэлцүүлгийн явцад нутаг нуга, тойрогтоо мөнгө хуваарилуулах “аминч” санал гаргаж байжээ. Нөгөө талаар танах гэж байгаад том хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаа удаашруулах эрсдэл бийг ч зарим нь сануулж байлаа. Гишүүн Л.Мөнхбаатар “Хоёр дахин хэлэлцэж байж төсөв баталсан түүхэн хүмүүс боллоо. Улс төрийг учраа мэдэж хийхгүй бол эдийн засгаа хумьж, төрийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг. Улс орны бодлого улстөрчдийн лайк, шэйрийн өмнө өвдөг сөгдөөд байж болохгүй. Төсөв бол хөгжлийн бодлого, түлхүүр гэдгийг анхаарай” гэсэн юм.
УИХ-ын даргын хэлснээр нэлээд сорилт болсон, нэр нүүрээ баран хэлэлцсэн төсвийг ийнхүү арай гэж гараас гаргав.